/2023.1.10/ МАХН болон МАН өнгөрөгч оны дөрөвдүгээр сард нэгдсэн.
Удалгүй буюу наймдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон юм. Энэ захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан билээ. 2023 онд Монгол Улс тогтолцооны өөрчлөлт хийнэ гэдгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар он солигдох үеэр үг хэлэхдээ зориуд тэмдэглэсэн гэдгийг бид мэдээлсэн.
Тэгвэл Н.Энхбаяр 2019 онд Бүгд Найрамдах Монгол Улсын дээд хууль гэх Үндсэн хуулийн шинэ хувилбарыг санаачлан зохиосноо яг энэ өдөр зарлаж байсан юм. Өдгөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч тул түүний энэ санаанаас тодорхой заалтууд шууд тусгагдах магадлалтай гэж үзэн бид та бүхэнд энэ хуулийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Дашрамд сонирхуулахад, Н.Энхбаяр өчигдөр "Монгол Улс хоёр танхимтай, сонгодог парламенттай болох ёстой" хэмээн ярьсан. Энэ нь түүний зохиосон доорх хуулийн төсөлд бүрэн тусгагдсан болохыг харах боломжтой.
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/
2019.01.10
Нэгдүгээр зүйл. Бүгд Найрамдах Монгол Улс
1.1. Бүгд Найрамдах Монгол Улс бол тусгаар тогтносон, нутаг дэвсгэрийн хувьд хуваагдашгүй цул, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төр засгийг эмхлэн байгуулах, түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ардчилсан зарчмыг тууштай баримтлагч, иргэдийнхээ сайн сайхан хүсэл тэмүүллийг хөхиүлэн дэмжигч, нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч, бүрэн эрхт Бүгд найрамдах улс бөгөөд албан ёсны нэр нь “Бүгд Найрамдах Монгол Улс” / товчлол нь – БНМУ/ мөн.
1.2. БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
1.3. Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, цог хийморь, улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг илэрхийлнэ.
1.4. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт БНМУ-ын бүрэн эрхт байдал, цог хиймор, тусгаар тогтнолыг бэлгэдэн илтгэсэн ариун бүхний илэрхийлэл болсон цагаан өнгийн, жигүүртэй хийморийн морийг нуруун дээр нь алтан соёмбо залсан байдлаар хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн, ариун хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.
1.5. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь БНМУ-ын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
1.6. БНМУ-ын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь монгол хүний эрх, эрх чөлөөг бат хамгаалах болон БНМУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэх тэмцлийн ялалт, монголын ард түмний эр зориг, үйл хэрэг нь мандан бадрах амжилтын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт Монголын ард түмэн өөрийн хүсэл зоригоор туурга тусгаар улс орноо эмхлэн байгуулж оршиж байгаагийн утга санааг илэрхийлсэн алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
1.7. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар “Бүгд Найрамдах Монгол Улс” гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг БНМУ-ын Ерөнхийлөгч барина.
1.8. БНМУ-ын уриа нь: “Ард түмэн, Шударга ёс, Хөгжил дэвшил” мөн.
Хоёрдугаар зүйл.
БНМУ-ын Дээд хууль, хууль, хууль тогтоомж
2.1. Дээд хууль нь БНМУ-ын хууль эрх зүйн дээд хүчин чадалтай тулгуур хууль мөн.
2.2. БНМУ-д Дээд хуулийн утга агуулга, зарчим болон зүйл заалт бүрийг яг зааснаар нь хөдөлбөргүй баримтлан дагаж мөрдөнө.
2.3. БНМУ-ын хууль, хууль тогтоомж болон олон улсын гэрээ, хэлэлцээр БНМУ-ын Дээд хуульд бүрэн нийцсэн байна.
2.4. БНМУ-ын олон улсын гэрээ, хэлэлцээр Дээд хуулиас бусад хууль, хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээ, хэлэлцээрийг баримтлан уг хууль, хууль тогтоомжийг олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн өөрчилнө.
2.5. БНМУ-ын Дээд хууль, түүний утга агуулга, зарчимд төрийн байгууллагын аливаа шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна.
Гуравдугаар зүйл.
БНМУ-ын иргэн
3.1. БНМУ-ын иргэн эцэг эхээс төрсөн хүн БНМУ-ын иргэн байна.
3.2. Эцэг, эхийнх нь аль нэг нь БНМУ-ын иргэн бол тухайн хүн 16 нас хүрмэгцээ өөрөө хүсэлт гаргавал БНМУ-ын иргэн болно.
3.3. БНМУ-ын уугуул иргэн буюу гурван үеэрээ БНМУ-ын иргэн байгаагаас бусад хүн иргэний давхар харьяалалтай байж үл болно.
3.4. БНМУ-ын иргэн болох өөр шалгуурыг хуулиар тогтооно.
3.5. БНМУ-ын иргэн сайн дураар өөрийн иргэний харьяалалаас татгалзаагүй бол түүнийг хэн ч ямар ч үндэслэл, шалтгаанаар БНМУ-ын иргэнээс хасахыг хориглоно.
3.6. БНМУ-ын иргэн сайн дураар өөрийн иргэний харьяаллаас татгалзах хүсэлт гаргасан ч Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс БНМУ-ын иргэнээс гаргахаас татгалзаж болно.
3.7. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Дөрөвдүгээр зүйл.
БНМУ-ын ард түмэн төр засгийг бүрдүүлэх бүрэн эрх
4.1. БНМУ-ын нийт иргэд, тэдний үр хүүхэд нь Монголын ард түмэн мөн.
4.2. Монголын ард түмэн БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж мөн.
4.3. Төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна.
4.4. Монголын ард түмэн төр засгийн бүрэн эрхийг энэхүү Дээд хууль, түүний утга агуулга, зарчим, зүйл заалтын дагуу барина.
4.5. Монголын ард түмэн төр засгийг эмхлэн байгуулахдаа ардчилсан зарчмыг баримтална.
4.6. БНМУ-д төр засаг үйл ажиллагаагаа ард түмний байнгын хяналтан дор ардчилсан зарчмын дагуу явуулна.
4.7. БНМУ-ын төр засаг гагцхүү хуулийн хүрээнд, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
4.8. Төр засгийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
4.9. Сонгуульд санал өгөх бүрэн эрх бүхий иргэдийн аравны нэгээс доошгүй нь БНМУ-ын Улсын Бага хуралдай, эсхүл Ерөнхийлөгч Дээд хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлээгүй хэмээн үзэн гарын үсэг зурж Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлвэл Үндэсний Их Хуралдай Бүх ард түмний санал асуулгыг дүн нь 45 хоногт багтан гарахаар тооцон явуулж, уг санал асуулгын дүнг үндэслэн бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө Улсын Бага Хуралдайг тараах эсэх, эсхүл Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг долоон хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ. Бүх ард түмний санал асуулгаар бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө Улсын Бага Хуралдайг тараахгүй, эсхүл Ерөнхийлөгчийг огцруулахгүй гэсэн шийдвэр гарвал тухайн бүрэн эрхийн хугацаанд нь энэ заалтын шаардлагаар дахин Бүх ард түмний санал асуулга явуулахгүй.
4.10. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Тавдугаар зүйл.
Төр засгийн эрх мэдлийн хуваарилалт
5.1. БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийг хууль тогтоох (батлах, соёрхон батлах) эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдэл гэсэн байдлаар хуваарилан хэрэгжүүлнэ.
