Украин дайтаж, Монгол ТҮДГЭЛЗСЭН НЭГ ЖИЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украин дайтаж, Монгол ТҮДГЭЛЗСЭН НЭГ ЖИЛ

/2023.2.24/ Өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Москвагийн цагаар өглөөний 06.00 цагт В.Путин "Украинд цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг би гаргалаа" хэмээн дэлхий дахинд мэдээлсэн юм.

Дэлхий дахиныг гайхшруулсан энэ шийдвэрийн дараа Украиныг дэмжигч, Оросыг дэмжигч, аль ч талыг нь үл дэмжигч гэсэн гурван хэсэгт дэлхий хуваагдав. Мөн энэ хугацаанд НҮБ-ын Ерөнхий ассамблей яг энэ асуудалтай холбоотойгоор хэд хэд хуралдаж, улс орнуудын саналыг авсан юм.

2022 ОНЫ 3 САРЫН 3: ОХУ-ын түрэмгийллийг буруушаав

Дайн эхэлснээс хойш удалгүй НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж, ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан тогтоол батлав.

Санал хураалтад АНУ тэргүүтэй 141 улс тус тогтоолыг дэмжсэн бол таван улс эсэргүүцэж /Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей/, 35 улс түдгэлзсэн юм. Манай улсын хувьд түдгэлзсэн 35 улсын нэг болов.

2022 ОНЫ 4 САРЫН 8: НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх
ОХУ-ын үйл ажиллагааг зогсоов

Дээрх хуралдаанаас сарын дараа НҮБ-ын Ерөнхий ассамблей дахин хуралдаж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын үйл ажиллагааг түр зогсоох тогтоолыг баталсан юм. Ийнхүү Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх санал хураалтад дараах байдлаар оролцов.

Дэмжсэн 93 улсад АНУ, БНСУ, Герман зэрэг улс орнууд орж, харин дэмжээгүй улс орноор Алжир, Беларусь, Боливи, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, БНХАУ, Зимбабве улсууд орсон юм. Харин Монгол, Пакистан, Саудын Араб, Өмнөд Африк зэрэг 58 орон түдгэлзсэн санал өгсөн билээ.

2022 ОНЫ 10 САРЫН 13: Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх
гэсэн Оросыг буруутгав

2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр ОХУ өөрийн эзэлж авсан Луганск, Донецк, Запорож, Херсон мужуудад Оросыг өөртөө нэгдэх эсэх бүх нийтийн санал асуулгыг явуулсан билээ.

Санал асуулгын дүн гарсныг В.Путин албан ёсоор зарлав. Тэрбээр:

Санал асуулгын дүн гарлаа. Иргэд сонголтоо хийлээ. Луганск, Донецк, Запорож, Херсон мужийн иргэд ОХУ-ын муж болох сонголтыг хийлээ. Энэ гэрээнд бид гарын үсэг зурлаа. Энэ бол түүхэн нэгдэл. Цэргийн ажиллагааны улмаас амь үрэгдсэн бүх хүнд хүндэтгэл үзүүлье, тэд бол Оросын баатрууд хэмээсэн юм.

Харин 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх гэсэн ОХУ-ын оролдлогыг буруушаасан тогтоолыг олонхийн саналаар батлав.

Тогтоолын санал хураалтад 143 орон оролцсоноос БНХАУ, Монгол, Энэтхэг зэрэг 35 орон түдгэлзэж Сири, БНАСАУ, Никарагуа, Беларусь улсууд эсрэг санал өгсөн юм. Нийт 143 орон Украины талд санал өгсөн юм.

2022 ОНЫ 11 САРЫН 14: Украинд учруулсан хохирлыг ОХУ-аар төлүүлэхийг
дэмжсэн тогтоолыг батлав

Энэ өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал болж, Украинд учруулсан хохирлыг ОХУ-аар төлүүлэхийг дэмжсэн тогтоолыг баталсан юм.

Тогтоол батлахыг НҮБ-ын гишүүн 94 орон дэмжиж, 73 орон түдгэлзэж, 14 орон эсэргүүцэв. Эсэргүүцсэн 14 оронд ОХУ-аас гадна Беларусь, Төв Африкийн БНУ, Хятад, Куба, Умард Солонгос, Эритрей, Этиоп, Иран, Мали, Никарагуа, Сири, Зимбабве багтсан.

Харин Монгол Улсын хувьд түдгэлзсэн байр суурь илэрхийлэв.

2023 ОНЫ 2 САРЫН 23: ОХУ-ыг цэргээ Украинаас
гаргахыг шаардав

ОХУ-аас Украин руу дайрсан өдрөөс хойш нэг жил өнгөрчээ. Нэг жилийн ойг угтаж НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж, ОХУ-ыг Украинаас ямар ч нөхцөлгүйгээр, цэргээ шууд татан гаргах тогтоолын төслийг баталлаа.

Нийт 32 улс түдгэлзсэн санал өгсний дотор Хятад, Энэтхэг, Иран улсууд орсон байна. Эсэргүүцсэн 7 улс байсны дотор Беларус, Конго, Мали, ОХУ байна. Харин түдгэлзсэн орнуудын тоонд Монгол Улс мөн оров.

Энэ мэт цөөнгүй хуралдаан болж, дэлхий дахинд улс орнуудын байр суурь илхэн харагдсан юм. Дэлхийн II дайны дараа дэлхий энхтайвнаар оршихын утга учрыг улс орнууд хүлээн зөвшөөрч, дайн хийх нь хүн амын болон эдийн засгийн асар их хохирол дагуулж, хөгжлийг хойш татахаас нэмэргүй гэдгийг ойлгосон цаг хугацаанд ОХУ ийнхүү тусгаар улсад дайн зарласнаас хойш нэг жил өнгөрлөө.

В.Зеленський: 2023 оны бидний ЯЛАЛТЫН ЖИЛ байх болно
В.Зеленський: 2023 оны бидний ЯЛАЛТЫН ЖИЛ байх болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.