/2023.01.24/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийг зохицуулагч Н.Баяртогтох танилцуулав. Төсөл 2020-2023 оны хооронд хэрэгжинэ.
Төсөл нь нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгсэл болон үйлчилгээгээр хангах, хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулах зорилготой. Энэ хүрээнд гэр хорооллын нарийн тоосонцрыг бууруулах зорилгоор таван халаалтын зуухыг буулган, төвлөрсөн дулаанд холбосон байна. Мөн агаар, орчны чанарын хяналтын гурван иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлж, улсын өмчит сургууль, цэцэрлэгийг дулаалжээ.
Түүнчлэн газрын гүний дулааны систем туршилтын төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгт төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байжээ. Гэхдээ дулаан алдагдлыг бууруулсан ч тоолууржуулалтын системгүй, эзлэхүүнээр хэмждэг учраас төсөвт учирдаг хүндрэлүүд хэвээр байгаа тул тоолууржуулах хэрэгтэйг хэлж байлаа. Мөн газрын гүний дулааны системийн талаар стандарт байдаггүй учраас стандарт батлахад анхаарч байгаа аж.
Цаашид ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хоёр байршилд хийнэ. Мөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах ажлыг найман барилгад хийжээ. Энэ ажлыг 2017 онд анх санаачилж, гэр хорооллын айлуудын байрыг дулаалж эхэлсэн нь үр дүнтэй байж, галлагааны давтамж 50 хувиар буурсан үр дүн гарч байсан аж. Улаанбаатар хотын хэмжээнд угсармал 1000 гаруй орон сууц байдаг. Эдгээрийн дулаан алдагдлыг бууруулбал нэг цахилгаан станцын эрчим хүчийг хэмнэх тооцоо гарчээ.
Эх сурвалж: НЗДТГ