
Монгол Улсын иргэн С.Шаарийбуу гуайн Малайзын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Г.Занданшатар Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар Монгол Улсын байр суурь, Малайзын талд тавьсан хүсэлтийг танилцуулсан.
Үүнд:
1. Монгол Улсын иргэн С.Шаарийбуугийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, холбогдох иргэний нэхэмжлэлийг улс төрийн болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс ангид, баримтад тулгуурлан шударга, ил тод шийдвэрлэх.
2. Австралид байгаа Сирул Азхар Умараас иргэний хэрэгт мэдүүлэг авах хууль ёсны боломжийг бүрдүүлж, түүнийг Малайзад хууль ёсоор шилжүүлэн өгөх асуудлаар Малайз, Австралийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх.
3. Шинээр илэрсэн болон өмнө нь шалгаагүй нотлох баримтыг хуульд нийцүүлэн шуурхай шалгаж, гэр бүлд өмгөөлөгчдөөр нь дамжуулан мэдээлэх.
4. Шүүх ажиллагаа болон тавьсан хүсэлт бүрийн талаар Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор бичгээр хариу өгөх.
Мөн тэрбээр хувийн санаачилгаар Малайз, Австралийн Засгийн газарт хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлсэн байна.
Г.Занданшатар "Бид Малайзын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэж буй. Монгол Улс хэнийг ч цаазаар авахуулахыг хүсэхгүй. Сирулыг буцаах аливаа тохиролцоо хоёр улсын хуульд нийцэж, цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх бодит баталгаатай байх ёстой.
Ш.Алтантуяа талийгаачийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө дипломат болон хууль ёсны бүх сувгаар тууштай ажиллаж, тавьсан хүсэлтүүдийнхээ хариуг нэхэх болно.
энэ гэр бүлийн үнэнийг мэдэх, шударга ёсыг хүртэх эрхийн төлөө уриалгад нэгдэж, гарын үсгээ зурж, түгээхийг та бүхнээс хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.