Дональд Трамп: Ирантай хийж буй дайн дуусах шатандаа орлоо
 

Дональд Трамп: Ирантай хийж буй дайн дуусах шатандаа орлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай үргэлжилж буй дайныг цэргийн хувьд үндсэндээ дууссан гэж үзэж байгаагаа мэдэгдэж, мөргөлдөөн удахгүй эцэслэх боломжтой хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 9-нд Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Иран цэргийн хувьд үндсэндээ дууссан. Бид одоогийн нөхцөл байдлыг хэвээр хадгалж байна” гэж хэлжээ.

Трампын мэдэгдэл Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Танитай Цагаан ордонд уулзсаны дараа гарсан юм. Катар улс АНУ, Ираны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр талын хэлэлцээг урагшлуулахад хүчин чармайлт гаргаж байна.

Трампын хэлснээр, АНУ Ираны эсрэг дахин томоохон хэмжээний агаарын цохилт өгөх шаардлага одоогоор харагдахгүй байгаа аж. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдвөл АНУ-ын цэргийн хүчин ажиллагаа явуулахад бэлэн байгааг онцолжээ.

Мөн тэрбээр Ойрх Дорнодын Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Кувейт зэрэг улс мөргөлдөөнийг дахин хурцатгахгүй, одоогийн нөхцөл байдлыг хадгалахыг хүсэж байгааг дурдсан байна.

Гэвч АНУ Ираны боомтуудад тогтоосон тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлж байгаа бөгөөд цэргийн хүчээ бүс нутагт байршуулсан хэвээр байна. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд Ираны зарим объектод хязгаарлагдмал цохилт өгсөн тухай мэдээлэл гарчээ.

Харин Ираны тал АНУ-ын бүслэлтийг зогсоох, эдийн засгийн хоригийг сулруулах, царцаасан хөрөнгөө чөлөөлүүлэх, дайны хохирлыг барагдуулах зэрэг шаардлага тавьж байгаа юм. Мөн Ормузын хоолойн тээвэрлэлтэд тавьсан хязгаарлалтыг харилцан зогсоох асуудлыг хэлэлцэхийг санал болгожээ.

Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны тавьсан нөхцөлүүдийг бодитой бус хэмээн шүүмжилсэн бол Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн төлөөлөгч Мохсен Резаи Вашингтоныг бодит бус хэлэлцээний талаар мэдээлэл түгээхээ зогсоохыг шаардсан байна.

Ийнхүү Трамп дайныг дипломат аргаар дуусгах эерэг ахиц гарч байгааг онцолсон ч хоёр улсын хооронд эцсийн тохиролцоо байгуулагдаагүй, цэргийн болон эдийн засгийн дарамт үргэлжилсээр байна.

АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаагаар хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн мөргөлдөөн найман сар гаруй үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээл, газрын тосны нийлүүлэлт, олон улсын худалдаанд нөлөөлөөд байгаа юм.

Тиймээс Трампын мэдэгдлийг дайныг албан ёсоор дуусгасан шийдвэр бус, харин цэргийн ажиллагааг дахин өргөжүүлэхээс зайлсхийж, дипломат хэлэлцээгээр шийдвэрлэх чиглэлд гаргаж буй улс төрийн дохио гэж үзэж болохоор байна.

Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол батлагдлаа
Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол батлагдлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.