5.2. Хууль батлах эрх мэдлийг Улсын Бага Хуралдай, Хууль соёрхон батлах эрх мэдлийг Үндэсний Их Хуралдай тус тус хадгалж хэрэгжүүлнэ.
5.3. Хууль хэрэгжүүлэх эрх мэдлийг Засгийн газар хадгалж хэрэгжүүлнэ.
5.4. Шүүх эрх мэдлийг бүх шатны шүүх хадгалж хэрэгжүүлнэ.
5.5. Хянах эрх мэдлийг Үндэсний Хяналтын Хороо, Хүний Эрхийн Үндэсний Хороо хадгалж хэрэгжүүлнэ.
5.6. Төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгчид нь үйл ажиллагаагаа харилцан тэнцвэртэй байх зарчмаар явуулах бөгөөд аль нэг нь бусдаасаа давамгай эрх мэдэл эдэлж үл болно.
Зургаадугаар зүйл.
БНМУ-ын нутаг дэвсгэр, түүний халдашгүй дархан байдал
6.1. БНМУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан бөгөөд улсын хилийг Дээд хуулийн дагуу хуулиар бататгана.
6.2. БНМУ-ын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваарилагдана.
6.3. БНМУ-ын төр засаг улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг ханган хамгаалахын тулд улс төр, нийгэм, эдийн засаг, цэрэг, дипломатын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
6.4. БНМУ-ын төр засаг даян дэлхийд энх тайвныг хамгаалан дэмжих байр суурь баримтлах бөгөөд бусдыг түрэмгийлэх цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулахгүй.
6.5. БНМУ-ын Зэвсэгт хүчин БНМУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үүрэгтэй.
6.6. БНМУ-ын Зэвсэгт хүчин улс төрийн хувьд төвийг сахих байр суурь баримтлана.
6.7. БНМУ-ын Зэвсэгт хүчин иргэний, ардчилсан хяналтын дор үйл ажиллагаагаа явуулна.
6.8. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Долоодугаар зүйл.
Хэл, соёл
7.1. БНМУ-д төрийн хэл нь монгол хэл байна. БНМУ-ын иргэн монгол хэлийг заавал эзэмшсэн байна.
7.2. БНМУ-д олон улсын байгууллагаас бусад аливаа байгууллага албан хэргээ монгол хэлээр явуулна.
7.3. БНМУ-д төр засгийн байгууллагууд албан хэргээ монгол хэлээр явуулахаас гадна дэлхийн хамгийн түгээмэл англи хэлээр явуулж болно.
7.4. БНМУ-ын иргэн казах үндэстэн эх хэлээрээ харилцах болон суралцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхтэй.
7.5. БНМУ-ын төр засаг монгол үндэстний өвөрмөц дүр төрхийн эх ундарга болсон монгол хэл соёлыг хамгаалах, нийт иргэдэд тэгш хүртээх, түгээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэхэд таатай нөхцлийг хангана.
7.6. БНМУ-ын төр засаг хилийн чанадад оршин сууж байгаа монголчуудад үндэсний хэл соёлоо хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
7.7. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Наймдугаар зүйл.
БНМУ-ын эдийн засаг
8.1. БНМУ-ын эдийн засгийн үндэс суурь нь дундын өмч, нийтийн өмч, хувийн өмч, төрийн өмч зэрэг өмчийн олон хэлбэрт тулгуурласан аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх чөлөө, шударга өрсөлдөөн, хамтын ажиллагааг хүндэтгэсэн төрийн оролцоо, зохицуулалттай нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн харилцаа мөн.
8.2. БНМУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт нь төгрөг байна.
8.3. Үндэсний мөнгөн тэмдэгтийг хэвлэж санхүү, эдийн засгийн эргэлтэнд оруулах бүрэн эрхийг гагцхүү Засгийн газар хэрэгжүүлнэ.
8.4. БНМУ-ын төр засаг аливаа өмч, түүний дотор хувийн өмчийг хамгаална.
8.5. БНМУ-ын уугуул иргэнд хувийн хэрэгцээнд нь зориулж газар өмчлүүлж болно.
8.6. БНМУ-ын нутаг дэвсгэр дэх уугуул иргэнд өмчлүүлснээс бусад газар, түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамал, агаарын орон зай төрийн өмч мөн.
8.7. Төр засаг БНМУ-ын иргэдэд өмчлүүлснээс бусад газар болон түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамлыг ашиглуулах эрхийг орон нутагт шилжүүлж болно.
8.8. БНМУ-ын газрын хэвлий, түүний баялаг, ашигт малтмал нь ард түмний дундын өмч мөн.
8.9. Ард түмний дундын өмчийг тухайн орд тус бүрээр нь хэрхэн ашиглахыг гагцхүү Үндэсний Их Хуралдайн зохион байгуулсан сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн Засгийн газар захиран зарцуулна.
8.10. Ард түмний дундын өмч нь нийгмийн чиг баримжаатай Бүгд Найрамдах Улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгын дагуу нийт ард түмний өнөөгийн болон хойч үеийн нийгмийн шинж чанартай томоохон асуудлыг шийдвэрлэх, нийтийн хэрэгцээнд зориулагдсан дэд бүтцийн томооохон барилга байгууламжийг барьж бүтээх, үндэсний санхүүгийн хуримтлалыг бий болгох хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болно.
8.11. БНМУ-ын төр засаг хувийн өмчийг гагцхүү нийтийн эрх ашгийн төлөө хуулийн дагуу шударга нөхөн олговортойгоор авч болно.
8.12. Төр засаг газар өмчлөгч БНМУ-ын иргэнд өмчилсөн газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэж болно.
8.13. Аж ахуй эрхлэх эрх чөлөөг гагцхүү нийтийн эрх ашгийн үүднээс хуулиар хязгаарлаж болно.
8.14. Аль нэг этгээд эдийн засгийн харилцаанд оролцохдоо шударга бус, дангаар ноёрхол тогтоох байдлаар өөртөө давуу байдал бий болгохыг хориглоно.
8.15. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Есдүгээр зүйл.
Гэр бүл
9.1. Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж, нийгмийн харилцааны суурь мөн.
9.2. Хуулиар тогтоосон насанд хүрсэн эмэгтэй эрэгтэй хоёр хүний сайн дурын, тэгш эрх бүхий харилцаанд тулгуурласан, хууль ёсоор баталгаажсан хамтын амьдралын холбоог гэр бүл гэнэ.
9.3. БНМУ-ын иргэн гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг эрхэмлэх, гэр бүлийн гишүүдээ асран халамжлах, үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх, ургийн бичгийг хөтлөх журамт үүрэгтэй.
9.4. Хүний албан ёсны нэр нь ургийн овгийн нэр, эцгийн нэр, эхийн нэр, өөрийн нэрээс бүрдэнэ. Эхнэр нь өөр хүсэлт гаргаагүй бол өрхийн тэргүүний ургийн овгийн нэрийг авна.
9.5. БНМУ-ын төр засаг гэр бүлийг хамгаалан дэмжинэ. Төр засгийн нийгэм, эдийн засгийн бодлого гэр бүлийн сайн сайхан амьдралыг хангахад чиглэгдсэн байна.
9.6. БНМУ-д гэр бүл орон сууцтай байх эрхтэй. Гэр бүл орон сууцтай байх эрхээ эдлэхэд нь төр засаг дэмжлэг үзүүлнэ. Төр засаг анх удаа гэрлэж байгаа залуу гэр бүл анхны хүүхдээ төрүүлсэн тохиолдолд, түүнчлэн 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг наад захын хэрэгцээ хангасан орон сууцаар үнэ төлбөргүй хангана.
