Б.Баатар: Хүүхдээр бохир улстөр хийхээ зогсоо!
 

Б.Баатар: Хүүхдээр бохир улстөр хийхээ зогсоо!

"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатар Английн "Fulham" клубын нэхэмжлээд буй 6.5 тэрбум төгрөгийг түүний хүү Б.Хабултай холбон тайлбарласан асуудлыг үгүйсгэн албан ёсны мэдэгдэл хийжээ.

Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна:

Хүүхдээр бохир улстөр хийхээ зогсоо!

Сүүлийн үед Английн “Fulham” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, түүний санхүүжилтийн асуудлыг надтай болон миний хүү Б.Хабултай зориуд холбон, ямар ч үндэслэлгүй, илт худал мэдээлэл тарааж байгаад эцэг хүний хувьд туйлын их харамсаж, албан ёсоор байр сууриа илэрхийлж байна.

Нэгдүгээрт. Миний хүү Б.Хабул Английн “Fulham” клуб болон тус клубийн хөлбөмбөгийн академитай ямар ч холбоогүй.

Миний хүү тус академид суралцаагүй, бэлтгэл сургуулилтад нь хамрагдаагүй, багийн бүрэлдэхүүнд тоглоогүй, аливаа тэмцээн уралдаанд нь оролцож байгаагүй.

Энэ асуудлаар “Fulham” клубийн олон нийттэй харилцах албанд албан ёсоор хандаж, холбогдох тодруулга хүссэн. Тус клубээс албан ёсны хариу ирүүлмэгц олон нийтэд нээлттэй танилцуулах болно.

Хоёрдугаарт. Миний хүүгийн хөлбөмбөгийн замнал бол өөрийнх нь олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийн үр дүн юм.

Хабул бага наснаасаа хөлбөмбөгт дурлаж, энэ спортоор тууштай хичээллэж ирсэн. Тэрээр Английн “Millfield School”, “Brooke House College”-д суралцах хугацаандаа сургуулийнхаа хөлбөмбөгийн багуудад тоглож, ур чадвараа хөгжүүлсэн.

Улмаар өөрийн авьяас, хөдөлмөр, ур чадвараар Испанийн хөлбөмбөгийн клубийн шалгуурыг хангаж, тоглох боломжоо олж авсан.

Энэ бүхэнд “Fulham” клуб, түүний академи, Английн хөлбөмбөгийн холбооноос ямар нэгэн дэмжлэг, давуу эрх, туслалцаа үзүүлээгүй.

Хүүхдийн олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдлөөр бий болсон амжилтыг төрийн байгууллагын гэрээ, санхүүжилттэй зохиомлоор холбож, улс төрийн зорилгоор харлуулах нь хэрээс хэтэрсэн үйлдэл юм.

Гуравдугаарт. Төрийн шийдвэр, гэрээ хэлцэл, санхүүгийн хариуцлагыг надтай болон миний гэр бүлтэй зохиомлоор холбон тайлбарлахаа зогсоохыг шаардаж байна.

Монгол Улсын Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын гаргасан шийдвэр бүрийн цаана намайг байсан мэтээр хардаж, нийгэмд үүссэн асуудал болгоныг надтай, улмаар миний үр хүүхдийн нэртэй холбон гүтгэдэг явдал хэрээс хэтэрлээ.

“Fulham” клубтэй байгуулсан гэрээ, түүний санхүүжилт, төлбөр тооцоо, шийдвэр гарсан үндэслэл, үйл явцыг уг асуудлыг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтнууд өөрсдөө баримттайгаар тайлбарлах ёстой.

Миний бие энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулж, шаардлагатай тайлбар, баримтыг гаргаж өгсөн. Миний хүүгийн хөлбөмбөгийн замнал уг гэрээтэй ямар ч холбоогүй болохыг нотлох баримтуудыг мөн танилцуулсан.

Гэтэл АТГ яагаад өнөөдрийг хүртэл энэ асуудлаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхгүй байна вэ?

