УКРАИН: Пуужингаар довтолж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Пуужингаар довтолж байна

Зургийн эх сурвалж: koreatimes

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ БАЙНГА ШИНЭЧЛЭГДЭН, НЭМЭГДЭЖ БАЙХЫГ АНХААРНА УУ

/2022.2.24/ Өнөөдөр Москвагийн цагаар 06.00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг би гаргалаа" хэмээн орос орон даяар мэдээлсэн юм.

Яг одоо Украины газар нутагт Оросын цэргүүд дайран орж, цэргийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сошиал хуудаснаа шуурхай мэдээллийг дамжуулсаар байна.

08:13 цаг : Зеленский бүх нийтийн дайчилгааг зарлалаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дөнгөж саяхан бүх нийтийн дайчилгаа хийх зарлигт гарын үсэг зурлаа.

Зэвсэг авч явах чадвартай бүх украинчуудыг эх орноо хамгаалахыг уриалав.

Мөн 90 хоногийн хугацаанд хүчинтэй байх зарлигийн дагуу тус улсын хугацаат цэргийн алба хаагчид болон бэлтгэл офицеруудыг цэргийн албанд татахаар болжээ.

08:01 цаг ВВС: Украины эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглов

Украины 18-60 насны бүх эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглолоо гэж Украин улсын хил хамгаалах алба (DPSA) мэдэгдэв.

Энэ арга хэмжээ нь "Украины батлан ​​​​хамгаалах, дайчилгааг цаг тухайд нь зохион байгуулахад чиглэгдсэн" гэж нэмж хэлэв.

Түр хориг нь пүрэв гарагийн өглөө зарласан цэргийн байдлын хугацаанд хүчинтэй байх ажээ.

/2022.02.25/ 07:30 цаг ВВС: Киевийн иргэд метроны хонгилд цугларч байна

Украинд шөнө дунд дөхөж байхад дайны хөлөөс зугтсан Киевийн тоо томшгүй олон иргэд метроны буудлуудад унтаж байна.

Тэд гэрийн тэжээвэр амьтад, уртасгагч утас, утасны цэнэглэгч, тэр ч байтугай хийлдэг гудсаа хүртэл авчирсан байна.

Энэ газар "хөл хөдөлгөөн бага, ихэнх хүмүүс утсаа гүйлгэж, сүүлийн үеийн мэдээг авахыг хичээж байна" гэж цугларсан олны нэг болох Оксана хэлэв.

"Бид энд хоноход асуудалгүй бололтой" гэж тэр Facebook хуудсандаа бичжээ.

Мөн Киевийн ойролцоох ширүүн тулаан, Чернобылийн цахилгаан станцыг булаан авсан тухай мэдээ, Киевт халдлага үйлдэж магадгүй гэсэн таамаглалыг харгалзан үзвэл энд хоргодох нь зөв шийдвэр юм шиг бололтой.

20.11 цаг: AL JAZEERA: Эрдоган Путинийг шүүмжиллээ

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Путины цэргийн ажиллагааг шүүмжилж, "бүс нутгийн энхтайванд аюул занал учрууллаа" хэмээжээ. Тэрээр телевизээр хэлсэн үгэндээ "Оросын цэргийн ажиллагааг бид эсэргүүцэж байна. Түүний энэ үйлдэл нь бүс нутгийн энхтайван, тогтвортой байдалд хүнд цохилт боллоо" гэсэн байна.

19.54 цаг: Украинд цаг хэд болж байна вэ?

Яг одоо Улаанбаатар хотод 19.54 цаг болж байна. Харин энэ үед Украины нийслэл Киевт цаг өдрийн 13.55 цаг болж байна.

19.45 цаг: SOUTH CHINA MORNING POST

Хятад улсын байр суурь ямар байгаа талаар хятадын томоохон мэдээллийн хэрэгсэл болох South China Morning post сайтад мэдээлжээ.

Энд дурьдсанаар, Хятад улс Украинд үүссэн хурцадмал байдлыг зогсоох арга хэмжээ авахыг уриалж, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалж байна гэжээ.

НҮБ дахь Хятадын төлөөлөгч Жан Жүн Путины шийдвэрийг дэмжсэн эсвэл буруушаасан ямар ч мэдээлэл, үг хэлсэнгүй. Харин тэрээр:

"Украины нөхцөл байдалд Хятад улс тун санаа зовинож байна. Холбогдох талууд тайван байж, хурцадмал байдлыг улам хурцатгахгүй байхад анхаарах ёстой. Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх бүрэн боломж байгаа хэмээн бид үзэж байна" гэж тэрээр хэлжээ.

19.08 цаг: AL JAZEERA: НАТО бэлтгэл ажиллагаа хийж байна

Аль Жазирагаас дараах мэдээллийг хийжээ.