9.7. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Аравдугаар зүйл.
Төр засаг, шашны харилцаа
10.1. БНМУ-д төр засаг нь аливаа шашныг хүндэтгэнэ.
10.2. БНМУ-д төр засгийн байгууллага сүм хийдийн дотоод хэрэгт оролцох, шашны байгууллагууд улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг тус тус хориглоно.
10.3. БНМУ-д үндэсний аюулгүй байдалд харшлахуйц харгис шашин болон шашны гаж урсгал, байгууллагыг хориглоно.
10.4. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Арваннэгдүгээр зүйл.
Улс төрийн нам, сайн дурын байгууллага
11.1.БНМУ-ын төр засаг улс орноо хөгжүүлэхэд чиглэгдсэн үзэл бодлын эрүүл саруул, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэхийн тулд тодорхой үзэл баримтлал бүхий улс төрийн нам байгуулах эрх чөлөөг хангана.
11.2.Улс төрийн нам нь үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг баримтлана.
11.3.БНМУ-ын төр засаг улс төрийн олон нам бүхий тогтолцоог дэмжин хамгаалах үүрэгтэй бөгөөд улс төрийн намыг санхүүжүүлж болно.
11.4.БНМУ-ын төр засаг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, сайн дурын байгууллага, сан зэрэг төрийн бус байгууллага байгуулах эрх чөлөөг хангана.
11.5.Үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь харгис, дарангуйллын шинж чанартай, аливаа байдлаар ялгаварлан гадуурхах, эсхүл хэт үндсэрхэг үзэлтэй, төр засгийн эрхийг илэрхий хүчирхийллийн аргаар авах зорилго, үйл ажиллагаатай улс төрийн нам, байгууллагыг хориглоно, эсхүл татан буулгана.
11.6.Үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь харгис, дарангуйллын шинж чанартай, аливаа байдлаар ялгаварлан гадуурхах, эсхүл хэт үндсэрхэг үзэлтэй, төр засгийн эрхийг илэрхий хүчирхийллийн аргаар авах зорилго, үйл ажиллагаатай улс төрийн нам, байгууллагыг татан буулгах асуудлыг Хүний Эрхийн Үндэсний Хороо Улсын Дээд Шүүхэд өргөн барьж, Улсын Дээд Шүүх тус нам, байгууллагыг татан буулгах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
11.7.Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Арванхоёрдугаар зүйл.
БНМУ-ын нийслэл, засаг захиргааны бүтэц
12.1. БНМУ нь засаг захиргааны хувьд нийслэл, аймаг, хотод хуваарилагдана.
12.2. БНМУ-ын хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх эрх мэдлийн байгууллагуудын аль нэг нь байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ.
12.3. БНМУ-ын Хууль хэрэгжүүлэх эрх мэдлийн байгууллага байнга оршдог Улаанбаатар хот нь тус улсын нийслэл мөн.
12.4. БНМУ-ын Хууль тогтоох эрх мэдлийн байгууллага байнга оршдог Хархорин хот нь тус улсын хоёр дахь нийслэл мөн.
12.5. БНМУ-ын Шүүх эрх мэдэл, Хянах эрх мэдлийн байгууллагууд байнга оршдог хот нь тус улсын нийслэлийн зэрэглэлтэй хот мөн.
12.6. Хот нь нийслэлийн, улсын, орон нутгийн гэсэн зэрэглэлтэй байна.
12.7. Нийслэлийн, улсын, орон нутгийн зэрэглэлтэй хот нь дүүрэг, хороонд, аймаг нь орон нутгийн чанартай хот, тосгон, сумд тус тус хуваарилагдана.
12.8. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ: БНМУ-ЫН ХҮНИЙ БОЛОН
ИРГЭНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ҮҮРЭГ, БАТАЛГАА
Арвангуравдугаар зүйл.
Хүний болон иргэний эрх, эрх чөлөө
13.1. Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, нэр төр, эрх, эрх чөлөөнийхөө хувьд адил тэгш байна.
13.2. Хүн бүр амьд явах эрхтэй. Хүн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах эрхтэй.
13.3. Хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.
13.4. Хүн бүр хууль эрх зүйн этгээд байна. Хүн бүр хууль эрх зүйн харилцаанд аливаа байгууллага, албан тушаалтантай адил тэгш эрхтэй.
13.5. БНМУ-ын иргэн эх орныхоо нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр болон удаан хугацаагаар оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.
13.6. Хүний оршин сууж байгаа орон байр халдашгүй дархан байна. Хүн шүүхийн шийдвэргүйгээр орон байр руу нь халдсан, эрх чөлөөг нь хязгаарласан гэж үзвэл гомдлоо шүүхэд гарган нэн даруй шийдвэрлүүлэх эрхтэй.
13.7. Хүн бүр сурч боловсрох, мэргэжил эзэмших, мэргэжлээ ашиглах болон ажлаа сонгох эрхтэй.
13.8. БНМУ-д эмэгтэй эрэгтэй хүн гэр бүл, улс төр, нийгэм, эдийн засгийн аливаа асуудлаар адил тэгш эрхтэй. Эмэгтэй эрэгтэй хүн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, адил ажил хийсний төлөө адил хэмжээний цалин хөлс авах, нийгмийн хамгаалалд хамрагдах, аливаа албан тушаал хаших, дэвших, шагнал, урамшуулал авах адил тэгш эрхтэй.
13.9. Хүн хөдлөх, үл хөдлөх өмч хөрөнгө хуулийн хүрээнд эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлах, залгамжлуулах, хамгаалах, хамгаалуулах эрхтэй.
13.10. Хүн өөрөө, эсхүл хуулийн этгээдээр дамжуулан хуулиар хориглоогүй, хязгаарлаагүй аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй.
13.11. БНМУ-ын иргэн тэгш эрхийн зарчмын дагуу төрийн алба хаших эрхтэй.
13.12. Хүн бусадтай харилцах, бусадтай харилцсаны нууцаа хамгаалах, хамгаалуулах, өөрийн тухай болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхэд, төрөл садныхаа талаарх мэдээллийг нээн дэлгэхгүй байх эрхтэй.
13.13. БНМУ-ын иргэн өөрийнх нь тухай төр засгийн байгууллага, албан тушаалтны цуглуулсан мэдээлэл, баримттай чөлөөтэй танилцах, буруу ташаа, хууль зөрчин олж авсан мэдээллийг устгуулах, залруулахыг төр засгийн байгууллага, албан тушаалтнаас шаардах эрхтэй.
13.14. БНМУ-ын иргэн эх орноосоо чөлөөтэй гарах, эх орондоо чөлөөтэй орох эрхтэй.
13.15. Монгол үндэстэн мөн гэж албан ёсоор тогтоогдсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн БНМУ-д байнга оршин суух эрхтэй.
13.16. Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал түүнд БНМУ-д орогнох эрх олгож болно..
13.17. Хүн шүтэх, эс шүтэх эрхтэй.
13.18. Хүн өөрийнхөө бодол, санааг чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Энэ эрхээ эдлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзвэл зохино.
13.19. Хүн эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох эрхтэй. Сайн дурын байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогчдын байгууллага байгуулах, түүнд элсэх, нэгдэх эрхтэй. Хүн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялт болон бусад хэлбэрийн эсэргүүцлийг зохион байгуулах, хамтын маргааныг шийдвэрлэх, хамтын хөдөлмөрийн болон бусад гэрээ байгуулах зорилгоор яриа хэлэлцээ хийх эрхтэй.
