
Монголын улс төрд авлигатай тэмцэж чадах эрх бүхий албан тушаалтан хаана ч үгүй болжээ. Үе үеийн хууль зүйн сайд нар улс төрийн хувийн тоглолт хийх зорилгоор “Авлигатай тэмцэнэ” гэх үгийг амны уншлага шиг уншдаг. Начир дээрээ тэдний хэн нь ч авлига хээл хахууль, хууль бус хөрөнгөтэй тэмцэж чадаагүй. Г.Тэмүүлэн байсан ч чадахгүй нь илт.
537 хоногийн өмнө Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийн хурааж авах хуулийн төслийг О.Алтангэрэл нарын хэд хэдэн гишүүд өргөн мэдүүлсэн байдаг. Үүнээс хойш гурав дахь засаг, тав дахь сайдынхаа нүүрийг үзсэн уг хуулийн төсөл өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцээгүй л явна. Цаад учир нь авлига, хээл хахууль, хууль бус хөрөнгөө хураалгачих вий гэсэн айдас хүйдэс улстөрчид, эрх бүхий мэдэлтнүүдэд үүссэнээс биз. Мөн Г.Тэмүүлэн сайдын зангараг дутаж буй бололтой.
Уг нь хуулийн төслийн зорилго нь энгийн. Албан тушаалаа ашиглан хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдийн хөрөнгийг илрүүлж, шүүхийн журмаар хураан төрд буцаан төвлөрүүлэх. Гэвч хууль төслийн шатнаас цааш хөдөлсөнгүй. 2025 оны намрын чуулган, 2026 оны хаврын чуулган, 2026 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон ч хэлэлцэгдээгүй гэж УИХ-ын гишүүн О.Алтангэрэл мэдээлэв. Түүний хэлснээр 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар анхны төслийг өргөн мэдүүлснээс хойш 537 хоног өнгөрчээ.
Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэн томилогдсон. Тэрбээр өмнөх сайд нарын залгамж халааг үргэлжлүүлнэ гэдгээ албан тушаалд томилогдох үеэрээ илэрхийлсэн байдаг. Гэтэл Г.Тэмүүлэн сайдын дараагийн алхам төслийг дахин боловсруулж, өөр нэрийн дор шинэ хувилбар гаргах явдал болов. Сонирхолтой нь, энэ төслийг боловсруулах ажлын хэсэг 2026 оны долоодугаар сарын 30-нд байгуулагдаж, наймдугаар сарын 4-нд хуралдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Тэмүүлэн сайд болохоос өмнө эхэлсэн ажил бөгөөд хуулийн төслийн шинэ хувилбарыг хэлэлцэж, саналаа нэгтгэн Засгийн газарт оруулахаар тогтсон байжээ. Харин наймдугаар сарын сүүлчээр олон нийтийн санал авсан. Гэхдээ УДШ-д очоод Г.Тэмүүлэн сайдын боловсруулсан хувилбар бүдэрсэн. УДШ уг төслийг хэлэлцээд дэмжихгүй гэсэн бөгөөд зарчмын хувьд боломжгүй гэж үзжээ. Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хураах тухай нийтийн өргөдөл 100 мянган хүний гарын үсгийн босгыг давсан. Өргөдөлд 100 сая төгрөгөөс дээш хууль бус хөрөнгөтэй холбоотой бүх насаар хорих зохицуулалт зэрэг тусдаа санал багтсан бөгөөд үүнийг 100,126 иргэн дэмжсэн.
Гэтэл хууль зүйн сайд Г.Тэмүүлэн одоог хүртэл чимээгүй. Түүний ч зангараг дутаж буй. Учир нь цаг хожиж, ирэх сонгуулиудыг угтахаар хуулийн төслийг эргэж, буцаах арга зам нь нэрийг нь өөрчилж, дахин эхнээс нь эхлэх эхлэл аж. Г.Тэмүүлэн сайдыг ажлаа авахад Ерөнхий сайд энэ талаар чиглэл өгсөн байдаг. Харин тэрбээр Ерөнхий сайдын чиглэлийг үл тоож, тойрч зугатсаар л байгаа. Ерөнхий сайд Н.Учрал салбараа цэвэрлэх үүрэг өгсөн, харин тэр тойрон хүрээлэгчдээ томилсон. Ерөнхий сайд дээрх хуулийн төслийг боловсруулж яаралтайгаар өргөн мэдүүлэх үүрэг болгосон, харин шинэ нэртэй ижил хууль өргөн мэдүүлсэн ч УДШ дээр буцсан. Ийн тэрбээр Ерөнхий сайдынхаа ч үүргийг биелүүлэхгүй, олон нийтийн шаардлагыг ч биелүүлэхгүй “орших” үүрэг гүйцэтгэж байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.