НАТО-ийн гишүүн орнууд газар, агаар, далайд цэргийн хүчээ зузаатгахаар болжээ. НАТО-ийн гишүүд шуурхай хэлэлцээ хийснийхээ дараа "Бид эвслийн зүүн хэсэгт хамгаалалтын нэмэлт хуурай газар, агаарын хүчин, мөн нэмэлт тэнгисийн хүчийг байрлуулж байна" гэж мэдэгдэв. Мөн "Бид болзошгүй нөхцөлд хариу арга хэмжээ авах цэргийн хүчнийхээ бэлэн байдлыг хангалаа" гэв.

18.48 цаг: ASSOCIATED PRESS

Ассошиэтэд пресс агентлагийн мэдээлснээр оросын дайралтын улмаас 40 хүн амиа алджээ. Томоохон дэлбэрэлтүүд Киев, Харьков, Одесад болж байгаа ажээ.

18.40 цаг: BBC мэдээлэл

Украины томоохон хотуудын ойролцоо оросын цэргийн дайралт болж байна. Бид мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Олон нийтийн сувгаар маш олон төрлийн видео бичлэгүүд тархаж байгаа учир, бид тэднийг нягтлан шалгаж байна.

фото эх сурвалж: BBC, Украин, Чугуев
Фото эх сурвалж: BBC, Харьковт болсон дэлбэрэлтэд өртсөн эмэгтэй

18.00 цаг: Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөх үеэр /2022.2.24/

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Манай улс иргэдээ татаж авах асуудлыг шийдхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Украин улс агаарын хилээ хаасан байдалтай байна. Олон улсын нислэгүүд цуцлагдсан.

Манай улсын хувьд эхний ээлжинд энэ сарын 26,27-ны нислэгт 21 хүний суудал захиалчихсан байна. Тухайн иргэдийг татаж авах бүх зардлыг төрөөс хариуцна.

Агаарын тээврээр нисэж ирэх боломжгүй иргэдийг Польш улсаар дамжуулан татан авна. Хамгийн боломжтой аргаар шуурхай татаж авахыг хичээж байна. Одоогийн байдлаар гэмтэж, бэртсэн монгол иргэн байхгүй.

Тухайн улсад байгаа манай улсын иргэд ирэх эсэх нь өөрсдийнх мэдэх хэрэг. Одоогийн байдлаар 22 иргэн ирэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Түүнчлэн хоёр оюутан ирж чадахгүй гэдгээ хэлсэн. Украинд байгаа хүмүүс хоргодох байранд байна.

Дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн орны иргэдийн татаж авахын тулд тал талдаа ажиллаж байна.

17.59 цаг: Зеленський ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ

Украины Ерөнхийлөгч Зеленський ард түмэндээ хандан хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл хийлээ. Тэрээр:

-Бидэнд та бүхний итгэл, дэмжлэг маш их хэрэгтэй байна. Украины цэргийг зэвсэгт хүчин Донбассын бүс нутгуудад манай цэргүүд үнэхээр ширүүн тулалдаж байна. Өнөөдөр үндэсний эв нэгдэл бол Украины төрт ёсны гол тулгуур юм. Бид эх орон, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд хүн бүхэнд зэвсэг өгөх болно. Украины иргэн бүр эх орноо хамгаалахыг хүсэж байгаа. Байлдааны туршлагатай, батлан хамгаалах салбарт ажиллаж байсан, ахмад дайчид, хамгаалалтынхан та бүхэн холбогдох төвүүдэд яаралтай очих хэрэгтэй. Бид эх орноо хамгаалахын хүссэн хүн бүхэнд зэвсэг өгнө.

Мөн өглөөнөөс хойш шархадсан цэргүүдэд цус хэрэгтэй байгаа тул цусаа өгөх үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Бизнес эрхлэгчдээсээ мөн биднийг дэмжиж, туслахыг уриалж, хүсэж байна.

Украины банк, банкны систем нь санхүүгийн хэрэгцээгээ хангах шаардлагатай нөөцтэй байх, украины иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд ажиллахыг хүсэж байна.

Украины улстөрчид бидний дунд одоо ямар ч өрсөлдөөн байхгүй, бид бүгд улсынхаа сайн сайхан, ирээдүйн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байна.

Бид ОХУ-аас дипломат харилцаагаа таслаж байна. Бид эрх чөлөөгөө хамгаалан тэмцэнэ, Моксвад өөрсдийн эрх чөлөөгөө алдахгүй. Эх орондоо өөрсдийн хүслийн дагуу, амгалан тайван амьдарна гэдэг тусгаар тогтнол юм.