13.20. Хүн мэдээлэл эрж хайх, олж авах, түгээж дэлгэрүүлэх эрхтэй.
13.21. БНМУ-ын иргэн нь дундын, нийтийн, төрийн өмчийг эзэмшиж, ашиглаж, улсын төсвийг захиран зарцуулж, улсын төсвөөс санхүүжилт авч бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах ажиллагаа явуулж байгаа аливаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны тухай мэдээллийг авах эрхтэй.
13.22. Хүн хөдөлмөр эрхлэх, эрүүл, аюулгүй нөхцөл бүхий ажлын байраар хангагдах, зүй зохистой амьдрахад нь хүрэлцэхүйц цалин хөлс авах эрхтэй.
13.23. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн долоо хоног тутам амрах өдрүүдтэй байх, жил бүр цалинтай амрах эрхтэй.
13.24. БНМУ-ын иргэн тэтгэврийн насанд хүрсэн бол тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсан, хүүхэд төрүүлсэн, хүүхдээ асарч байгаа, түүнчлэн өвчний болон хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хөдөлмөрлөх чадвар, эсхүл тэжээгчээ алдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон бол мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр олгохоор хуулиар тогтоосон тэтгэмж, нийгмийн халамж хүртэх эрхтэй.
13.25. Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага орлоготой иргэн төр засгаас тодорхой хугацаанд сар бүр мөнгөн тусламж авах эрхтэй.
13.26. Хүн эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах эрхтэй. Төрийн өмчийн эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж, үйлчлүүлсэн БНМУ-ын иргэний эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний бүх зардлыг төр засгаас бүрэн хариуцна.
13.27. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, халдварт өвчин, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.
13.28. Хүн нийтийн биеийн тамираар хичээллэх эрхтэй.
13.29. Хүн төр засгийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлээс учирсан хохирлыг төр засгийн тухайн байгууллага, эсхүл албан тушаалтнаар нөхөн төлүүлэх эрхтэй.
13.30. БНМУ-ын иргэн шууд, эсхүл төлөөлөгчөөрөө уламжлан төр засгийг эмхлэн байгуулах эрхтэй. 18 нас хүрсэн БНМУ-ын иргэн Бүх ард түмний санал асуулгад оролцох, БНМУ-ын Ерөнхийлөгч, Хүний Эрхийн Үндэсний Хороо, Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдай, бүх шатны шүүхийн шүүгч, Үндэсний Хяналтын Хорооны гишүүн, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчийг сонгох, сонгогдох эрхтэй.
13.31. Шүүхийн шийдвэрээр хорих ял эдэлж байгаа иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болно.
13.32. Эцэг эхийн халамж хүртэхгүй байгаа хүүхэд төр засгийн халамж, тус дэмжлэгийг авах эрхтэй.
13.33. Хүүхдийг хүчирхийлэх, харгис хэрцгий хандах, дарлан мөлжих болон хууль бус, ёс зүйгүй үйлдэл, эс үйлдэлд уруу татах явдлаас хамгаалахыг хүн төр засгаас шаардах эрхтэй.
13.34. Хүн бүр уран бүтээл туурвих, шинжлэх ухааны судалгаа хийх, үр дүнг нь хэвлэн нийтлэх, соёл урлагийн бүтээлтэй танилцах, үр шимийг нь хүртэх эрхтэй.
13.35. Хүн өөрийгөө, эсхүл бусдыг төлөөлөн, өөрийн, эсхүл бусдын ашиг сонирхлын дагуу ямарваа нэгэн асуудлаар аливаа байгууллага, албан тушаалтанд өргөдөл, хүсэлт гаргах, гаргуулах, шийдвэрлүүлэх, эсхүл аливаа байгууллага, албан тушаалтны шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах, гаргуулах эрхтэй.
13.36. БНМУ-ын иргэн гадаадад байх хугацаандаа төр засгаас дэмжлэг туслалцаа авах эрхтэй.
13.37. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдэлнэ. Хүн БНМУ-ын хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүх, Хүний эрхийн үндэсний хороонд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.
13.38. Хүн өөрийн эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй.
13.39. Хүн бүр өөрт нь тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх, үүргээ тодорхойлуулахдаа бие даасан, хараат бус шүүхээр адил тэгш эрхийн үндсэн дээр нээлттэй хэлэлцүүлэн шударгаар шийдвэрлүүлэх эрхтэй. Асуудал нь шүүхээр хэлэлцэгдэж байгаа хүн аль ч шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхтэй.
13.40. Хүн өөрийнхөө болон гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
13.41. Хүн шүүх, эсхүл төр засгийн байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа үндэслэсэн хууль, хууль тогтоомж нь Дээд хуулийн утга агуулга, зарчим, зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл Хүний Эрхийн Үндэсний Хороогоор дүгнэлт гаргуулах, Улсын Дээд шүүхээр шударгаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхтэй.
13.42. Хүн БНМУ-ын аливаа хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр нь Дээд хуулийн тогтоосон утга агуулга, зарчим, зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл түүнийг хүчингүй болгуулахаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
13.43. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Арвандөрөвдүгээр зүйл.
Хүний болон иргэний үүрэг
14.1. Хүн бүр бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй.
14.2. Хүн бүр Дээд хууль, бусад хууль, хууль тогтоомжийг дээдлэн сахих үүрэгтэй.
14.3. БНМУ-ын иргэн улс үндэсний эрх ашгийг дээдлэн хүндэтгэх үүрэгтэй.
14.4. Сонгуульд санал өгөх эрх бүхий иргэн бүх шатны сонгуульд биечлэн оролцож санал өгөх үүрэгтэй.
14.5. Хүн бүр нийтийн эрх ашиг, сайн сайхан амьдралын төлөө өөрт ноогдох хуулиар тогтоосон төлбөр хураамж, татварыг төлөх үүрэгтэй.
14.6. БНМУ-ын иргэн нийт ард түмнийхээ эрх ашиг, сайн сайхан амьдралын төлөө чин үнэнчээр зүтгэх, эх орноосоо урвахгүй байх үүрэгтэй.
14.7. БНМУ-ын эмэгтэй, эрэгтэй иргэн бүр эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэй. Цэргийн албыг дүйцүүлэн хааж болно.
14.8. Хүн бүр байгаль орчноо хайрлах, тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах үүрэгтэй. Байгаль орчныг доройтуулсан үйлдэл, эс үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
14.9. Эцэг эх нь үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх журамт үүрэгтэй. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ түүний нас, бие бялдар, хүйсийн онцлог, хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөөг нь харгалзсан байвал зохино.
14.10. БНМУ-ын иргэн хөдөлмөрлөх журамт үүрэгтэй. 18 нас хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэх үүрэг хүлээхгүй.
14.11. 16 нас хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно.
14.12. Иргэн бүр дээд боловсролтой болох, тодорхой мэргэжил эзэмших журамт үүрэгтэй.
14.13. БНМУ-ын иргэн түүх, хэл, соёлоо хүндэтгэн дээдлэх журамт үүрэгтэй.
14.14. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Арвантавдугаар зүйл.
Хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа
15.1. БНМУ-ын иргэн төр засгийн хамгаалалтанд байна. БНМУ-ын төр засаг хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хуулиар бататган хамгаалах, аюулгүй байдлыг нь баттай хангах үүрэгтэй.
15.2. Хүний эрх, үүрэгт нь үл хамаарах үйлдлийг түүнд хүчээр тулган хийлгэхийг хориглоно.
