
Польшийн Краков хотод болсон зэвсэгт халдлагын үеэр амь насаа үл хайхран гэмт этгээдтэй тулалдсан цагдаагийн алба хаагчийн зураг олон нийтийн сүлжээнд тарж, түүнийг үндэсний баатар хэмээн өргөмжилж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагт Краков хотын төв талбайн ойролцоо зэвсэгт этгээд автомашинаасаа санамсаргүй хүмүүс рүү гал нээсэн байна. Халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, 16 хүн шархаджээ.
Халдлага үйлдсэн этгээд AR төрлийн автомат буу, сум нэвтэрдэггүй хантааз, дуулгатай байсан бол түүнийг зогсоохоор очсон цагдаа нар гар буутай байжээ.
Мөргөлдөөний үеэр цагдаагийн хоёр алба хаагч хүнд шархадсан бөгөөд тэдний нэг нь гурван удаа буудуулсан ч гэмт этгээдийг зогсоох ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна.
Шархадсан ч гэмт этгээдийг орхилгүй хянажээ
Халдлага үйлдэгчийг Краков хотын Дейтла болон Страдомска гудамжны уулзвар орчимд цагдаагийнхан саатуулсан байна. Тухайн үед нэг цагдаа гэмт этгээд рүү зургаан удаа буудаж, дараа нь өвдөг сөхрөн долоо дахь удаагаа гал нээсэн тухай гэрчийн бичлэгт дүрслэгджээ.
Хамгийн сэтгэл хөдөлгөм нь өөрөө хүнд шархадсан цагдаа гэмт этгээдийг газар унасны дараа ч хяналтаасаа гаргалгүй, хэдэн арван секундын турш дэргэд нь өвдөглөж байсаар эцэст нь биеийн хүчээ алдан унасан байна.
Баатар цагдаагийн алба хаагчдад цусны донорын тусламж хэрэгтэй байна
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск шархадсан хоёр цагдаагийн алба хаагчийг Якүб Кулик (Jakub Kulik), Артур Мораньски (Artur Morański) нар болохыг мэдээлжээ.
Тэдний нэг нь Польшийн Зэвсэгт хүчний 6 дугаар Агаарын десантын бригадын хуучин алба хаагч бөгөөд цагдаагийн байгууллагад саяхан шилжин ажиллаж эхэлсэн Якүб Кулик юм.
Түүний хуучин хамт олон AB Rh+ бүлгийн цусны донор шаардлагатай байгааг олон нийтэд зарлаж, тусламж хүсжээ.
Ерөнхий сайд Дональд Туск хоёр цагдаагийн алба хаагчийн зоригийг онцолж, тэд олон хүний амийг аварсан байж болзошгүйг тэмдэглэсэн байна.
Харин Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцки эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд үндэсний гашуудал зарлах ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж: Radio Kraków, Fakt, Dziennik.pl, The Guardian, PAP.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.