Одоо би Оросын иргэдэд хандан оросоор үг хэлмээр байна. Та бүхэнд миний энэ мэдэгдлийг телевизийн сувгуудаар үзүүлэхгүй. Харин сошиал сувгуудаас үзэх боломжтой. Гэвч түүхийг хааж боох боломжгүй. Блогчид, сошиал хэрэглэгчид үнэнийг тэдэнд мэдүүлээрэй. Үнэн мэдээллийг хүргэж байхын тулд цаг тутамд би сошиал хуудсаараа мэдээлэл өгч байх болно.

17.50 цаг: ASSOCIATED PRESS

Ассошиэтэд пресс агентлаг Украины нийслэл Киевт агаарын дайралтын дохио өгч байгаа видеог youtube хуудаснаа байршуулжээ.


15.00 ЦАГААС ӨМНӨХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ МЭДЭЭНЭЭС ХҮЛЭЭН АВНА УУ!


АЛЬ ЖАЗИРА:
Аль Жазира сувгийн сурвалжлагч Эндрю Симмонс "Яг одоо агаарын дайралтын дуут дохио хот даяар /Донбас/ хангинаж байна. Цэргийн байгууламжууд бай болсон бололтой. Пуужингийн довтолгоонууд болж байна. Хохирлын тоог одоогоор мэдээлэх боломжгүй" гэж мэдээлжээ.

ТВИТТЕР:
Киевт суугаа АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны твиттер хуудаст "Оросын цэргийн дайралт Украины томоохон хотуудыг онилсон гэх мэдээлэл ирлээ. Үүнд Киев, Харьков, Одеса, Ивано франковск, Мариопол зэрэг хотууд багтаж байна. Тус улсад байгаа америкийн иргэдийг хоргодох байранд орж, дараах арга хэмжээг авахыг анхааруулъя. Үүнд: Хэрвээ бөмбөгдөх чимээ гарвал яаралтай хоргодох газар ор. Хэрэв орон байр, гэртээ байгаа бол бага давхартай байшинд орж, цонхны дэргэд биш даацын хананы дэргэд байх. Гадаа байгаа бол яаралтай хоргодох газар ол. Эс бөгөөс гараараа толгойгоо хамгаалж газар хэвт" гэжээ.

CNN:
CNN сувгийн шууд сурвалжлага, мэдээлэл үргэлжилж байна. Тус сайтад Украины Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн постыг мэдээлжээ. Мэдээлэлд:

"Энэ бол Украин улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж буй дайн. Ийнхүү дайн өдөөснөөр НҮБ-ын дүрэм, олон улсын эрхзүйн үндсэн хэм хэмжээ, зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл" гэжээ.

Мөн Литва, Латви, Эстони улсуудын Гадаад хэргийн сайд нар хамтран "тусгаар тогтносон, ардчилсан Украин улс руу довтолж буй"-г эсэргүүцэж буйгаа илэрхийлэн мэдэгдэл хийснийг мэдээлж байна.

ФЭЙСБҮҮК:
Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах мэдээллийг постолжээ. Тэрээр:

Дайн эхэлсэн. Дайн эхэлсэн тэр хугацаанаас манай Гадаад харилцааны яам, түүний бүтэн систем бүхэлдээ Оросын эсрэг хориг арга хэмжээг яаравчлуулах, Украинд зэвсэг, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг бусад улс орнуудад уриалан ажиллаж байна.

Эрхэм Украинчууд аа, хамгийн гол нь та бүхэн бүү сандар. Хэрвээ та гадаад улс оронд амьдарч байгаа бол амьдарч байгаа улс орнуудынхаа төр засаг, хүмүүст үнэн мэдээллийг хүргэ. Путин зөвхөн манай улс руу дайраагүй ээ. Тэр Украин хүн бүхэн рүү дайрсан. Гэвч бид үүнийг даван гарч чадна. Украин ялна" гэжээ.


ТВИТТЕР: Дэлхий бидэнтэй хамт байна

Украины Ерөнхийлөгч В.Зеленський өөрийн албан ёсны твиттер хуудаснаа "Би дэлхийн улс орнуудын тэргүүнүүдтэй хэлэлцээ хийсээр байна. Катар улсаас дэмжлэг хүлээн авлаа. Дэлхий бидэнтэй хамт байна" хэмээн жиргэжээ.

Мөн "Путиныг нэн даруй зогсоохыг шаард. Путины эсрэг эвсэл байгуулж байна. Түүний эсрэг хориг арга хэмжээнүүдийг яаралтай ав. ОХУ-ын эсрэг агаарын хилүүдээ хаа. Дэлхий энхтайваны талд байх ёстой" хэмээжээ.