15.3. Төр засаг хүн бүрт сурч боловсрох эрхээ эдлэхэд нь эрх тэгш боломжоор хангана. Төрийн өмчийн бүх шатны сургуулийн сургалтын төлбөрийг төр засгаас бүрэн хариуцна.
15.4. Төр засаг хүн бүрт тэгш хандах үүрэгтэй. Хэнийг ч улс төр, хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн ямар нэгэн үндэслэл, шалтгаанаар ялгаварлан гадуурхахыг хориглоно.
15.5. Аль нэгэн нам, бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.
15.6. БНМУ-ын төр засаг хүний хувийн нууц, нэр төрийг хамгаална. Хүний бусадтай харилцах, харилцсаны нууцыг хамгаалах, хамгаалуулах эрхийг гагцхүү хуулиар тогтоосон үндэслэл, шалтгаанаар хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр хязгаарлаж болно.
15.7. Хүний амь насыг хуулиар хамгаална. БНМУ-д цаазаар авах ялыг хориглоно.
15.8. Хэний ч биед хууль бусаар халдахыг хориглоно.
15.9. Өөрөө сайн дурын зөвшөөрөл өгөөгүй бол хэнийг ч шинжлэх ухаан, анагаах ухааны туршилтад оруулахыг хориглоно.
15.10. Хэнтэй ч ямар ч үндэслэл, шалтгаанаар харгис хэрцгий, хүнлэг бусаар харьцах, дорд үзэн доромжлон гутаахыг хориглоно.
15.11. Шүүхээр гэм буруутай гэж эцэслэн тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруугүйд тооцно.
15.12. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр хязгаарлахыг хориглоно. Хүний орон байр, тээврийн хэрэгсэл, аливаа өмчид гагцхүү хуулиар тогтоосон үндэслэл, журмыг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу нэгжлэг хийж болно.
15.13. Хүнээс өөрийнх нь болон гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсдийнх нь эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар хууран мэхлэх, шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.
15.14. Хүнийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан саатуулах, баривчлах, цагдан хорих байдлаар эрх чөлөөг нь хязгаарлахдаа үндэслэл, журмыг тэр даруй өөрт нь тодорхой ойлгогдохоор тайлбарлаж, энэ тухай түүний гэр бүл, өмгөөлөгч, эсхүл эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний нэрлэсэн хүнд нэн даруй мэдэгдэж, 24 цагт багтаан түүнийг үргэлжлүүлэн баривчлах, цагдан хорих асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд эс тэгвээс түүнийг шууд суллана.
15.15. Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүнтэй хүнлэг ёсоор хандаж харилцана. Хэнийг ч ямар ч үндэслэл, журмаар эрүүдэн шүүхийг хориглоно.
15.16. Дээд шатны албан тушаалтны аливаа хууль бус шийдвэр, тушаал, үүрэг даалгаварыг доод шатны албан тушаалтан биелүүлэхгүй байх үүрэгтэй.
15.17. Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй.
15.18. БНМУ-ын төр засаг хүнийг зориудаар гэмт хэрэгт холбогдуулах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан албан тушаалтан заавал хариуцлага хүлээнэ. Хууль бусаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүнд учирсан хохирлыг төр засаг хариуцна. Ийнхүү хохирлыг төр засаг хариуцсан нь буруутай албан тушаалтныг хариуцлага, төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
15.19. Хэнд ч хилсээр ял тулгаж үл болно.
15.20. Тухайн үед гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл, эс үйлдлийг үндэслэн хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэж болохгүй. Хүнийг гэмт хэрэгт яллан шийтгэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлана. Хүнийг яллан шийтгэхдээ урьд нь ял шийтгүүлсэн гэх шалтгаанаар хүндрүүлж яллахыг хориглох бөгөөд ял эдэлж дуусмагц ялтайд тооцохгүй.
15.21. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.
15.22. Шүүх гагцхүү Дээд хууль, түүний утга агуулга, зарчим, зүйл заалтад нийцсэн хуулийн дагуу хүний гэм буруутай эсэхийг тогтооно. Хуульд заасан журмыг зөрчин гэмт хэрэгт холбогдуулахыг хориглоно.
15.23. Шүүх хуралдааныг нээлттэй явуулна. Шүүх хуралдааныг зөвхөн улс орны аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар, эсхүл шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтийн дагуу зөвхөн хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хаалттай хийж болно. Шүүхийн шийдвэрийг нээлттэй танилцуулна.
15.24. Хүн өмчтэй байх, өв залгамжлах, өв залгамжлуулах эрхийг хуулиар бататгана. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Зөвхөн хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр аливаа өмчийг хураан авч болно. Өмчтэй байх эрхийг өмчтэй байхын утгыг алдагдуулахгүйгээр гагцхүү хуулиар хязгаарлаж болно.
15.25. Эцэг эх байх эрхийг гагцхүү хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр хязгаарлаж, эсхүл хасч болно.
15.26. БНМУ нь ардчилсан зарчмыг тууштай баримтлагч улс орон мөн тул төр засаг иргэдээ мөрдөн мөшгөх, тагнах, захидал харилцаанд нь халдах, хувийн харилцааных нь талаар мэдээлэл эрж хайх, цуглуулахыг хориглоно.
15.27. БНМУ-ын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гадаадын иргэний эрх, үүргийг БНМУ-ын хууль, уг иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр, харьяалалгүй хүний эрх, үүргийг БНМУ-ын хуулиар тус тус тогтооно. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор, эсхүл онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад үндэслэлээр хүний БНМУ-ын нутаг дэвсгэрээс гадагшаа гарах, оршин суух эрхийг хязгаарлахыг хориглоно. БНМУ-д улс төрийн шалтгаанаар мөрдөн мөшгөхөөс дайжин зугтаж орогнох эрх хүссэн, хүчирхийллийн аргаар гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсоноос бусад гадаадын иргэнийг албадан гаргах, гадаад улсад хүлээлгэн өгөх асуудлыг уг иргэнийг харьяалсан улстай байгуулсан БНМУ-ын олон улсын гэрээгээр, ийм гэрээ байхгүй бол БНМУ-ын шүүхээр шийдвэрлэнэ. БНМУ-д улс төрийн шалтгаанаар мөрдөн мөшгөхөөс дайжин зугтаж орогнох эрх хүссэн, хүчирхийллийн аргаар гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсоноос бусад харьяалалгүй хүнийг албадан гаргах, гадаад улсад хүлээлгэн өгөх асуудлыг БНМУ-ын шүүхээр шийдвэрлэнэ.
15.28. БНМУ-ын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ БНМУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зарим хязгаарлалт тогтоож болно.
15.29. БНМУ-ын иргэнийг ямар ч үндэслэл, шалтгаанаар гадаад улсад хөөн гаргах, шилжүүлэн өгөхийг хориглоно.
15.30. Хүн шашин шүтэх нэрийдлээр үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах, нийтийн хэв журмыг алдагдуулах, бусдын эрх, эрх чөлөөнд халдах тохиолдолд хуулинд тогтоосон үндэслэл, журмаар үйл ажиллагааг нь хязгаарлаж болно.
15.31. Хүнийг шашны үйл хэрэгт оролцох, эс оролцох, баримталдаг үзэл бодол, шашны итгэл үнэмшлээ нээн илчлэх, өөрчлөх, итгэл үнэмшлээсээ татгалзахыг тулган шаардахыг хориглоно.
