
Цаг үеийн болоод улс төрчийн үйл ажиллагаа, үзэл баримтлалыг таниулах зорилготой "Шийдвэр гаргагч" булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн О.Номинчимэг уригдлаа.
Улс төрийн арга зам, шийдвэр нь Үндсэн хуулийн хүрээнд, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчихгүй байх ёстой гэсэн зарчмын зааг надад бий.
- Та мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс төрийн удирдах албан тушаал, улмаар улс төрийн сонгуульт албан тушаалд шилжсэн. Улс төрд орох шийдвэрийг юу нөлөөлж гаргасан бэ?
- Би гадаад, дотоодод суралцсан. МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж төгсөөд олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан. Олон улсын гэрээ, хэлэлцээр, хөрөнгө оруулалт, олон улсын арбитрын чиглэлээр ажиллаж, Францад олон улсын хуулийн фирмд мөн ажилласан. Нью-Йоркийн хуульчийн шалгалт өгч, дараа нь Монголдоо хуулийн фирмд ажилласан. Өөрөөр хэлбэл, би хууль хэрэглэж, хөрөнгө оруулагчид болон бусад үйлчлүүлэгчиддээ хууль зүйн зөвлөгөө өгдөг хүн байсан.
Хуулийн заалтыг тайлбарлахад манайд их төвөгтэй. Хуулийн цоорхой ихтэй, зарим заалт нь тодорхой бус байдаг учраас хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдаас их зүйл шалтгаалдаг. Бид зөвлөгөө өгөхдөө тухайн асуудлыг төрийн аль байгууллага, тухайлбал Ашигт малтмалын газар эсвэл Байгаль орчны байгууллага хэрхэн шийдэхээс хамаарна гэж хэлэхэд хүрдэг байсан. Хууль тодорхойгүй байх нь эдийн засаг, хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл болдог.
Тэр эрсдэл эдийн засгийн тооцоо, хүү болон бусад зардалд хүртэл шингэж гарч ирдэг. Хуулийн фирмд ажиллаж байхдаа цаашдаа нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллах хэрэгтэй юм байна гэж боддог байсан. Монгол Улсын иргэний хувьд нийгэмд болж байгаа үйл явцыг зөвхөн хувийн болон бизнесийн эрх ашгийн өнцгөөс хараад өнгөрөх нь учир дутагдалтай санагдсан.
Би социализмын үеийн хүүхэд. 1990 онд нэгдүгээр ангид орж байсан. Тухайн үед нийгэм харьцангуй тэгш байсан бол цаашдаа ихээхэн тэгш бус болж байгааг өөрөө ажигласан. Тиймээс МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж, судалгааны ажил хийж эхэлсэн.
2021 онд УИХ-ын Тамгын газраас сайн хуульч хайж байна гэсэн санал ирсэн. Би хууль тогтоомжийг байнга шүүмжилдэг, цоорхойтой, судалгаа тооцоогүй хууль гаргаж байна гэж ярьдаг байсан. Тэгвэл хууль гаргадаг байгууллагад нь очоод яагаад ийм хууль гараад байгааг судалж, засахад нь оролцох боломж гэж харсан юм. Ингээд 2021 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон.
Тэнд ажиллаж байхдаа хууль хэрхэн боловсруулагдаж, батлагддагийг дотроос нь харсан. Зарим хуулийг боловсруулах үйл явцыг хараад “хиам хэрхэн хийдгийг мэдвэл хиам идэж чаддаггүй” гэдэг үг санаанд ордог байлаа. Төрийн албан хаагчийн хувьд бид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөс биш улс төрийн шийдвэрт шууд нөлөөлөх боломж хязгаарлагдмал.
Монголд төрийн албанаас илүү улс төрийн эрх мэдэл бодлого, шийдвэрт хүчтэй нөлөөлдөг. Миний суралцаж байсан Японд төрийн албан хаагчид урт хугацааны бодлогын тогтвортой байдлыг хадгалж, улс төрчид солигдсон ч үндсэн бодлогоо үргэлжлүүлдэг. Харин манайд төрийн албан хаагчдын дуу хоолой улс төрийн нөлөөллөөс шалтгаалан суларч, улс төрөөс хараат болох хандлагатай болсон.
Тиймээс улс төрийн шийдвэр гаргах түвшинд орж байж энэ байдлыг өөрчлөхгүй бол төрийн албанд ажиллаад хууль засах төдийд томоохон хувь нэмэр оруулж чадахгүй юм байна гэж бодсон. Ингээд намын ажил хийж эхэлж, улс төрд орсон. 2024 онд хууль тогтоох байгууллагад орж ирж ажиллаж байна.
- Намын улс төрийн байр суурь болон хуульч хүний мэргэжлийн зарчим хоорондоо зөрчилдөх нөхцөл гарч байна уу?
- Хуульч хүн рационал, логик сэтгэлгээнд суралцдаг. Аливаа асуудлыг шалтгаан, үр дагавартай нь хардаг. Миний бодлоор хууль дангаараа бие даасан, хоосон шинжлэх ухаан биш. Нийгэм, эдийн засаг болон бусад шинжлэх ухааны мэдлэгтэй холбогдож байж агуулгатай болдог. Хуулийг хоосон савтай зүйрлэж болно. Тэр саванд нийгэм судлал, эдийн засаг, физик, технологи зэрэг бусад салбарын агуулга орж байж дүүрэн болно.
Хуульч хүний хувьд зөв зорилгод хүрэхийн тулд зөв процессоор явах ёстой гэж үздэг. Би Америкт Нью-Йоркийн хуульч болсон. Америкийн Үндсэн хуулийг боловсруулсан хүмүүс болон түүнийг тайлбарладаг Дээд шүүхийн хувьд процессын шударга ёс хамгийн чухал зарчмуудын нэг байдаг. Зорилго нь зөв байсан ч үйл явц, процесс нь буруу бол хүний эрхийг зөрчсөнд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, зорилго нь аргаа зөвтгөхгүй. Зорилгодоо хүрэх үйл явц өөрөө шударга, зөв байх ёстой. Харин улс төрд заримдаа зорилгоо тодорхойлоод, түүндээ ямар ч аргаар хамаагүй хүрэх хандлага ажиглагддаг. Миний олон жил сурч, ажиллахдаа баримталж ирсэн зарчим бол зорилгодоо зөв процессоор хүрэх явдал. Улс төрд орсон ч энэ байр сууриа хадгална. Улс төрийн арга зам, шийдвэр нь Үндсэн хуулийн хүрээнд, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчихгүй байх ёстой гэсэн зарчмын зааг надад бий.
Энэ талаар бодит жишээ олон гардаг. Манай улсад хууль олон боловч хоорондоо зөрчилдсөн, нэг нэгнээ хааж боосон заалт их. Би Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж, хууль хэрэгжүүлж үзсэн. Өмнө нь хууль тайлбарлаж, зөвлөгөө өгдөг байсан бол дараа нь хэрэгжүүлэгч, одоо хууль тогтоогч болсон. Хэрэгжүүлэх шатанд очихоор уялдаа холбоогүй хууль нь ажил хийхгүй байх шалтаг болдог. “Хуулиар болохгүй” гэж хэлээд эс үйлдэхүйгээ зөвтгөх тохиолдол ч бий.