ИТАР ТАСС: 15.46 цаг

Украинтай хил залгаа Оросын Воронеж мужийн эрх баригчид цэцэрлэг, сургуулийг түр хаажээ. "Онцгой байдлын комиссын шийдвэрээр тус бүс нутагт тогтоосон онцгой байдлын бүрэн эрхийнхээ хүрээнд Кантемировский, Россошанский дүүргийн нутаг дэвсгэрт сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр хоёр дүүргийн захиргаанаас эцэг эхчүүдэд сургуулийн өмнөх насны хүүхдүүдээ гэртээ үлдээхийг анхааруулъя "гэж Воронеж мужийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Мөн Крым дахь Орос-Украины хил дээрх бүх шалган нэвтрүүлэх боомтууд хаагдсан Олег Крючков мэдэгдсэн талаар мэдээллээ.

JAPANTIMES: 15.52

Япон улсын томоохон мэдээллийн хэрэгсэл болох Жапан таймс сайтад ОХУ-ын түрэмгийлэл, дайны талаарх мэдээллийг сурвалжлан хүргэсээр байна.

Тус сайтад "Япон Улсын Ерөнхий сайд Фумио Кишида Орос улсаас Укриан руу түрэмгийлэн довтолж буйг хүчтэй эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, ОХУ-д авах хатуу хориг арга хэмжээнд нэгдэхээ илэрхийллээ. Мөн тэрээр үүссэн нөхцөл байдал, хямралыг даван туулахаар АНУ болон бусад улсуудтай хамтран ажиллана гэж сэтгүүлчдэд мэдээлжээ".

Мөн Фумио Кишида Украинд суугаа өөрийн улс орны иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд яаралтай алхмуудыг хийх болно гэжээ.

ТВИТТЕР:

Английн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийн твиттер хуудаснаа дараах постыг шэйрэлжээ. Тэрээр:

Украинд болсон үйл явдалд туйлын харамсаж, Ерөнхийлөгч В.Зеленськийтэй утсаар дараагийн алхмуудаа хэрхэхийг ярьлаа. Ерөнхийлөгч Путин Украины эсрэг дайрснаараа цус урсгах сонголтыг хийлээ. Их Британи болон бусад улсуудын нэгдэл хариу арга хэмжээг яаралтай авах болно" гэжээ.

16.30: Зеленський ард түмэндээ хандан үг хэллээ

Украины Ерөнхийлөгч Зеленський өөрийн фэйсбүүк хуудсаараа, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр:

-Бид та бүхэнд үнэ бодит мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно. Өнөөдөр Орос Украин руу довтолж, бүрэн ардчилсан Украины ертөнцөд дайн эхлүүллээ. Тэд манай төрт улсыг, биднийг устгахыг хүсэж байна. Дайсны цохилт бидэнд туслаа. Бидэнд та бүхний дэмжлэг яг одоо хэрэгтэй байна. Бид гадаад улс орнуудаас мөн дэмжлэгийг авч байна. Украины цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд Путины эсрэг бүх хориг арга хэмжээ авахыг гадны улс орнуудын удирдагчидтай ярилцах үеэрээ уриаллаа. Би Английн Борис Жонсон, АНУ-ын Жо Байден зэрэг удирдагчидтай ярилцаж, Путины эсрэг эвсэл байгуулахыг уриаллаа. Украиныг Бурхан өршөөг" гэлээ.

16.55: FRANCE24

Францын Франс24 мэдээллийн суваг тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны жиргээг мэдээлжээ. Макрон Оросын цэргийн үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр:

"Франц улс Украин руу дайрсан Оросын түрэмгийллийг эрс эсэргүүцэж байна. Энэ цэргийн үйл ажиллагаагаа тэд яаралтай зогсоох ёстой. Франц Украин улсын талд зогсох болно. Дайныг зогсоохын тулд Оросын эсрэг холбоотнуудын талд зогсох болно" гэжээ.

17.26: ТВИТТЕР

Твиттерт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 4 цагийн өмнө жиргэжээ. Тэрээр:

-Ерөнхийлөгч Зеленський надтай утсаар холбогдож, бид ярилцлаа. Би Оросын цэргийн хүчний энэхүү өдөөн хатгасан, шударга бус дайралтыг буруушааж байна. Мөн хийж буй арга хэмжээнийхээ талаар товч мэдээллээ. Зеленський надаас дэлхийн удирдагчдыг Путины хүчирхийллийн эсрэг уриалгад дуудаж, Украины ард түмний талд зогсохыг уриаллаа. Маргааш би Их долоогийн удирдагчидтай уулзана. Энэ уулзалтаар АНУ болон холбоотнууд Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах болно. Бид Украин болон Украины ард түмэнд дэмжлэг үзүүлсээр байх болно" гэжээ.

Манай улсын 90 иргэн Украинд байна
Манай улсын 90 иргэн Украинд байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.