15.32. Зөвхөн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд төр засгийн байгууллага, албан тушаалтнаас хяналт тавих, нөлөөлөхийг хориглоно.
15.33. Жагсаал, цуглаан, ажил хаялт зохион байгуулах эрхийг зөвхөн үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор баталсан хуулиар тогтоосон үндэслэлээр хязгаарлаж, эсхүл хориглож болно.
15.34. БНМУ-ын иргэний гарын үсэгтэй санал, хүсэлт, гомдолд төр засгийн аль ч шатны байгууллага, албан тушаалтан заавал бичгээр хариу өгнө.
15.35. Хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цагийн хөлсний доод хэмжээ болон ажлын цагийн дээд хэмжээг хуулиар тогтооно.
15.36. Нийгмийн тэтгэмжийн хэмжээ, хэлбэрийг хуулиар тогтооно. БНМУ-ын төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ зүй зохистой амьдрах, хөдөлмөр эрхлэх чадвартай болох, нийгмийн харилцаанд оролцоход нь хуулиар тогтоосны дагуу тус дэмжлэг үзүүлнэ.
15.37. БНМУ-ын төр засаг хүүхдийн эрхийг бүрэн хамгаалахад онцгой анхаарал хандуулна.
15.38. Зохиогчийн болон шинэ нээлт, шинэ бүтээлийн эрх буюу оюуны өмчийг хуулиар хамгаална.
15.39. Эх орныхоо тусгаар тогтнол, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой гавьяа байгуулсан, улсынхаа нэр хүндийг дэлхий дахинд мандуулсан, хүн төрөлхтөний хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны нээлт хийсэн, бүтээл туурвисан, аж үйлдвэрийн цоо шинэ технологи бүтээсэн иргэнд төр засгаас онцгой дэмжлэг үзүүлнэ.
15.40. БНМУ-ын төр засаг байгаль орчныг хамгаалахад чиглэсэн аливаа байгууллага, хүний үйл ажиллагааг дэмжинэ.
15.41. Төр засгийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлээс бусдад учирсан хохирлыг төлүүлэх журмыг хуулиар зохицуулна.
15.42. Хүний зөрчигдсөн эрх, эрх чөлөөг заавал сэргээнэ. Хүний зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээхийг хориглосон хууль, хууль тогтоомж батлах, аливаа үйлдэл, эс үйлдлээр саад учруулахыг хориглоно.
15.43. БНМУ-ын төр засаг ахмад настан, олон хүүхэдтэй эмэгтэй, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг онцгойлон дэмжинэ.
15.44. Иргэний хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлэхэд нь гарал үүсэл, яс үндэс, үзэл бодол, нас хүйс, зүс царай, итгэл үнэмшил зэргээс шалтгаалан аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.
15.45. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд хүний зарим эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль, хууль тогтоомж нь хүний амьд явах, итгэл үнэмшилтэй байх, гэр бүлийнхээ талаар үнэн бодит мэдээлэл авах эрх, эрх чөлөөнд үл халдаж, хэнд ч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах үйлдлийг гаргуулахгүй байх баталгааг хангасан байна.
15.46. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. БНМУ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ
НЭГ. ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ МЭДЭЛ
Арванзургаадугаар зүйл.
БНМУ-ын Ерөнхийлөгч
16.1. БНМУ-ын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд Дээд хуулийг хүндэтгэн дээдэлж, чандлан баримталж, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа үл тасалдах байдлыг хангаж ажиллана.
16.2. Ерөнхийлөгч нь Засгийн газрын Тэргүүн байна.
16.3. Ерөнхийлөгч нь БНМУ-ын Бүх цэргийн Ерөнхий удирдагч байна.
16.4. Ерөнхийлөгч нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн байна.
16.5. Ерөнхийлөгч нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаалыг хавсран хашихыг хориглоно. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид ажил, албан тушаал эрхэлж байсан бол Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр уг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнд тооцогдоно.
16.6. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
16.7. Ерөнхийлөгч “Монголын ард түмний итгэл дэмжлэгээр БНМУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон би ухаант иргэд, туурга тусгаар улс орныхоо өмнө хүлээсэн ариун үүргээ гүнээ ухамсарлаж, энэхүү эрхэм албыг хаших хугацаандаа үндэсний язгуур эрх ашиг, иргэдийнхээ эрх, үүрэг, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, их эзэн Чингис хаан, өвөг дээдсийн өв сургаал, түүх, соёлын уламжлалыг хадгалан хөгжүүлж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, нийгмийн чиг баримжаатай Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг чандлан сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг үнэнчээр биелүүлэхээ Монголын ард түмэндээ андгайлан тангараглаж байна. Энэхүү тангаргаасаа няцвал ямар ч хариуцлага, цээрлэл хүлээхэд бэлэн байна.” гэж Монголын ард түмэнд тангараг өргөнө.
Арвандолоодугаар зүйл.
БНМУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, сонгох
17.1. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэнийг таван жилийн хугацаагаар сонгоно.
17.2. Улсын Бага Хуралдайд суудал бүхий нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болно. Улсын Бага Хуралдайд суудалгүй нам сонгуульд санал өгөх эрх бүхий тавин мянгаас доошгүй иргэний дэмжсэн гарын үсэг цуглуулж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болно.
17.3. Ерөнхийлөгчид хоёроос доошгүй нэр дэвшигчид нэр дэвшсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчин төгөлдөр хэмээн тооцно.
17.4. Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуульд санал өгөх эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн аль нэгийг сонгох эсэх саналаа нууцаар гаргана.
17.5. Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалтад сонгуульд санал өгөх эрх бүхий сонгогчдын дийлэнх олонхи нь оролцсоноор уг санал хураалт хүчин төгөлдөрт тооцогдоно.
17.6. Хүчин төгөлдөр санал хураалтад оролцсон сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг БНМУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.
17.7. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч хүчин төгөлдөр анхны санал хураалтад оролцсон сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон сонгогчдын хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг анхны санал хураалт болсноос хойш арван дөрөв дэх өдөр нь дахин санал хураалтад оруулна.
17.8. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хэн хэн нь ямар нэгэн шалтгааны улмаас дахин санал хураалтанд орох боломжгүй болсон, эсхүл татгалзсан тохиолдолд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүйд тооцож, Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг үр дүн нь 45 хоногт багтан гарахаар тооцож шинээр зохион байгуулна.
17.9. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хэн нэг нь ямар нэгэн шалтгааны улмаас дахин санал хураалтад орох боломжгүй болсон, эсхүл татгалзсан тохиолдолд хамгийн олон санал авсан дараагийн нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.
17.10. Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш 30 дахь өдөр тангараг өргөнө.
17.11. БНМУ-ын Ерөнхийлөгчөөр хэн нэгнийг ямар ч тохиолдолд хоёроос илүү удаа сонгохыг хориглоно.
17.12. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Арваннаймдугаар зүйл.
БНМУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрх
Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1. Засгийн газрыг тэргүүлэх;
18.2. БНМУ-ын Бүх цэргийг ерөнхийлөн удирдах;
18.3. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлэх;
18.4. Гадаад харилцаанд БНМУ-ыг бүрэн эрхтэй төлөөлөх;
18.5. Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын талаархи саналаа Улсын Бага Хуралдайд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх;
18.6. Засгийн газрын гишүүнийг Улсын Бага Хуралдайтай зөвшилцөн томилох;
18.7. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх;
18.8. Засгийн газрын хуралдааныг даргалах;
18.9. Улсын Бага Хуралдай баталж, Үндэсний Их Хуралдай соёрхон баталсан БНМУ-ын хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээг ёсчлох;
18.10. Улсын Бага Хуралдайн сонгуулиас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөний дараа шаардлагатай гэж үзвэл Үндэсний Их Хуралдайн болон Улсын Бага Хуралдайн дарга нартай зөвшилцөн Улсын Бага Хуралдайг тарааж, шинэ сонгууль зарлах тухай зарлигийг бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа гаргаж Улсын Бага Хуралдайг тараах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлэх;
18.11. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг Улсын Бага Хуралдайд өргөн барьж шийдвэрлүүлэх;
18.12. БНМУ-аас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Бага Хуралдайтай зөвшилцөн томилох, эгүүлэн татах;
18.13. БНМУ-д суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах;
18.14. БНМУ-ын цол, цэргийн дээд цол олгох, одон, медалиар шагнах;
18.15. БНМУ-ын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
18.16. БНМУ-ын засаг захиргааны нэгжийн хуваарийг батлах, өөрчлөх тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Бага Хуралдайд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх;
18.17. Бүх нийтийн, эсхүл хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
18.18. Нийтийн хэв журам алдагдаж эмх замбараагүй байдал бий болох, эсхүл байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж үндэсний аюулгүй байдалд аюул занал учрах эрсдэл бодитойгоор үүссэн тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн дагуу улсын нийт нутаг дэвсгэрт, эсхүл зарим хэсэгт нь онц байдал зарлах, шаардлагатай нөхцөлд цэрэг хөдөлгөх зарлиг гаргах;
18.19. БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн дагуу дайны байдал зарлаж зарлиг гаргах;
18.20. БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улс, этгээдээс аюул занал учруулж, зэвсэглэн халдвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн дагуу гадаадын цэргийн хүчийг БНМУ-ын нутаг дэвсгэрт оруулах, байрлуулах зарлиг гаргах;
18.21. Жилд нэг удаа Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн хамтарсан чуулганд оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар байр сууриа илэрхийлэх;
18.22. Үндэсний Их Хуралдайн чуулганы хуралдаан, Улсын Бага Хуралдайн чуулганы хуралдаанд оролцож үг хэлэх.
18.23. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Арванесдүгээр зүйл.
БНМУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг
19.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Дээд хууль, бусад хууль, хууль тогтоомжид нийцүүлэн зарлиг гаргана.
19.2. Ерөнхийлөгчийн зарлиг батлагдмагцаа хууль, хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр болж үйлчилнэ.
19.3. Ерөнхийлөгчийн зарлиг Дээд хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө, эсхүл Улсын Дээд Шүүх хүчингүй болгоно.
Хорьдугаар зүйл.
БНМУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах, чөлөөлөх
20.1. БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн нийт гишүүдийн олонхи нь Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Дээд хуулийн утга санаа, зарчим, зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн түүнийг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэр, шийдвэр гаргасан ажиллагаа хууль, хууль тогтоомжид нийцсэн эсэхийг Улсын Дээд Шүүхийн нийт гишүүдийн хуралдаанаар 30 хоногт багтаан авч хэлэлцэн Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ.
20.2. Ерөнхийлөгч өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, хүндээр өвчилсөн учраас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, нас нөгчсөн тохиолдолд Үндэсний Их Хуралдайн ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, уг асуудлыг авч хэлэлцэн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг эцэслэн шийдвэрлэнэ.
20.3. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг Сонгуулийн ерөнхий хороо 7 хоногт багтаан зарлаж, үр дүн нь сонгууль зарласнаас хойш 45 хоногт багтан гарахаар тооцож зохион байгуулна.
20.4. Ерөнхийлөгч хүндээр өвчилсөн шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд буюу түр эзгүйд нь Шадар сайд түүний бүрэн эрхийг түр хугацаанд хэрэгжүүлнэ.
20.5. Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, хүндээр өвчилж бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, нас нөгчсөн, огцорсон бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Шадар сайд хэрэгжүүлнэ.
20.6. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Хориннэгдүгээр зүйл.
БНМУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн баталгаа
21.1. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүдийн бие, өргөө, унаа халдашгүй байна.
21.2. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хугацаанд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны оролцогч болохгүй.
21.3. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн өөрөө зөвшөөрвөл тухайн үеийн Ерөнхийлөгчийн саналаар Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч болж болно.
21.4. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд ажиллах, төлөөлөх, хамтран ажиллахыг хориглоно.
21.5. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Хоринхоёрдугаар зүйл.
БНМУ-ын Засгийн газар
22.1. Засгийн газар бол хууль хэрэгжүүлэх эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч байгууллага мөн. Засгийн газар Дээд хууль, бусад хууль, хууль тогтоомжийг биелүүлж, эдийн засаг, нийгэм, соёл, захиргааны байгууллагыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй.
22.2. Засгийн газар нь Ерөнхийлөгч, Шадар сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын нийт гишүүний бүрэлдэхүүн арван таваас хэтрэхгүй байна.
22.3. Засгийн газрын гишүүн нь 40 нас хүрсэн, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
22.4. Засгийн газрын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаалыг хавсран хашихыг хориглоно. Хэрэв Засгийн газрын гишүүнээр томилогдохоосоо өмнө төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагад өөр ажил, албан тушаал эрхэлж байсан бол Засгийн газрын гишүүнээр томилогдсоноор уг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнд тооцогдоно.
22.5. Улсын Бага Хуралдай Засгийн газрын гишүүнд итгэл үл үзүүлэх саналаа Ерөнхийлөгчид уламжилж болно. Ерөнхийлөгч итгэл үл үзүүлэх санал үндэслэлтэй гэж үзвэл Засгийн газрын тухайн гишүүнийг огцруулах шийдвэрийг гаргаж болно.
22.6. Засгийн газар хууль, хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргах бөгөөд түүнд Ерөнхийлөгч, тухайн асуудал эрхэлсэн сайд гарын үсэг зурна.
22.7. Засгийн газрын тогтоол нь хууль, хууль тогтоомжид нийцээгүй бол Ерөнхийлөгч, эсхүл Улсын Дээд Шүүх хүчингүй болгоно.
22.8. Засгийн газар, Засгийн газрын гишүүний эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Хорингуравдугаар зүйл.
Засгийн газрын бүрэн эрх
Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1. Дээд хууль, бусад хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг улс даяар зохион байгуулах, хэрэгжүүлэх;
23.2. Төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх;
23.3. Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, цуцлах;
23.4. Төрийн захиргааны төв байгууллагыг шууд удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах;
23.5. Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
23.6. Улсын хилийг тогтоох асуудлыг боловсруулж, Үндэсний Их Хуралдайд өргөн барих;
23.7. Ард түмний дундын өмчийг ашиглахтай холбоотой бодлогыг боловсруулж Үндэсний Их Хуралдайд өргөн барих;
23.8. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний зөрчигдсөн эрхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд сэргээх;
23.9. Хүн ам, иргэний бүртгэлийг шударгаар хөтлөх;
23.10. Иргэн бүр эзэмшсэн мэргэжлээрээ зохистой хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлэх;
23.11. Иргэн бүрт авьяас чадвараа нээн хөгжүүлэх, өндөр боловсрол эзэмших, хөдөлмөрлөх, эрүүл саруул, ирээдүйдээ итгэлтэй, амар амгалан амьдрах нөхцлийг хангахын тулд улс орны хөгжлийн хурдыг тогтмол өндөр төвшинд байлгахыг зорьж, мэдлэг, шинжлэх ухааны дэвшилтэт шийдэлд суурилсан эрчимтэй хөгжлийн харилцан уялдаа бүхий Урт хугацааны бодлого, Дунд хугацааны бодлого буюу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Богино хугацааны бодлого буюу Нийгэм, эдийн засгийн хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг тус тус боловсруулж Улсын Бага Хуралдайд өргөн барьж шийдвэрлүүлэх;
23.12. Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, чиглэлийн төслийг боловсруулж Улсын Бага Хуралдайд өргөн барих;
23.13. Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Улсын төсвийн төслийг боловсруулж Улсын Бага Хуралдайд өргөн барих;
23.14. Улсын Бага Хуралдайн баталсан БНМУ-ын хөгжлийн Урт хугацааны бодлогын төсөл, Дунд хугацааны бодлого буюу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Богино хугацааны бодлого буюу Нийгэм, эдийн засгийн хөгжлийн Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх;
23.15. Өнөө болон хойч үеийнхээ эрүүл саруул, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангахуйц бодлого боловсруулан тууштай хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах;
23.16. Салбар болон салбар хоорондын, түүнчлэн бүс нутаг, хот хөгжлийн асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
23.17. Нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
23.18. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Хориндөрөвдүгээр зүйл.