Гэхдээ тухайн асуудлаар хэний эрх ашиг хөндөгдөж байна вэ гэдгийг харж, дүгнэлт хийж, шаардлагатай бол үйлдэл хийх ёстой гэж боддог. Жишээлбэл, манай байнгын хороонд орон сууцны залиланд өртсөн иргэдээс олон өргөдөл ирдэг. Зөвшөөрөлгүй эхэлсэн, олон жил гацсан барилгуудын асуудлыг яах вэ гэдэг хүндрэл бий. Нийслэлийн зүгээс зөвшөөрөлгүй барилгад техникийн нөхцөл өгөх боломжгүй гэж тайлбарладаг. Гэтэл олон жилийн турш хяналтгүй явсны үр дүнд иргэд хохирчихсон.
Төрийн албан хаагч “анхнаасаа зөвшөөрөлгүй явсан учраас зөвшөөрөл өгөхгүй” гэж хэлж болно. Харин иргэн мөнгөө төлчихсөн, байрандаа орохыг хүсэж байна. Барилгын салбарт олон жил хяналтгүй явж ирчихээд, иргэд хохирсны дараа “зөвшөөрөл аваагүй учраас техникийн нөхцөл өгөхгүй” гээд суух нь бодит байдлаас тасархай шийдэл. Ийм нөхцөлд иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд өөрчлөх ёстой зүйлийг нь өөрчлөх хэрэгтэй.
Монголд хууль маш олонтой ч хоорондын уялдаа холбоо муу байдаг. Энэ бол шат шатанд яригддаг, шийдэхэд хүндрэлтэй асуудал.

- Та өөрийгөө МАН-ын улс төрч, хууль боловсруулагч, эсвэл иргэн хүний аль талаас нь тодорхойлох вэ?
- Би МАН-ын жагсаалтаар сонгогдож орж ирсэн. Мэргэжлийн салбараасаа, улс төрийн тодорхой зорилго, мөрийн хөтөлбөрийн хүрээнд жагсаалтаар нэр дэвшсэн хүн. Миний улс төрийн амьдрал харьцангуй богино. Тиймээс одоохондоо өөрийгөө мэргэжлийн хуульч гэдэг өнцгөөс илүү тодорхойлж байна. Улс төрч болохыг мэдээж зорьж байгаа. Улс төр өөрөө бас мэргэжил.
Би хуульчийн мэргэжлээр олон жил суралцаж, ажиллаж байж дадлага туршлага хуримтлуулсан. Үүнтэй адил улс төрд ч суралцах ёстой. Өөрийгөө улс төрч болчихлоо гэж хэлэхийн тулд дор хаяж нэг их сургуулийн дөрвөн жилийн курст суралцсан юм шиг хугацаа, туршлага хэрэгтэй байх. Одоогоор улс төрийн практик дээр суралцаж яваа оюутан гэж өөрийгөө хардаг. Хуульчийн мэргэжлээр олон жил ажилласан учраас хуульчийн чанар маань одоогоор давамгай.
Гэхдээ би УИХ-ын гишүүн, төрийн ажил хийж байгаа хүн байхаасаа өмнө Монгол Улсын иргэн. Иргэн байхдаа мэдэрч байсан бухимдал, асуудлыг шийдэхэд оролцохын тулд улс төрд орж ирсэн. Тиймээс Төрийн ордноосоо, ажлын байрнаасаа гараад өдөр тутмын амьдралдаа иргэн хүний нүдээр харахыг хичээдэг. Би ард түмний элч. Иргэдтэйгээ уулзаж, санаа бодлыг нь сонсож, түүнийг ажил хэрэг болгохын төлөө ажилладаг. Мөн иргэний нүдээр харж, шүүмжилж, оролцохыг хичээдэг.
- УИХ-ын гишүүний ажлыг хууль санаачилсан тоо, чуулганы ирц, санал хураалтад оролцсон байдал, иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн үр дүнгийн алинаар нь хэмжих ёстой гэж та үздэг вэ? Та өөрийнхөө УИХ-ын гишүүнээр ажилласан хугацааны ажлыг хэрхэн үнэлж байна вэ?
Тооноос чанар руу шилжмээр байна. Тоон статистик гаргахад амархан. Тоо хэмжигддэг учраас хүмүүст ойлгомжтой, хүрэхэд ойр байдаг. Харин бодлого, шийдвэрийн үр дүн удаан хугацааны дараа гардаг. Ихэнхдээ нэг, хоёр жилийн дотор биш, дунд хугацаанд үр дагавар нь мэдрэгддэг.
Улс төрч өөрийн ажлыг богино хугацаанд сайн, муу гэж дүгнүүлэх хамгийн амархан арга нь тоон үзүүлэлт байдаг байх. Хоцролтгүй ирлээ, чуулгандаа тэдэн удаа суулаа, хэдэн хууль өргөн барилаа гэх мэтээр ярьдаг. Гэхдээ бидний ажлыг бодитоор хэмжих үзүүлэлт бол иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд ямар шийдвэр гаргаж, ямар үр нөлөө бий болгосон бэ гэдэг асуудал.
Энэ үр дүнг нэг жилийн дотор хэмжихэд хэцүү. Жишээлбэл, арван жилийн өмнө гаргасан шийдвэрийн үр дагавар өнөөдөр мэдрэгдэж болно. Тэглээ гээд арван жилийн өмнөх парламентын шийдвэрт одоо хариуцлага тооцох боломж хязгаарлагдмал. Тиймээс бодлого, шийдвэрийн чанарт илүү анхаарах хэрэгтэй гэж боддог.
УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг гурван зүйл. Нэгдүгээрт, хууль тогтоох бодлогод оролцох. Хоёрдугаарт, иргэдээ төлөөлж, тэдний дуу хоолойг парламентэд хүргэн, асуудлыг нь шийдвэрлүүлэх. Гуравдугаарт, баталсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүн гарч байгаа эсэхийг шалгах. Гишүүдийн ажлыг энэ чиг үүргээ хэр сайн биелүүлж байгаагаар нь хэмжих ёстой гэж боддог.
- Таны хувьд өөрийнхөө ажлыг дүгнэхэд аль чиглэлд илүү сайн ажиллаж чадсан гэж бодож байна вэ?
- Би хуульч мэргэжилтэй учраас хууль тогтоох ажилд түлхүү оролцсон. Хуульч гишүүдэд тодорхой хуулиудыг хуваарилж өгдөг. Бичиг цаасны ажил ч шинэ гишүүдэд их ногддог. 2024 оноос хойш олон ажлын хэсэг ахалж байна. Тухайлбал, Иргэний хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шүүхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах зэрэг бодлогын шинжтэй ажлууд дээр ажилласан. Эдгээр нь өнөө маргаашдаа шууд анхаарал татаж, үр дүн нь харагдахгүй ч бодлогын ач холбогдолтой ажлууд.