Төрийн шийдвэрийг тайлбарлах үүрэгтэй хүмүүсийн дуугүй байдал миний болон миний хүүхдийн нэрийг дур мэдэн ашиглаж, нийгэмд худал ойлголт төрүүлэх шалтаг болж болохгүй.

Дөрөвдүгээрт. Насанд хүрээгүй хүүхдийн гэрэл зураг, хувийн мэдээллийг улс төрийн зорилгоор удаа дараа түгээж, олон нийтийн дайралтын бай болгохоо нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүүхдийн эрх, нэр төр, хувийн мэдээлэл, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг.

Хүүхдийн гэрэл зураг, түүгээр дамжуулан таних боломжтой хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэл, зохих зөвшөөрөлгүйгээр цуглуулах, ашиглах, нийтэд түгээх нь хууль зөрчих үндэслэлтэй. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн зургийг улс төрийн дайралт, гүтгэлэг, олон нийтийн үзэн ядалтыг өдөөх зорилгоор удаа дараа ашиглахыг зөвтгөх аргагүй.

Өмнө нь Л.Оюун-Эрдэнийн хүүг ч улс төрийн маргаанд татан оролцуулж, хувийн амьдрал, нэр төрийг нь олон нийтийн дайралтын бай болгож байсан. Өнөөдөр миний хүүг мөн ийм аргаар улс төрийн зорилгод ашиглаж байна.

Эцэг нь хэн байхаас үл хамааран хүүхэд бүр ижил эрхтэй. Улс төрийн өрсөлдөөн, насанд хүрэгчдийн зөрчил тэмцэл хүүхдийн эрх, нэр төр, ирээдүйгээр тоглох хэмжээнд хүрч болохгүй.

Насанд хүрээгүй хүүхдийн зургийг зөвшөөрөлгүйгээр түгээж, худал мэдээлэлтэй холбон ашиглаж байгаа үйлдлүүдийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно.

Тавдугаарт. Хүүхдийн хүсэл мөрөөдөл, ирээдүй, олон жилийн хөдөлмөрийг улс төрийн өс хонзонгийн золиос болгох ёс суртахууны эрх хэнд ч байхгүй.

Миний хүү багаасаа дурлаж сонгосон спортоороо тууштай хичээллэж, өөрийн хүч хөдөлмөрөөр ирээдүйгээ бүтээж яваа залуу хүн.

Намайг шүүмжилж болно. Миний ажил, үйл ажиллагааны талаар асууж, хариуцлага нэхэж болно. Үүнд би хэзээд нээлттэй.

Харин миний хийгээгүй үйлдлийг надад тохож, түүгээрээ дамжуулан миний хүүхдийн нэр төр, ирээдүй, хүсэл мөрөөдөлд халдахыг эцэг хүний хувьд хэрхэвч зөвшөөрөхгүй!

Улс төрд өрсөлдөгч байж болно. Үзэл бодлын зөрүү байж болно. Хариуцлага нэхэх, шүүмжлэх эрх хүн бүрд бий. Гэхдээ улс төрийн тэмцэлд ч давж болохгүй ёс суртахууны хил хязгаар гэж бий. Тэр нь хүүхэд юм.

Монголчууд бид үр хүүхдээ бурмаар тэтгэдэггүй юм гэхэд урам зоригийг нь хугалж, хүсэл мөрөөдлийг нь нугалдаг увайгүй, хорон үйлдлээс ангид байх ёстой.

Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй. Эцэг эхийнх нь албан тушаал, улс төрийн байр суурь хүүхдийг буруутгах, гутаах, ялгаварлах үндэслэл хэзээ ч болох ёсгүй.

Энэ бол зөвхөн миний хүүгийн тухай асуудал биш. Монголын хүүхэд бүрийн эрх, нэр төр, ирээдүйн тухай асуудал юм!

Эгийн голын усан цахилгаан станц сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ
Эгийн голын усан цахилгаан станц сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.