Х.Баттулга, Г.Занданшатар 2-ын шоу өнөөдөр Монголбанкыг их наядын алдагдалд хүргэсэн
 

Х.Баттулга, Г.Занданшатар 2-ын шоу өнөөдөр Монголбанкыг их наядын алдагдалд хүргэсэн

2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга шийдвэрээр ахмадын тэтгэврийн зээлийг төлж, байгалийн баялгийн өгөөжийг хүртээнэ хэмээн мэдэгдэж байв. Харин зургаан жилийн дараа Монголбанкны Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэхэд ашигласан “Эрдэнэс” бондын 870 тэрбум төгрөгийг Төв банкны шийдвэрлэх асуудлуудын нэгээр дахин нэрлэлээ. Салхитын мөнгөний ордын ирээдүйн орлогоор баталгаажуулсан тус шийдвэр өнөөдөр дахин сөхөгдөв.

Үйл явдал хэрхэн өрнөв. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээндээ ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санал нэгдсэн тухай мэдэгдсэн. Ингэснээр Монгол Улсын улс төр, эдийн засгийн хүрээнд ихээхэн маргаан дагуулсан шийдвэрийн эхлэл тавигдсан юм.

Төрийн тэргүүний мэдэгдэл олон нийтэд хүрэхэд ахмадуудын зээлийг ямар эх үүсвэрээр, ямар механизмаар, хэний хариуцлагаар төлөх тухай нарийвчилсан хууль, санхүүгийн тооцоо хараахан батлагдаагүй байлаа. Тухайн үед УИХ-ын дарга бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан Г.Занданшатар уг шийдвэрийг олон нийтэд тайлбарлан хамгаалах гол хүмүүсийн нэг байв.

Х.Баттулга уг асуудлаар улс төрийн эхлэлийг тавьсан бол Г.Занданшатар түүнийг ҮАБЗ-ийн гишүүн, парламентын тэргүүний хувьд тайлбарлан хамгаалж, хууль тогтоох үйл явцад голлох байр суурь эзэлсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ийн 2020 оны нэгдүгээр сарын 6-нд Засгийн газар төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, нэгдүгээр сарын 10-нд УИХ батлав.

Ийнхүү Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээгээр нийтэд зарласан улс төрийн шийдвэр аравхан хоногийн дотор хууль болон хэрэгжих нөхцөл бүрджээ.

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийн гол тулгуур нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгө, алтны орд байлаа. 2018 онд Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг төрийн мэдэлд авсан үйл явцыг Г.Занданшатар гүйцэтгэсэн гэсэн үг. Харин 2019 онд ашиглалтын эрхийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс Салхитын ордыг төрийн мэдэлд авснаар байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх боломж бүрдсэн хэмээн онцолж байлаа. Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг танилцуулахдаа Салхитын ордын нөөцийг 808.3 тонн мөнгө, 1,117.1 килограмм алт гэж мэдээлж, урьдчилсан тооцоогоор 1 их наяд 50.4 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой гэж танилцуулсан байдаг. Гэтэл тухайн үеийн тооцооллууд өөр өөр байв. ТЭЗҮ-ээр татвар тооцсон цэвэр ашгийг 569 тэрбум төгрөг байхаар урьдчилан тооцсон тухай мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, олборлолт, баяжуулалт, борлуулалт, зардал, татвар, төрд ногдох өгөөж, бондын хүү болон үндсэн төлбөр гэсэн олон үе шатны санхүүгийн тооцоог тооцохгүйгээр ийн дүгнэсэн гэж үздэг аж.

Гэтэл энэ ирээдүйн орлогыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, нийт 900 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй үнэт цаас гаргахаар зохицуулсан. Хөгжлийн банк уг бондод баталгаа гаргаж, Монголбанк уг үнэт цаасыг худалдан авах боломжтой механизм хуульд тусгасан. Ингэснээр ахмадын зээлийг төлөхөд шаардлагатай мөнгийг ордын олборлолтоос жил бүр шууд цуглуулах бус, ирээдүйн орлогоор баталгаажуулсан бондын санхүүжилтийн замаар бүрдүүлсэн юм.

Энэ нь байгалийн баялгийн өгөөжийг шууд хуваарилах бус Байгалийн баялгаас ирээдүйд олох орлогыг барьцаалж санхүүжилт босгосон санхүүгийн ажиллагаа байв.