Миний барьж авч ажилласан хуулиудаас Хууль тогтоомжийн тухай хуулийг батлуулсан. Мөн Тамхины хяналтын тухай хуулийг нэлээд хугацаанд ажиллаж байж батлууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 30 жил шинэчлэгдээгүй. Энэ хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд удахгүй чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Эхний нэг, хоёр жилд хуульчийн хувьд эзэмшсэн мэдлэг, туршлага, чадвартаа тулгуурлан илүү ажилласан гэж боддог.
Өргөдлийн байнгын хорооны даргаар жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Энэ хорооны гол зорилго бол иргэдийн дуу хоолой, өргөдлийг бодлогын төвд авчрах явдал. Байнгын хорооныхоо хүрээнд орон сууцны асуудал, залилан, хүүхдийн хоол тэжээл, оршуулгын харилцаа зэрэг олон асуудлаар ажиллаж байна. Иргэдээс ирж байгаа олон мянган өргөдөл, түүний дотор 100 мянга гаруй хүнийг хамарсан асуудлууд нь нийгэмд ямар дохио өгч байгааг анхаарах ёстой. Тийм асуудлыг УИХ-ын гишүүдийн анхааралд оруулж, ажил хэрэг болгохыг зорьдог.
Уул уурхайгаас бий болсон баялгийн тэгш бус хуваарилалт улс төрийг гажуудуулсан
- Өргөдлийн байнгын хороонд орон сууцны гомдлоос гадна хамгийн их ирдэг асуудал юу вэ?
- Төсөв хэлэлцэх үеэр тэтгэвэр, цалин нэмэх асуудал яригддаг. Бид дүн шинжилгээ хийж үзэхэд Өргөдлийн байнгын хороонд ирсэн найман өргөдөл тутмын нэг нь тэтгэвэртэй холбоотой байсан.
Зарим нь тэтгэвэр бага байна гэдэг. Зарим нь тэтгэврийн итгэлцүүр шударга бус байна гэж гомдоллодог. Социализмын үед ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал ч бий. Мөн ахмадууд тэтгэврийн зээл авахыг хүсдэг ч банк, ялангуяа Монголбанк хатуу шаардлага тавьж байна гэж ярьдаг. Энэ нь зөвхөн ахмадуудын асуудал биш, нийт иргэдийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Инфляц өсөхөөр хүмүүсийн гар дээр үлдэх мөнгөний худалдан авах чадвар буурч, орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй болж байна. Үүнтэй холбоотой өргөдөл их ирдэг.
Хоёр дахь том бүлэг нь шударга ёс алдагдсан тухай гомдол. Төрийн албан хаагч, албан тушаалтны хууль бус үйлдэл, цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажиллагаанд гомдолтой иргэд олон. Энэ чиглэлийн бодлогын асуудлыг арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэхээр бэлтгэж байна.
Гурав дахь бүлэг нь орон сууц болон иргэдийн амьдарч байгаа орчинтой холбоотой асуудал. Хот байгуулалт, орчны чанар, шинэ байранд орсон чинь зэвтэй ус гарч байна гэх мэт гомдол ирдэг. Ерөнхийдөө тэтгэвэр, шударга ёс, амьдрах орчны чанартай холбоотой эдгээр гурван бүлгийн асуудал хамгийн их хөндөгддөг.
- Хууль, шүүхийн байгууллагад хүний эрх зөрчигдөх, мэдүүлэг өгөхөөр очсон хүнийг баривчлах зэрэг асуудал гарч байна. Сэтгүүлчидтэй холбоотой жишээ ч саяхан гарлаа. Монгол Улсад хүний эрхийн ийм зөрчил хэр их байна вэ? Энэ чиглэлээр та ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Ийм асуудал маш их байна. 2024 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш эрүүдэн шүүх, хууль шүүхийн байгууллагын шударга бус ажиллагаатай холбоотой олон ажлын хэсэг байгуулагдаж, сонсгол явуулсан. Хүний эрхийн дэд хорооноос тогтоол гаргаж, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн. Одоо тэдгээрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Өргөдлийн байнгын хороонд ч энэ чиглэлийн олон өргөдөл ирдэг.
Зарим иргэн олон шатны шүүхээр явж шийдвэр гаргуулсан ч шийдвэр нь шударга байсан уу, хөндлөнгийн нөлөөлөл орсон уу гэдэгт эргэлздэг. Цагдаа, прокурор шударга бус хандлаа гэсэн гомдол ч бий. Сэтгүүлч, олны танил хүнтэй холбоотой хэрэг гарахаар олон нийтийн анхааралд орж, бид ч анхаарч эхэлдэг. Гэхдээ тэдний цаана олны танил биш, таних хүнгүй олон иргэний ижил асуудал бий. Үүнийг Өргөдлийн байнгын хороонд ирсэн өргөдлүүдээс харж болно.
Энэ чиглэлээр хоёр асуудлыг илүү нарийвчлан авч үзэж, удахгүй Өргөдлийн байнгын хороогоор сонсгол, мэдээлэл хийхээр ажиллаж байна. Нэгдүгээрт, “хууль шүүхийн байгууллага шударга бус байна” гэдэг ерөнхий гомдлын цаана яг аль байгууллага, аль шатанд асуудал байгааг тодорхойлох хэрэгтэй. Цагдаа юу, прокурор уу, шүүх үү, эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уу гэдгийг байгууллага бүрээр нь авч үзэхгүй бол бүхнийг нэгтгээд “хууль шүүхийн байгууллага” гэж яриад, бодит хариуцлага хүлээх байгууллага, албан тушаалтны нэр тодорхойгүй үлддэг. Зарим байгууллагын үйл ажиллагаанаас шударга ёс алдагдахад хүргэсэн бодит тохиолдлууд олон байна.
Эрүүгийн процессын хуулийн 45 дугаар зүйлд хууль бус баривчилгаа, хууль бус шийдвэр, хууль зөрчсөн ажиллагаа, эрүүдэн шүүхтэй холбоотойгоор эрх нь зөрчигдсөн иргэн хохирлоо иргэний журмаар нөхөн төлүүлэх зохицуулалт бий. Гэвч энэ заалтын хэрэгжилт огт яригддаггүй. Хэдэн хүн хууль бусаар цагдан хоригдсон бэ? Процессын шударга ёс зөрчигдөж, мэдүүлэг өгөхөөр очсон хүнийг шууд баривчилсан тохиолдол хэд байна вэ? Тэдгээр иргэн хохирлоо нөхөн төлүүлэхээр хандсан уу, хэд нь нөхөн төлбөр авсан бэ гэдэг асуудлыг хэзээ ч хангалттай ярьж байгаагүй. Хууль зүйн байнгын хороонд ч энэ талаар яригдаж байгаагүй. Тиймээс бид энэ чиглэлийн асуудалд дүн шинжилгээ хийж, олон нийтэд ил гаргахаар ажиллаж байна.
