Трамп, Путин, Ши Жиньпин нар Хятадад уулзана
 

Трамп, Путин, Ши Жиньпин нар Хятадад уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод гурван талт уулзалт хийхээр болжээ. Энэ тухай Цагаан ордон арваннэгдүгээр сарын 13-нд албан ёсоор мэдэгдсэнийг Reuters болон Associated Press агентлагууд мэдээллээ.

Гурван улсын удирдагчид Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах бөгөөд энэ нь АНУ, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд нэг дор гурван талт хэлэлцээ хийх онцгой үйл явдал болох юм.

Уулзалтын гол сэдэв нь цөмийн зэвсгийг бууруулах асуудал

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Оливиа Уэйлсийн мэдээлснээр Дональд Трамп дэлхий дахинд цөмийн зэвсгийн тархалтыг хязгаарлах, цөмийн зэвсгийн нөөцийг бууруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

АНУ болон ОХУ-ын стратегийн цөмийн зэвсгийг хязгаарлаж байсан New START гэрээ 2026 оны хоёрдугаар сард хүчинтэй хугацаагаа дуусгасан. Ингэснээр дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй хоёр улсын стратегийн зэвсэглэлд тавьж байсан гэрээний хязгаарлалт хүчингүй болсон юм.

Трамп уг гэрээг шинэчилж, БНХАУ-ыг оролцуулсан гурван талт хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Гэвч БНХАУ ийм хэлэлцээнд оролцоход болгоомжтой хандаж байна. Учир нь АНУ, ОХУ тус бүр 5000 гаруй цөмийн цэнэгт хошуутай гэж тооцогддог бол БНХАУ-ын нөөц 600 гаруй байгаа нь харьцангуй бага юм.

Бээжин цөмийн зэвсгийн нөөцийн хэмжээ ихээхэн ялгаатай нөхцөлд гурван улсыг ижил шаардлагаар хэлэлцээнд оролцуулах нь шударга бус гэсэн байр суурь илэрхийлсээр иржээ.

Украины дайны асуудлыг хэлэлцэхгүй байж магадгүй

Уулзалтын өөр нэг анхаарал татаж буй асуудал нь ОХУ-Украины дайн юм.

Гэхдээ Цагаан ордны өндөр албан тушаалтны мэдээлснээр Трамп энэ удаагийн гурван талт уулзалтаар Украины дайны асуудлыг хөндөхгүй байхаар төлөвлөжээ. Харин АНУ, Израил болон Ираны хоорондын мөргөлдөөний асуудлыг хэлэлцэхээр байгаа аж.

АНУ-ын тал Украины асуудлаар ОХУ-тай тусдаа дипломат харилцаа, хэлэлцээ үргэлжилж байгааг тайлбарласан байна.

Нөгөө талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський гурван их гүрний уулзалтаар Украины ирээдүйтэй холбоотой асуудлыг тус улсын оролцоогүйгээр хэлэлцэж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Гурван их гүрэн тохиролцоонд хүрч чадах уу?

АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан энэ удаагийн уулзалтаас цөмийн зэвсгийг бууруулах талаар тодорхой гэрээ, хэлэлцээр байгуулагдана гэсэн хүлээлт байхгүйг мэдэгдсэн.

Гэхдээ уг уулзалт нь дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй гурван улсын хооронд зэвсэглэлд хяналт тавих шинэ хэлэлцээ эхлүүлэх боломж гэж Вашингтон үзэж байна.

Шинжээчдийн тайлбарласнаар уулзалт нь зөвхөн цөмийн зэвсгийн асуудлаар хязгаарлагдахгүй, АНУ, ОХУ, БНХАУ-ын геополитикийн харилцаа болон олон улсын аюулгүй байдлын цаашдын чиг хандлагад чухал дохио өгч болзошгүй юм.

Гэхдээ гурван улсын ашиг сонирхол, цөмийн зэвсгийн нөөцийн ялгаа, олон улсын мөргөлдөөний талаарх байр суурийн зөрүү нь бодит тохиролцоонд хүрэхэд томоохон саад хэвээр байна.

Б.Баатар: Хүүхдээр бохир улстөр хийхээ зогсоо!
Б.Баатар: Хүүхдээр бохир улстөр хийхээ зогсоо!
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.