
Энэ долоо хоногт 2027 оны төсвийг хэлэлцэн батална. Энэ удаагийн төсөв түүхэнд байгаагүй хамгийн өндөр төсөв буюу 43 их наяд орчим байхаар төлөвлөгдөөд буй. Гэтэл инфляцын түвшин ковидын үеийнхтэй тэнцэж, хэдийнэ хоёр оронтой тоо болох 13.4 хувьд хүрчээ.
Дэлхийн эдийн засгийн хямралын үед манай улсын инфляци 17-22 хувьд хүрч байсан удаатай. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал болох ковидын үед инфляц мөн хоёр оронтой тоонд хүрч дээд тал нь 15.2 хувь болж байв. Харин бид энх цагт юуны учир ийнхүү хоёр оронтой тоонд хүртлээ инфляцын өсөлтөд дарлуулж байна вэ?
Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал өмнөх Засгийн газруудынхаа бодлого шийдвэрийг шүүмжилсээр ирсэн. Гэтэл бодит байдал дээр чамин нэртэй төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр гарган нэг гараараа өгч байгаа мэт харагдавч нөгөө гараараа "даблдан" буцаан авч байгаа нь харамсалтай. Засгийн газар одоогоор энэ тал дээр арга хэмжээ авч байгаа талаараа ямар нэгэн тайлбар, мөрийн хөтөлбөр танилцуулсангүй. Иргэдэд бодит шийдвэр, гаргалгаа, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх өөрчлөлт хэрэгтэй байна. Үүн дээр Н.Учралын Засгийн газар нүдээ аньж, чихээ дарсан хүүхэд мэт тоомжиргүй хандаж байгаа нь харамсалтай.
Монголбанкны зүгээс төсвийн тэлэлт нь инфляцыг дахин өсгөх магадлалтай болохыг анхааруулсаар буй. Гэтэл Засгийн газар үрэлгэн зардлаа танахыг хүсэхгүй байгаа бололтой. Улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон төсөл хөтөлбөрүүдийн цаана гишүүд болон сайд, дарга нарын ирэх жилүүдэд сонгуульд зарцуулах мөнгө эргэлдэж буй талаар шүүмжлэл ихээр гарах болсон. Тойргоо услахаар зэхсэн эдгээр мөнгийг иргэд хуруу хумсаа хуйхлан байж, идэх талх, үмх махнаасаа хугаслан байж бүрдүүлж буй. 2026 оны хувьд эдийн засаг өссөн гэх чихэнд чимэгтэй үгээр иргэдийн тархийг угааж байгаа ч бодит байдал дээр өрхийн бодит орлого 4.8 хувиар буурчхаад байна. Сарын цалин нь ердөө хэдхэн тор хүнс болж, тансаг хэрэглээ гэдгийг мартахад хүрч буй иргэдийг төр нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр хуурах аргаа хэдийнэ олоод буйн нэг жишээ нь Оюутолгойн ногдол ашиг. Ирэх сонгуульд "кок" авах хамгийн том хэрэглэгдэхүүн болоод буй энэхүү ногдол ашгийг тойрсон попролт хэрээс хэтэрч буй нь бодит үнэн. Алтыг нь аваад авдрыг нь хаядаг үзэгдэл төрд байх учиргүй.
Шатахуунд дугаарлан зам дээр өнжиж, эмнэлэгт багталцахгүй болтлоо өвчинд дарлуулж, үнийн өсөлтийн улмаас халаасан дахь хэдэн төгрөгөө цаас болон хувирч буйг иргэд яс махаараа мэдэрч буй. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл байж мэднэ. Учир нь шатахууны үнэ цаашид энэ хэвээр өссөөр байвал оны төгсгөл гэхэд инфляц 15 хувь хүртэл өсөх өндөр магадлалтай. Ингэсэн тохиолдолд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амьдарч буй иргэдэд нөхөх хормой бүү хэл өмсөх дээл ч олдохгүйд хүрэх нь.
Улсын төсвийн зарлага сонгуулийн өмнөх жилүүдэд эрс нэмэгддэг үзэгдэл бий. Сонгуулийн жилд инфляц өсдөг нь ч хэвийн үзэгдэл болчхоод байгаа энэ үед иргэдээ бодсон шийдвэр эрх баригчдаас хүлээх нь өөрөө бүтэшгүй мөрөөдөл мэт. Гэхдээ одоо ард иргэдээ бодож эхлэхгүй бол тамир нь тасарч тэвчээр нь барагдсан иргэд дахин итгэл хүлээлгэнэ гэдэг нь эрх баригчдын хувьд "бүтэшгүй мөрөөдөл" болж мэднэ.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.