Хоёр дахь асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл. Шүүх шийдвэрээ гаргалаа гэхэд түүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үйл явцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцдаг. Гэтэл иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн түвшин 10 хувиас доош байна. Өөрөөр хэлбэл, шүүхээр олон жил явж, тав, арван жилийн дараа шийдвэрээ гаргуулсан ч иргэн тэр шийдвэрийнхээ үр шимийг хүртэж чадахгүй тохиолдол байна. Ийм нөхцөлд шударга ёс бүрэн биеллээ гэж хэлэхэд хэцүү.
Иргэдэд шударга ёс хүрэхгүй байгаа энэ асуудлыг системийн түвшинд шийдэх шаардлагатай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шинэчлэх талаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийж, хуулийн төсөлд санал өгсөн. Хууль зүйн яамнаас төслийг өргөн барихыг хоёр жил хүлээж байна. Энэ асуудлыг дахин гаргаж ирж ярья гэж байгаа.
Өргөдлийн байнгын хороонд Засгийн газрын эсрэг шүүхийн шийдвэр гарсан ч Засгийн газар хохирсон иргэдэд нөхөн төлбөрөө өгөхгүй байгаа тухай өргөдөл ирдэг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад “нөөц санд мөнгө байхгүй, төсөвт суулгаагүй” гэдэг шалтгаанаар иргэдийг хоёр, гурван жил чирэгдүүлдэг. Бид сая хохирсон 112 иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг заавал шийдвэрлүүлэхээр ажиллаж, нөхөн төлбөрт шаардлагатай төсвийг гаргуулах асуудлыг хөндсөн. Иргэд хохиролгүй болж, Монгол Улсад шүүх ажилладаг, шударга ёс тогтдог юм байна гэсэн итгэл төрөхийн тулд ийм асуудлыг сайн шийдэх хэрэгтэй.
Хэрэв би шантарвал энэ хуулийг дахин барьж аваад зүтгүүлэх хүн олдохгүй байж магадгүй. Архи, тамхины хяналтыг сайжруулах санаачилга дахин гарахгүй ч байж мэднэ.
- Та шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа юм байна. Гэхдээ зээл, зээлийн төлбөр, мөнгө гаргуулахад данс хаах зэрэг арга хэмжээ авдаг болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэл сайн ажилладаг гэж би хувьдаа боддог. Эрүүгийн хэрэг дээр очихоор байдал нь өөр байдаг юм уу?
- Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэл сайн байж болно. Тэр бол тусгай чиг үүрэгтэй, дотоод хэргийн асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагаа. Харин иргэний хэрэг дээр нөхцөл байдал өөр. Бид дүн шинжилгээ хийж үзэхэд сонирхолтой зүйл гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголд хүү тооцдоггүй. Тиймээс иргэдээс авах ёстой төлбөрийг шийдвэр гүйцэтгэлээр харьцангуй хурдан гаргуулдаг атлаа томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд гүйцэтгэл иргэдийнхээс дөрөв дахин бага байна.
Том компаниуд төлбөрөө өнөөдөр биш, хоёр, гурван жилийн дараа төлөхөд бодит алдагдал бага байдаг. Учир нь шүүхийн шийдвэрийн дагуу хугацаа хэтэрсэн төлбөрт хүү тооцохгүй. Инфляцын нөлөөгөөр мөнгөний үнэ цэнэ буурна. Тэгэхээр тухайн компани төлбөрөө аль болох хойшлуулах сонирхолтой болдог. Хөгжлийн банкны хэрэг дээр ч томоохон компаниуд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг гацааж, төлбөрөө тав, арван жил төлөхгүй явсан жишээ бий.
Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажил бүхэлдээ муу гэхээсээ илүү дотор нь шударга ёс алдагдсан асуудал байна. Яагаад иргэдийн араас шүдтэй арслан шиг явж чаддаг хэр нь томоохон компаниудын араас явж чаддаггүй вэ? Яагаад нөлөөлөл ордог вэ? Үүнийг засах ёстой.
- 2024 оноос УИХ 126 гишүүнтэй болсон. Парламентын бүрэлдэхүүн өргөжсөн нь сайн ажиллаж байна гэсэн үг үү? 126 гишүүнтэй байх нь зөв үү, буруу юу?
- Гишүүдийн тоо олширсон нь парламент сайн ажиллаж байна гэсэн үг биш. Ийм механик дүгнэлт байж болохгүй. Гэхдээ Монгол Улс 30 жил 76 гишүүнтэй парламенттай явсан. Эхэндээ ард түмнээ төлөөлөх зорилготой байсан нь мэдээж. Харин миний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хараад өөрийн дүгнэлтийг хийж байна.
1990-ээд онд бид бүгд ядуу, бараг юу ч үгүй байсан. Бид картын бараагаар өссөн. Би хүртэл өдөрт хоёр талхны нормтой очерт зогсож авдаг хүүхэд байлаа. Тэр үед материаллаг байдал талаасаа хүмүүс харьцангуй адилхан байсан. Харин 2010-аад оноос уул уурхайн томоохон баялаг, нөөц ил болж, Таван толгой, Оюу толгой зэрэг том төслүүд гарч ирсэн.
Үүнийг дагаад улс төрийн болон эдийн засгийн шийдвэрийн үр дагавар, үнэ цэн маш өндөр болсон. Улс төрийн шийдвэр гаргалтад эдийн засгийн бүлэглэл, байгалийн баялгийн нөлөө нэмэгдсэн. Уул уурхайгаас бий болсон их хэмжээний мөнгө улс төрийн шийдвэрт нөлөөлөх, улс төрд ойр хүмүүсийн бизнес хөгжих зэрэг үзэгдэл бий болсон. Үүнийг олигарх капитализм, эсвэл “кроны капитализм” буюу улс төрд ойр бүлэглэлийн давуу байдал гэж нэрлэж болно. Миний бодлоор энэ хандлага 2000-аад оны сүүлээс эхэлсэн.
Тухайн үед Оюу толгой, Таван толгойн асуудал яригдаж, иргэдэд баялгийн хишиг хүртээх тухай амлалт, мөрийн хөтөлбөрүүд гарч байсан. "Нээлттэй Нийгэм" форум тухайн үед Монгол Улс уул уурхайн баялгаа хэрхэн ашиглахаас хамаарч 2025 он хүртэл ямар хөгжлийн хувилбартай байх вэ гэдгийг харуулсан судалгаа, зураглал хийж байсныг би уншсан. Нэг эмэгтэйн амьдралыг дөрвөн өөр хувилбараар дүрсэлсэн байсан. Одоогийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс хамгийн муу хувилбараасаа хоёр дахь хувилбарын орчимд явж байна гэж надад санагддаг.