Г.Занданшатар тухайн үеийн буюу 2020 оны УИХ-ын даргын хувьд хуулийн төслийг хэлэлцүүлж, батлуулах парламентын үйл явцыг удирдаж байж. Мөн “Эрдэнэс Монгол” компани арилжааны банкуудтай тэтгэврийн зээлийн үүргийг үнэт цаасаар барагдуулах гэрээнд гарын үсэг зурахад оролцож, уг бодлогыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажуулсан байгалийн баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх зарчмын бодит жишээ хэмээн тодорхойлж байв.

МОНГОЛБАНКНЫ 6.9 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ БА “ЭРДЭНЭС” БОНДЫН 870 ТЭРБУМ

Монгол банкны 6.9 их наяд төгрөгийн алдагдал саяхнаас олны анхааралд орж эхэллээ. Монголбанкны 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийн танилцуулгад Төв банкны хуримтлагдсан алдагдал 2025 оны эцсээр 6.9 их наяд төгрөгт хүрсэн, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг болсон гэж мэдээлсэн байдаг. Монголбанк алдагдлынхаа суурь шалтгааныг тайлбарлахдаа үндсэн чиг үүргээс хальсан ипотекийн зээл, салбаруудыг дэмжих хөнгөлөлттэй санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөр, төсвийн шинжтэй арга хэмжээ, валютын ханшийн хэлбэлзлээс үүдсэн алдагдал хэмээсэн байдаг.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ дахь намын бүлгүүдэд мэдээлэл өгөхдөө ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд ашигласан “Эрдэнэс” бондын 870 тэрбум төгрөг, Засгийн газар болон Монголбанкны хооронд үүссэн 1.5 их наяд төгрөгийн өр төлбөрийн асуудлыг дурджээ. Нэгэн цагт улсын төсөвт шууд дарамт учруулахгүй, байгалийн баялгийн орлогоор санхүүжүүлнэ гэж тайлбарлаж байсан тэтгэврийн зээлийг тэглэсэн үйл явдал нь өнөөдөр Төв банкны санхүүгийн асуудлын хүрээнд дахин сөхөгдөж байна.

2020 онд таван жилийн хугацаатайгаар гаргахаар төлөвлөсөн бондын талаар 2021 онд Монголбанканд байршуулсан дүнг 725 орчим тэрбум төгрөг гэж мэдээлж байсан бол 2026 онд Монголбанкны Ерөнхийлөгч 870 тэрбум төгрөгийн бонд гэжээ.

Ийн тухайн үед төрийн эрх мэдлийг эдэлж байсан Х.Баттулга, Г.Занданшатар нар Салхитын мөнгө, алтын ордыг төрийн мэдэлд авч түүгээрээ ахмадуудын зээлийг тэглэж улс төрийн шоу хийсэн нь өнөөдөр Монголбанк их наядаар хэмжигдэх алдагдалд хүргэжээ. Түүгээр ч барахгүй Салхитын мөнгөний ордын хэрэгт гурван жилийн хорих ял эдэлсэн Ш.Мөнгөншагай 2023 онд хэвлэлд мэдээлэл хийсэн бөгөөд Х.Баттулга, Г.Занданшатар хоёрын хооронд улс төрийн тохироо байсан хэмээн мэдэгдэж байж. Өөрөөр хэлбэл мөн л албан тушаалын тохироо байсан гэдэг. Г.Занданшатар сарын өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэл ажлаа хангаж байгаа. Түүгээр ч барахгүй баялгийн өгөөжийг ард түмэнд нь хүртээнэ гэсэн агуулга бүхий кампанит ажлын эхлэл олон нийтэд ил болсон. Гэтэл аль хэзээнээсээ л Г.Занданшатар үе үеийн Ерөнхийлөгч нартай албан тушаалын тохироо хийж, өөрийн замаа засаж байжээ. Цаг үе өнгөрөх тусам түүний үг, үйлдэл илчлэгдэж байгаа мэт. Женкотой нийлж асан тэрбээр У.Хүрэлсүхтэй нийлж харин одоо өөрөө Ерөнхийлөгч болно гэх. Эрх мэдэлтнүүдийн талд үйлчилсэн түүний горыг татвар төлөгчид нуруун дээрээ үүрч байгааг 1.5 их наяд төгрөгийн алдагдал хэлээд өгөх биз ээ.



Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болно
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.