Н.Номтойбаяр сайд аа санаачилсан 1.3 тэрбум ам.долларын төмөр замын сонсголоо хийнэ үү!
 

Н.Номтойбаяр сайд аа санаачилсан 1.3 тэрбум ам.долларын төмөр замын сонсголоо хийнэ үү!

Нэг тэрбум ам.доллар давсан төмөр замын бүтээн байгуулалт, 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр, аудитын илрүүлсэн зөрчил, нүүрсээр төлбөр барагдуулах гэрээний асуудал өнөөдөр ч бүрэн тайлагдаагүй байна. Харин энэ бүхнийг парламентын түвшинд шалгуулахаар санаачилга гаргасан Н.Номтойбаярын ажил олон нийтийн өмнө тодорхой үр дүнгүй үлджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр анх 2026 оны гуравдугаар сард Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байгаагаа зарлав. Түүний танилцуулснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, “Бодь Интернэшнл”, “Тавантолгой төмөр зам” компанийн хооронд байгуулсан гэрээ, өмнөх гүйцэтгэгчийн санхүүжилт нийлээд 1.3 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Тэрээр УИХ-ын 32 гишүүний гарын үсэг цуглуулж, тогтоолын төслийг өргөн барихаа мэдэгдсэн. Мөн уг асуудалд нэр холбогдсон улс төрчдийг хянан шалгах бүрэлдэхүүнд оруулахгүй, хараат бусаар шалгах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Тухайн үед энэ санаачилга олон нийтийн анхаарлыг татсан. Учир нь өмнөх нүүрсний сонсгол, аудитын тайлангаар хөндөгдсөн төмөр замын санхүүжилт, гэрээний нөхцөл, урьдчилгаа төлбөрийн асуудалд парламентын хяналтыг дахин тавих боломж бүрдэнэ гэсэн хүлээлт үүссэн байв.

Гэвч санаачилга гарсан хэдий ч үр дүнд хүрэлгүй чимээ аниргүй алга болсон юм. Ингээд улсын төсвийн асар их хэмжээний хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шалгуулах улс төрийн санаачилга өөрөө тодорхойгүй байдалд оржээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын маргааны гол төвд “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам”, “Бодь Интернэшнл” гэсэн гурван байгууллагын хооронд байгуулсан гэрээ бий.

2019 оны аравдугаар сарын 29-нд байгуулсан гэрээний анхны дүн 792.2 сая ам.доллар байжээ. 2020 оны зургаадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийт санхүүжилт 1.0056 тэрбум ам.доллар болсон байна. Үүн дээр өмнөх гүйцэтгэгчийн 276.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нэмбэл нийт дүн ойролцоогоор 1.282 тэрбум ам.доллар болно. Мөн Үндэсний аудитын газар 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдэд зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаар тайлан танилцуулахдаа хэд хэдэн ноцтой зөрчил дурдсан байдаг. Тухайлбал, уг төмөр замын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа ил тод, тэгш өрсөлдөөний зарчмыг баримтлаагүй гэж дүгнэсэн. Мөн ажилтан, албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулахад зориулагдсан 45 сая ам.долларыг Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулжээ. Ингэснээр ажилчдын орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болсон тухай аудитын тайланд тэмдэглэсэн байна.

Түүнчлэн гүйцэтгэгчид их хэмжээний урьдчилгаа төлбөр олгохдоо гуравдагч этгээдийн баталгаа хангалттай бүрдүүлээгүй, төслийн зарим ажлыг төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлд нийцүүлээгүй, санхүүжилтийн өөрчлөлтөөс шалтгаалан гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгөөр илүү санхүүжилт олгосон зэрэг асуудал илэрчээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах хангалттай үндэслэл өмнөх аудитын баримт бичгүүдэд аль хэдийн бий болсон.

2026 оны гуравдугаар сарын 23-нд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяртай холбоотой авлигын шинжтэй байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт 894 хуудас материал өгч байгаагаа зарласан. Түүний материалд “Бодь Интернэшнл”-ийн оффтейк гэрээ, нүүрсний сонсгол, Б.Энхбаярын нэр холбогдсон гэх авлигын мэдээлэл, гэрчүүдийн мэдүүлэг багтсан гэсэн бөгөөд уг асуудлын хүрээнд тэдний маргаан хурцдаж байгаа. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хоёр эрхэм нэг нэгнийхээ эсрэг баримт дэлгэж, авлига, албан тушаалын ашиг сонирхол, нууц гэрээний асуудлаар харилцан буруутгаж олон сарыг өнгөрөөлөө.

Мөн Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн мэдэгдэлдээ Н.Номтойбаярын санаачилсан түр хороо байгуулах асуудлыг дахин хөндсөн. Тэрээр Шадар сайд Н.Номтойбаярын санаачилга зургаан сар ширээний нүдэнд дарагдсан гэж шүүмжилж, тогтоолын төсөлд гарын үсэг зурж УИХ-д оруулахыг уриалав. Иймээс Н.Номтойбаяр санаачилсан ажлаа үргэлжлүүлж, маргааныг эцэслэх цаг ирсэн мэт. 32 гишүүний гарын үсгийг цуглуулах ажил дээрээ гацсан гэх сонсголоо одоо хийх шаардлага үүсч байгааг харууллаа. Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нарын хэн нь үнэн хэлж байгааг уг сонсгол л шийдэх магадлалтай байгаа юм.

Б.АМИ

ТӨСӨВ 2027 | Төсөвтэй холбоотой онцлох шийдвэрүүд
ТӨСӨВ 2027 | Төсөвтэй холбоотой онцлох шийдвэрүүд
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.