Уул уурхайгаас бий болсон баялгийн тэгш бус хуваарилалт улс төрийг гажуудуулсан. Иргэдэд биш, тодорхой эрх ашигт үйлчилдэг улс төр бий болгосон. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ, улс төрд төвлөрсөн эрх мэдэл, мөнгөний урсгалын нөлөөг хэрхэн сааруулах вэ гэдэг асуудал чухал.
УИХ-ыг 126 гишүүнтэй болгох шийдвэрийг би энэ зорилгын нэг хэсэг гэж хардаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх үед УИХ-ын Тамгын газар ажиллаж байсан. Жагсаалтын гишүүд буюу тойргийн шууд эрх ашигтай холбогдоогүй хүмүүс парламентад орж ирсэн нь давуу тал болж байгааг харж байна. 76 гишүүнтэй парламентын үед Тамхины хяналтын тухай хууль орж ирж чаддаггүй, орж ирсэн ч дарагдаад явж чадахгүй байсныг би хажуугаас нь харсан.
Тамхины хяналтын тухай хуулийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд барьж авахдаа 76-аас 126 гишүүнтэй болсноор төлөөллийн чадавх үнэхээр сайжирсан уу гэдгийг шалгах нэг үзүүлэлт болгоё гэж бодсон. 76 гишүүнтэй хоёр, гурван парламентын үед энэ хууль явж чадаагүй. Маш хүчтэй лобби байсан. Архи, тамхины лоббид автаад байвал уул уурхайн лоббиноос гарч чадна гэж байхгүй. Энэ хууль парламентын төлөөлөл, шийдвэр гаргах чадварын нэг шалгуур болно гэж үзсэн. УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь хуулийг баталсан.
Мэдээж анхны 126 гишүүнтэй парламентэд улс төрд өмнө нь ажиллаж байгаагүй, туршлага багатай хүмүүс орж ирсэн. Үйл ажиллагаа нь өмнөхөөс өөр, зарим талаар үр ашиг багатай, хэлэлцүүлэг ихтэй байж болно. Алдаа, оноо бий. Гэхдээ том зургаараа энэ өөрчлөлт зөв чиглэлд хийсэн алхам болсон гэж би хувьдаа дүгнэдэг.

- Тэгэхээр жагсаалтын гишүүд байх ёстой, цаашид ч олон байх нь зөв гэж үзэж байна уу?
- Тийм. Жагсаалтын гишүүд илүү олон байх ёстой гэж боддог. Тойргоос сонгогдсон гишүүдэд төсөв батлах үед хүндрэл гардаг. Иргэд нь тухайн тойрогтоо төсөв тавьж, бүтээн байгуулалт хийхийг шаарддаг. Тиймээс бодлогын асуудлаар хэлэлцэхдээ тойргийнхоо хүсэлтийг төсөвтэй холбон наймаалцах нөхцөл үүсдэг.
Харин жагсаалтын гишүүнд өөрийн гэсэн тойрог байхгүй. “Энд сургууль, цэцэрлэг барьж өгье”, “энэ газарт үйлдвэр барьж өгье” гэх мэт тойргийн бүтээн байгуулалттай холбоотой шууд урамшуулал, сонирхол байхгүй. Тиймээс төсвөөс шалтгаалсан бусад асуудлын наймаанд орох магадлал нь харьцангуй бага.
Үзэл санаа, зарчмаас илүү эрх ашиг нь хөндөгдөхөөр талцаж, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа дүр зураг харагддаг.
- Тамхины хяналтын тухай хууль батлагдах гэж нэлээд удсан. Арав гаруй жил яригдсан, маш их лобби байсан гэж ярьдаг. Та өөрөө ч энэ талаар пост хийж байсан. Яг ямар лобби байсан бэ? Танд ямар хүндрэл тулгарсан бэ?
- Ажлын хэсгийн ахлагч болсноос эхлээд янз бүрийн хүн уулзъя, ярилцъя, дэмжье гэж ирсэн. Энэ хууль лоббид өртөхөөр барьж авсан гишүүдийг нь харлуулж, мохоогоод дуусгадаг гэдгийг би мэдэж байсан. Эрүүл мэндийн яамны ажилтнуудыг ч янз бүрээр оролдож, Авлигатай тэмцэх газарт өгч харлуулдаг жишээ байсан. Тиймээс би мэргэжлийн зарчмаар ажиллана, хэн нэгний нөлөөнд орохгүй гэж шийдсэн.
Дарга, сайд нар хүртэл над руу ярьж, “Энийг нэг хараадхаач, энэ хүнтэй уулзчих” гэж хүсдэг байсан. Тэгэхэд нь би “Таны нэрийг тэмдэглэж авлаа. Юу гэж хэлснийг чинь дараа нь асуудал болбол хэлнэ шүү. Ажлын хэсэгт нөлөөлөх гэж битгий оролдоорой” гэж шууд хэлдэг байсан. Тухайн үед хоёр, гурван сайдад ийм зүйл хэлж байсан.
Эхнээсээ сошиалаар харлуулах, хүний нэр хүнд, итгэл үнэмшлийг нь унагах оролдлого нэлээд явсан. Гэхдээ тийм зүйлд анхаараад байвал үндсэн зорилгодоо төвлөрч чадахгүй. Мэргэжлийн баг хамт олон сайн ажиллаж, хуулиа боловсруулсан. Мэдээж хэн нэгний эрх ашиг хөндөгдөж, хүссэн зүйл нь хуульд ороогүй учраас гацаах тактик хэрэглэсэн. Засгийн газраас санал авах гэж явуулахад удааширна. Энэ тал дээр Занданшатар дарга Засгийн газрын тэргүүн болсныхоо дараа “Энэ хууль явах ёстой” гэж дэмжиж, гацаанаас гаргахад тусалсан. Гэсэн ч УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх явцад дахин гацдаг байсан.
Хэлэлцэх эсэхийг нь шийдсэний дараа ажлын хэсэг байгуулахгүй удаах, ажлын хэсэг байгуулсан ч хуралдааныг нь хойшлуулах, ажлын хэсгийн ахлагчийг солих, бүрэлдэхүүнийг өөрчлөх гэх мэт олон саад гарсан. Хууль хэлэлцэгдээд эхэлбэл цаашаа явчих учраас аль болох гацааж, цаг хожих нь тамхины компаниудын хэрэглэсэн арга байсан гэж би хардаг.
Хуулийг боловсруулах явцдаа яамдууд яагаад ийм хуулийг оруулж ирж чаддаггүй байсныг ойлгосон. Янз бүрийн сонирхол, нөлөөлөл орж ирдэг. Яамдууд хоорондоо ч нэг нэгнээ хардаж, болгоомжилдог. Тиймээс хараат бус мэргэжлийн судлаачидтай нэлээд сууж, хуулийг боловсруулсан.
