/2023.01.26/: Хятад инженер АНУ-д тагнуул хийсэн хэргээр найман жил шоронд хоригдох ял сонслоо.
АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр 31 настай Жи Чаокүн ажилд авах боломжтой эрдэмтэн, инженерүүдийг хайж байсан аж. Ингэхдээ тэрээр Зянсу мужийн Төрийн аюулгүй байдлын яаманд ажиллах боломжтой найман хүний талаар мэдээлэл дамжуулсан бөгөөд тухайн хүмүүс бүгд Хятад эсвэл Тайвань гаралтай АНУ-ын харьяат иргэд байжээ.
Жи нь 2016 онд үндэсний эрх ашигт чухал ач холбогдол бүхий ур чадвартай гадаадын иргэдийг элсүүлэх хөтөлбөрийн дагуу АНУ-ын армийн нөөцөд элссэн байна. Тэрээр өргөдөл болон ярилцлагадаа сүүлийн долоон жилийн хугацаанд гадаадын засгийн газартай холбоо бариагүй гэж худал хэлсэн гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
АНУ-ын эрх баригчид Жи-г Хятадын төрийн тагнуулын гол албаны удирдлага дор ажиллаж байсан гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн есдүгээр сард түүнийг АНУ-ын Ерөнхий прокурорт мэдэгдэлгүйгээр гадаадын засгийн газрын төлөөлөгчөөр ажиллаж, АНУ-ын армид худал мэдүүлэг өгсөн хэргээр ял өгсөн байна.
Жи 2018 оны есдүгээр сард АНУ-ын хууль сахиулах байгууллагын нууц ажилтантай мэдэлгүйгээр уулзсаны дараа баривчлагджээ.
Тэрээр уулзалтуудын үеэр цэргийн үнэмлэхээрээ нисэх онгоц тээгч хөлөг онгоцнуудад зочилж, гэрэл зураг авах боломжтой гэдгээ хэлсэн байна. Мөн АНУ-ын иргэншил, аюулгүй байдлын зөвшөөрлийг олж авсны дараа ТТГ, Холбооны мөрдөх товчоо эсвэл НАСА-д ажилд орох хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Жи эдгээр агентлагуудын аль нэгэнд кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллах зорилготой байсан бөгөөд ингэснээр тухайн байгууллагуудын бүх мэдээллийн сан, тэр дундаа шинжлэх ухааны судалгаа агуулсан мэдээллийн санд хандах боломжтой болох байсан гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС