
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Аэро Монголиа” компани төлбөрийн үүргээ биелүүлээгүй учир дотоодын болон олон улсын захиалгат нислэгийн зарим төлбөртэй үйлчилгээг арваннэгдүгээр сарын 4-нөөс дахин хязгаарлаж эхэлжээ.
Нисэх буудлын оператор “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК (NUBIA) өмнө нь тус компанийн хуримтлагдсан өр төлбөртэй холбоотойгоор үйлчилгээний хязгаарлалт тогтоохоо мэдэгдэж байсан юм.
Гэвч хоёр тал төлбөр барагдуулах хуваарь тохиролцсоны үндсэн дээр хязгаарлалтыг түр хугацаанд зогсоож байжээ. Гэтэл “Аэро Монголиа” компани тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийн үүргээ биелүүлээгүй, гэрээний зөрчил үргэлжилсэн тул хязгаарлалтыг дахин сэргээсэн байна.
“NUBIA” компанийн арваннэгдүгээр сарын 3-ны мэдэгдэлд дурдсанаар, хязгаарлалтыг зөвхөн “Аэро Монголиа”-гийн дотоодын болон олон улсын захиалгат нислэгтэй холбоотой төлбөртэй зарим үйлчилгээнд хэрэгжүүлэх аж. Компанийн бүх нислэгийг зогсоож байгаа гэсэн үг биш бөгөөд бусад нислэгийн үйл ажиллагаанд хамаарахгүй гэж ch-aviation мэдээлжээ.
Хязгаарлалтыг цуцлахын тулд “Аэро Монголиа” компани хуримтлагдсан төлбөрөө барагдуулж, хязгаарласан үйлчилгээг сэргээхэд шаардлагатай нөхцөлийг биелүүлэх ёстой юм байна.
Эх сурвалж: ch-aviation
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.