Хууль УИХ-д орж ирсний дараа ч гишүүдийн өрөөгөөр явж худал, үнэн мэдээлэл тараах, харлуулах ажиллагаа үргэлжилсэн. Намайг сошиалаар нэлээд дайрсан. Сүүлдээ гэр бүл рүү маань чиглэж, нөхрийг маань тагнуулд баригдсан, гэрээс нь мөнгө олдсон гэх мэт санаанд оромгүй худал мэдээлэл тараасан. Үүнийг зарим хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэж байсан.
Хэрэв би шантарвал энэ хуулийг дахин барьж аваад зүтгүүлэх хүн олдохгүй байж магадгүй. Архи, тамхины хяналтыг сайжруулах санаачилга дахин гарахгүй ч байж мэднэ. Тиймээс шантрах ёсгүй гэж бодсон. Би хэн нэгнээс мөнгө аваагүй, хэн нэгний лоббид ороогүй гэдэгтээ итгэлтэй байсан учраас ажлаа үргэлжлүүлсэн. Нэр бүхий гишүүд янз бүрийн лобби хийж явсан. Үнэн нь түүхэнд үлдэнэ, оролцсон хүмүүсийн нэр ч үлдэх байх.
- Тамхины хяналтын тухай хууль батлагдсанаар тамхины үнэ өсөж эхэлж байна. Компаниуд татвараас өмнө үнээ нэмээд байгаа юм биш үү?
- Ирэх жилээс тамхины онцгой албан татвар нэмэгдэнэ. Компаниуд эдийн засгийн тооцоогоо хийгээд одооноос үнээ нэмээд эхэлж байгаа бололтой. Одоогийн татвар бага. Монгол Улс янжуур тамхинд дэлхийн жишигтэй харьцуулахад маш бага татвар ногдуулдаг. Зарим шинэ төрлийн бүтээгдэхүүний татвар ч бараг байхгүй.
Хуулийг батлах явц нэлээд удааширсан. Хэлэлцүүлэг, бэлтгэл ажлууд дуусаж, зөвхөн эцсийн санал хураалт үлдсэн байхад хаврын чуулганаар батлалгүй, намрын чуулган хүртэл буюу дөрвөн сар хойшлуулсан. Тэр хугацаанд тамхины компаниуд их хэмжээний нөөц бүрдүүлсэн байна. Зарим төрлийн тамхи, бүтээгдэхүүний нөөц өмнөх жилтэй харьцуулахад 176 дахин өссөн. Электрон тамхины нөөц 61 эсвэл 62 хувиар нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий.
- Нөөцөлсөн мөртлөө үнээ нэмээд байдаг.
- Тэд нөөцөлсөн бүтээгдэхүүнээ эхлээд борлуулахыг хүсэж байна. Монгол Улсын хууль батлагдсан учраас “нөөцөлсөн бараагаа зарж дуусгах боломж олгоод, хуулийн хэрэгжилтийг хойшлуулаач” гэсэн лобби явж байна. Тамхи бол хортой бүтээгдэхүүн. Үнийн бодлого, зохицуулалт хэрэгжиж байж хэрэглээ буурах нь гарцаагүй.
Хүн тамхи татах нь биед хэрэггүй гэдгийг ойлгодог. Гэхдээ энэ бол донтуулдаг бүтээгдэхүүн. Өнөөдөр 10 мянга, эсвэл 6 мянган төгрөгөөр тамхи авах уу, тэр мөнгөөр хүүхдэдээ хичээлийн хэрэгсэл авах уу гэдгийг эцэг, эхчүүд бодно. Татварын бодлого, үнийн түвшин буюу бүтээгдэхүүний хүртээмж өрхийн эдийн засагт нөлөөлдөг. Энэ нь цаашид тамхи татахгүй байх, тамхинаас гарах томоохон сэдэл болдог. Тиймээс онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэхээр хуульд тусгасан.
Татвар нэмэгдэхээр ирэх жил компаниудын ашиг багасах учраас энэ жилдээ багтаан илүү ашиг олохын тулд үнээ нэмэх, зах зээлд нөлөөлөх оролдлого хийж байна гэж харж байгаа. Энэ асуудалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхаарч ажиллах ёстой. Тамхины зах зээл олигопол шинжтэй, зах зээлд давамгай байр суурьтай хоёрхон аж ахуйн нэгж байна. Монгол Улс тамхиныхаа ихэнхийг импортоор авдаг. Япон, Солонгосын бүтээгдэхүүн импортолдог хоёрхон томоохон аж ахуйн нэгжийн импортлогчид хоорондоо үгсэн хуйвалдсан эсэх зэрэг асуудлыг шалгаж, үнийн зохицуулалтад хяналт тавих хэрэгтэй.
Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд зөвхөн монополийн асуудал хариуцсан байгууллага биш, гааль, татварын байгууллагууд ч сайн ажиллах ёстой. Олон салбарын уялдаа холбоо шаардлагатай. Энэ уялдаа суларснаас тамхины асуудал хаягдаж, шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд замбараагүй нэвтэрсэн. Хүүхдүүд маань дараагийн төрлийн донтолтод өртөх вий гэсэн болгоомжлол, сэтгэл эмзэглэл энэ хуулийг барьж авах нэг шалтгаан болсон.
- 2030 он гэхэд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилтыг ямар үзүүлэлтээр тооцсон бэ?
- Энэ тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сангийн яам, Гааль болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн. Монгол Улс 2030 он гэхэд тамхидалтыг 15 хувиар бууруулна гэсэн амлалт өгсөн. Гэвч амлалтаа хэрэгжүүлээгүй, Тамхины хяналтын тухай хууль батлагдаагүй хугацаанд тамхидалт буураагүй, харин нэмэгдсэн. Тамхидалт залуужиж, эмэгтэйчүүдийн тамхидалт ч өссөн.
Тамхидалтыг бууруулах нь зөвхөн хувь хүний хэрэглээний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн асуудал. Тамхинаас үүдсэн өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн бүтээмжийн бууралтаас Монгол Улс жил бүр хоёр их наяд төгрөгийн эдийн засгийн алдагдал хүлээдэг гэсэн тооцоо бий. Тиймээс тамхидалтыг бууруулах нь эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн аль алинд нь чухал ач холбогдолтой.
Хуулийг 2025 онд өргөн барьсан учраас 2026-2030 оны хооронд онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэхэд тамхины үнэ хэрхэн өөрчлөгдөх, хүртээмж буурснаар шинээр тамхи хэрэглэж эхлэх хүний тоо болон нийт хэрэглээ хэрхэн буурахыг тооцсон. Тухайн үеийн тооцоогоор 2030 он хүртэл тамхидалтыг 13 хувиар бууруулах боломжтой байсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн дор хаяж 75 хувь нь татвар байх ёстой гэж үздэг. Татвар өндөр байх тусам тамхидалт буурна гэсэн зарчимтай. Одоо Монголд янжуур тамхины жижиглэнгийн үнийн 30 гаруй хувь нь татвар. Электрон болон халаадаг тамхины татвар маш бага, заримд нь бараг байхгүй.
Янжуур тамхины үнийн 75 хувийг татвар болгохоор 2030 он хүртэл тооцоо хийсэн. Хууль санаачлагчийн хувьд миний ажил УИХ-д өргөн барьснаар үндсэндээ дууссан. Дараа нь Чинбүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, татварын асуудлыг Жаргалан гишүүн ахалж ажилласан. Бидний анхны тооцоотой харьцуулахад янжуур тамхины татварыг бага зэрэг бууруулсан. Үүн дээр инфляцын нөлөө нэмэгдэж, хууль батлагдах гэж удааширсны сөрөг үр дагавар гарч магадгүй. Гэхдээ тодорхой үр дүн гарна гэж харж байна.
“Хагаралдуулж байгаад захир” гэдэг үг бий. Дунд нь хагарал үүсгэх нь хэн нэгэнд ашигтай байж мэднэ.
- Жагсаалтын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
- Манай улс төрийн систем, намуудын өнөөгийн байдал өөрөө нэлээд том ялзралд орсон. Улс төрийн систем нам дамнасан эрх ашгийн бүлэглэлүүдээс бүрдсэн. Үзэл санаа, зарчмаас илүү эрх ашиг нь хөндөгдөхөөр талцаж, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа дүр зураг харагддаг. Үүний цаана эдийн засгийн бүлэглэлүүд байгаа гэж би хувьдаа хардаг. Зөвхөн зарчим, үзэл баримтлалын зөрчилдөөнөөс болж эрх мэдэл булаацалдаж байна гэж боддоггүй.
Энэ нөхцөл байдлыг өөрчлөх ёстой. Ерөнхийдөө Засгийн газар тогтвортой байж, бодлогоо хэрэгжүүлэн үр дүн гаргах нь зөв. Гэхдээ буруу бодлого явуулж байгаа бол УИХ хяналтаа тавьж, шаардлагатай тохиолдолд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Харин УИХ өөрөө УИХ шигээ ажиллаж, хяналтын үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа асуудал бий.
Тиймээс хувь гишүүний хувьд элдэв улс төржилтөө багасгаж, үр дүн гаргах ажилдаа анхаараад, Засгийн газар цаашид тогтвортой ажиллаасай гэж боддог. Мэдээж бид Засгийн газрыг сайн ажиллуулахын тулд УИХ-ын хяналтаа тавьж, шахаж ажиллах ёстой.
- МАН-ын дотоод зөрчлийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
- Миний хувьд ийм талцал, зөрчил байхгүй. Сошиал орчинд олон нийтийг хоёр хувааж, “30, 38” гэх мэтээр бүлэглэн харуулах мессеж түгээж байна. Тэдний дунд зарчим баримталж ажиллаж байгаа хүмүүс бий. Зарим нь нэг хүнийг дагаад, тухайн хүний хэлсэн бүхнийг зөв гэж үздэг байж болно. Дагахгүй хүмүүс ч бий. Гэхдээ олон нийтэд нам хоёр хуваагдчихлаа гэсэн мессежийг улс төрийн зорилгоор өгч байгаа нь харагддаг.
Гишүүний хувьд надад эмгэнэлтэй санагддаг нэг зүйл бий. Өөрсдийнхөө улс төрийн эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэж, цаг зав гаргаж чаддаг атлаа хүмүүсийн амьдралд хэрэгтэй бодлого, шийдвэр гаргахын төлөө яагаад тийм их хүч гаргаж чаддаггүй юм бол гэж бодогддог. Мэдээж ажил хийе, юм бүтээе гэж зорьж байгаа эрүүл саруул ухаантай олон гишүүн бий. Тиймээс би асуудлыг “30, 38” гэж хуваахаас илүү бодлогын өрсөлдөөн талаас нь харах ёстой гэж боддог.
Сошиал орчинд улс төрийн зорилгоор савлагаа үүсгэж, жагсаалтын гишүүд ингэж байна, тэгж байна гэх мэт яриа тарааж байна. Бодит байдал дээр тийм талцал байхгүй байж болно. “Хагаралдуулж байгаад захир” гэдэг үг бий. Дунд нь хагарал үүсгэх нь хэн нэгэнд ашигтай байж мэднэ. Иймэрхүү улс төрийн зорилготой мэдээлэл сошиал орчинд явж байна гэж хардаг.

- Ирэх хоёр сонгуульд МАН олонх болж чадах болов уу?
- Иргэн хүний хувьд ч, намын анхан шатанд ажиллаж байгаа хүмүүстэй уулзахад ч тэдний бухимдал, хүлээлт их байгааг хардаг. “Бид та нарыг ингэж хэрэлд гэж сонгоогүй. Олонхын эрх мэдлийг өгч, 68 гишүүн сонгож, намыг ялуулахын төлөө ажилласан. Намын мөрийн хөтөлбөрөөр дөрвөн жилийн хугацаанд улс орноо ингэж хөгжүүлнэ гэж явсан. Гэтэл та нар сонгогдоод гарч ирснийхээ дараа тэр ажлаа хийхгүй, хоорондоо зодолдоод байна. Одоо бид яаж энэ намдаа итгэж, намынхаа төлөө ажиллах юм бэ?” гэсэн зүй ёсны шаардлага тавьж байна.
Би намын гишүүний хувьд намынхаа бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Гэхдээ эрх мэдэл удаан хугацаанд төвлөрөхөөр ялзрах эрсдэлтэй. Нам хэтэрхий удаан эрх мэдэлтэй явсан учраас шинэчлэлийн салхи оруулж, өөрчлөлт хийх шаардлага бий. Зарим асуудлаар нам дотроо шүүмжлэл хэлэх ёстой бол хэлнэ. Залуу хүний хувьд ийм зүйл харагддаг.
Эцсийн дүнд иргэд ард түмэн л дүн тавина. 2027, 2028 онд сонгуулиар дүгнэх байх.
- Өөрийн намын Засгийн газарт хяналт тавихад улс төрийн намын харьяалал, бүлгийн сахилга бат танд нөлөөлдөг үү, Засгийн газрын бодлого шийдвэртэй зөрчилдөх тохиолдол гарч байна уу?
- Би ямар нэг бодлогыг 100 хувь ингэнэ, тэгнэ гэж хэлэхгүй. Улс төрч хүн аливаа бодлогыг зарчим, үнэт зүйлтэйгээ харьцуулж үзэх хэрэгтэй. Би намын угшилтай, олон жил намд ажилласан хүн биш. МАН-д орж байгааг минь зарим найз маань шүүмжилж байсан.
Би Японд долоон жил суралцаж, Токиогийн их сургуульд сурсан. Хүнлэг нийгэм хэрхэн бүрддэгийг тэнд амьдарч, суралцахдаа мэдэрсэн. Эдийн засгийн хувьд либерал бодлого байх ёстой. Нөгөө талаас төр боловсрол, суурь боловсрол, эрүүл мэндийн салбарт заавал оролцож, зохицуулалт хийх ёстой. Эдгээр нь нийгмийн суурь. Тиймээс би өөрийгөө зүүн төвийн үзэл баримтлалтай гэж тодорхойлдог.
Улс төрд ороход олон хүн намын асуудал, өөрийн үнэт зүйл хоёр зөрчилдөх үед шийдвэр гаргах хамгийн хэцүү байдаг гэж хэлж байсан. Өөрийн үнэт зүйлээсээ ухрах, буулт хийх шаардлага гарах нь хүнд. Сүүлийн нэг, хоёр жилд олон Засгийн газар үзэж, олон төсөв баталж, улс төрийн олон үйл явцад оролцох явцдаа өөртөө үнэт зүйл, зарчмын зааг тогтоох ёстойг ойлгосон.
Тэр заагийг давсан шийдвэр гаргах шаардлага тулгарвал би хувь гишүүнийхээ, хувь иргэнийхээ хувьд өөрийн үнэт зүйлээ баримтална. Харин тэр заагаас доош хүрээнд бол намынхаа олонх болж, мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллана. Намын бодлого, өөрийн зарчим хоёрын хоорондох заагийг тодорхой тогтоочихвол тэр нь шийдвэр гаргах луужин болдог.
Заримдаа улс төрийн ажил сэтгэл хөдлөлийн галзуу хулгана шиг л байдаг.
- Та ирэх сонгуульд дахин нэр дэвших үү?
- Мэдэхгүй. Үүнийг одоо хэн ч мэдэхгүй. Ардчилсан нам дүрэмдээ тодорхой заалт оруулсан юм байна лээ. Манай Ардын нам одоогоор ийм албан ёсны заалтгүй. Гэхдээ намын олон гишүүн энэ асуудлыг харж байгаа. Нам дотоод ардчилалтай байх ёстой. Нэр дэвшүүлэх үйл явц ч ардчилсан, дотоод сунгаатай байх нь зүйтэй гэж хувь хүнийхээ хувьд боддог.
- МАН дотор популизм бий гэдэг.
Миний хувьд нам өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой гэж боддог.
- МАН доторх үйл ажиллагааг хуучинсаг талдаа гэх ч зүйл бий.
- Үгүй, хуучинсаг гэхээсээ илүү аль ч нийгэмд олон ургалч үзэл байх ёстой гэж боддог. УИХ ч гэсэн би санал нийлэхгүй байсан ч олонхоороо шийдвэр гаргадаг. Парламент бол олонхын засаглал. Тухайн үед би цөөнх болж, олонх нь өөр шийдвэрийг зөв гэж үзвэл түүнийг дагадаг.
Цөөнхөө сонсож, цөөнхийн эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ олонхын шийдвэрийг дагадаг байх нь ардчиллын зарчим. Энэ зарчим парламентэд ч, намд ч үйлчлэх ёстой. Хуучинсаг үзэлтэй байна уу, шинэчлэгч, прогрессив үзэлтэй байна уу гэдгээс үл хамааран хүмүүс үзэл бодлоороо шударгаар өрсөлдөх хэрэгтэй. Олонх болсон нь олонхынхоо шийдвэрийг гаргана.
Манай намын доод, дунд шатанд хүмүүс харьцангуй эрүүл, дуу хоолойгоо өргөж чаддаг. Харин намын төвлөрсөн эрх мэдлийн түвшинд ирэхээр эрх мэдэл хэт төвлөрч, дотоод ардчилал дутагдаж байгаа юм уу даа гэсэн мэдрэмж төрдөг.
- Засгийн газар ингэж олон удаа солигдох нь Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна гэж харж байна вэ?
- Нөлөөлөлгүй яах вэ. Засгийн газар бодлого, шийдвэрээ тогтвортой хэрэгжүүлж, үр дүн гаргаж чадахгүй унаж байна гэсэн үг. Зогсоох ёстой зүйл дээрээ зогсох хэрэгтэй. Харин үргэлжлүүлэн тогтвортой явуулах ёстой бодлого, ажлууд байн байн солигдоод байх нь таатай биш.
Ялангуяа гадаад нөхцөл байдлыг бодох хэрэгтэй. Дайн, мөргөлдөөн олон газар үргэлжилж байна. Монгол Улс өөрийн бодлогоо тодорхой төвлөрүүлж, тууштай авч явах ёстой байтал тэр анхаарлынхаа ихэнхийг улс төрийн зодоонд зарцуулбал үр дүн гарахгүй. Тиймээс Засгийн газар ойр ойрхон солигдох нь нөлөөлж байгаа. Гэхдээ өнгөрсөн үйл явдлын араас хэчнээн харамсаад өөрчилж чадахгүй учраас цаашид яах вэ гэдэгтээ төвлөрөх ёстой.
- Н.Учрал Засгийн газраа хэр сайн толгойлж байна гэж та харж байна вэ?
- Боломжтой сайн түвшинд ажиллаж байна гэж харж байгаа. Манай Засгийн газрын ажиллаж байгаа улс төрийн тогтолцоо өөрөө их ярвигтай. Хүн бүрийн нүдэнд шууд харагддаггүй эрх мэдлийн төвлөрөл, нөлөөлөл ордон дотор үйлчилдэг. Ийм нөхцөл байдалд Засгийн газраа авч явж, үр дүн гаргахын төлөө зүтгэж байна. Сайн зүтгэж байгаа гэж харж байна.
Цаашдаа улс төрийн систем, олигархи болон олигополийн шинжтэй нөлөөлөлтэй энэ тогтолцоог задлахгүй бол болохгүй. Энэ тогтолцоог задлах гэж л улс төрд орж ирсэн хүн. Залуу хүний хувьд туршлага дутмаг, зарим үед хүч мөхөсдөх зүйл бий. Гэхдээ ийм нийгмийг үр хүүхдэдээ үлдээхийг хүсэж байна уу, өөрчилж чадахгүй бол дараа нь тэднийхээ өмнө яаж нүүрээ харах вэ гэж боддог.
Хүмүүс боловсрол, мэдлэгтэй залуус улс төрд орж ирээд юм өөрчилнө гэсэн. Тэгвэл яагаад өөрчлөгдөхгүй байна вэ гэж асуудаг. Иргэд үр дүнг хурдан хүсэж байгаа нь ойлгомжтой. Бид ч үр дүн гаргахын төлөө зүтгэх ёстой. Гэвч хүмүүсийн хүлээлтэд хүрэхүйц үр дүн богино хугацаанд гарахгүй байгаа нь үнэн. Учир нь ихэнх цагийг улс төрийн зөрчил, тэмцэлд зарцуулж, хэрэгтэй ажлаа хийх цаг алддаг. Энэ нь эмгэнэлтэй.
Биднийг улс төрд орж ирвэл бага ч гэсэн шинэчлэл хийнэ гэж итгэл найдвар тавьсан хүмүүст талархдаг. Тэр итгэлийг үр дүнгээр хариулах юм сан гэж боддог. Заримдаа улс төрийн ажил сэтгэл хөдлөлийн галзуу хулгана шиг л байдаг.
Ярилцсанд баярлалаа.
Б.АМИРДАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.