БНМУ-ын Төрийн алба
24.1. Төрийн алба нь төрийн хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх, хянах эрх мэдлийг тус тус хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдаас бүрдэнэ.
24.2. Ард түмнээс сонгогдсон, эсхүл томилогдсон төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагчид төрийн албыг хашина. Төрийн захиргааны болон тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.
24.3. Төрийн бүх шатны албан хаагчид ард түмний өмнө шууд хариуцлага хүлээнэ.
24.4. Төрийн бүх шатны албан хаагчид ард түмэнд хүрэх төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүртээх, үйл ажиллагаагаа нийт иргэдийн сайн сайхны төлөө, хэнийг ч алагчлан үзэлгүйгээр шударга явуулах үүрэгтэй.
24.5. Төрийн албанд цэргийн алба хаасан, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн БНМУ-ын уугуул иргэнийг ажиллуулна.
24.6. Төрийн албаны нөөцөд магистр, докторын зэрэгтэй, эсхүл ахлах офицероос дээш цолтойгоор алба хашиж байсан БНМУ-ын уугуул иргэнийг төрийн албаны шалгалтгүйгээр бүртгэнэ.
24.7. Төрийн албан хаагч төрийн ажил үүргээ хэрэгжүүлэхдээ үйлдсэн бичиг баримт, бусадтай харилцсан харилцаа нь ил тод байна.
24.8. Төрийн нууцыг гагцхүү үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулиар тогтооно.
24.9. Төрийн жинхэнэ албан хаагч нь улс төрийн намын гишүүн байхыг хориглоно.
24.10. Төрийн албыг чадавхжуулах, шударгаар сонгон шалгаруулах зарчимд үндэслэн төрийн албан хаагчдыг төрийн албан хаагчдын нөөцөөс хэсэгчлэн шинэчлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэл, төрийн албаны шалгалт, зэрэг дэв олголт, төрийн албан хаагчийн цалин, урамшуулал, үр дүнгийн үнэлгээний журмыг тогтоох чиг үүрэг бүхий Төрийн албаны зөвлөл ажиллана. Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг Хүний Эрхийн Үндэсний Хорооноос томилно. Төрийн албаны зөвлөлийн дарга нь насаар хамгийн ахмад гишүүн нь байна.
24.11. Төрийн алба, Төрийн албаны зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Хоринтавдугаар зүйл.
Сонгуулийн ерөнхий хороо
25.1. Сонгуулийн ерөнхий хороо нь Бүх ард түмний санал асуулга, бүх шатны сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий сонгуулийн төв байгууллага мөн.
25.2. Сонгуулийн ерөнхий хороо нь хэнээс ч хараат бус байж, гагцхүү Дээд хууль, түүний утга агуулга, зарчим, зүйл заалтыг чанд мөрдөн иргэний сонгох, сонгогдох эрхийг баттай хангах үйл ажиллагааг хуулийн дагуу шударгаар зохион байгуулна.
25.3. Сонгуулийн ерөнхий хороо нь хамтын шийдвэр гаргах зарчмын дагуу ажиллах бөгөөд хамтын хариуцлага хүлээнэ.
25.4. Бүх ард түмний санал асуулга, бүх шатны сонгууль, бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн нийт зардлыг тухай бүр төр засгаас бүрэн хариуцна.
25.5. Бүх шатны ээлжит сонгуулийн санал хураалтыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна. Аль нэгэн шатны ээлжит бус сонгууль, эсхүл нөхөн сонгууль зохион байгуулах шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш 45 хоногт багтан үр дүн нь гарахаар тооцож тухайн сонгуулийг зохион байгуулна.
25.6. Аль нэгэн шатны ээлжит бус сонгууль, эсхүл нөхөн сонгуулийг ээлжит сонгуулийн санал хураалтын өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө зохион байгуулна.
25.7. Сонгуулийн ерөнхий хороо нь Ерөнхийлөгчийн, Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүний, Үндэсний Их хуралдайн төлөөлөгчийн, Улсын Бага хуралдайн гишүүний, Үндэсний Хяналтын хорооны гишүүний, Улсын Дээд шүүх болон бүх шатны бусад шүүхийн шүүгчийн, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчийн ээлжит болон ээлжит бус сонгууль, нөхөн сонгуулийг зарлан зохион байгуулна.
25.8. Бүх шатны сонгуулийн сонгогчийн саналын хуудсыг зөвхөн гараар тоолсны дараа мэдээлнэ.
25.9. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг Хүний Эрхийн Үндэсний Хорооны санал болгосноор Үндэсний Их Хуралдай 6 жилийн хугацаагаар томилно.
25.10. Сонгуулийн ерөнхий хороо нь 15 гишүүнтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь улс төрийн намын гишүүн байхыг хориглоно. Улс төрийн намын гишүүн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшвэл намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ.
25.11. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь 40 нас хүрсэн, ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
25.12. Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь насаар хамгийн ахмад гишүүн нь байна.
25.13. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн бол Хүний Эрхийн Үндэсний Хороо нь Сонгуулийн ерөнхий хороо, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг огцруулах саналыг Үндэсний Их Хуралдайд оруулан шийдвэрлүүлнэ.
25.14. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг огцруулсан нь түүнийг холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
25.15. Сонгуулийн ерөнхий хорооны бие даасан, хараат бус үйл ажиллагааны эдийн засгийн баталгааг төр засаг бүрэн хариуцна.
25.16. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
ХОЁР. БНМУ-ЫН ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛ
Хоринзургаадугаар зүйл.
Улсын Бага Хуралдай, Үндэсний Их Хуралдай.
26.1. БНМУ-ын хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч нь Улсын Бага Хуралдай, Үндэсний Их Хуралдай байна. Хууль тогтоох эрх мэдэл нь хууль батлах болон хууль соёрхон батлах үйл ажиллагаанаас бүрдэнэ. Улсын Бага Хуралдай хууль батлах, Үндэсний Их Хуралдай хууль соёрхон батлах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
26.2. Ерөнхийлөгч дангаараа, эсхүл Улсын Бага Хуралдайн 9-өөс доошгүй гишүүн хамтарч хуулийн төслийг санаачлан Улсын Бага Хуралдайд өргөн барина.
26.3. Иргэн, байгууллага хуулийн тухай саналаа хуулийн төслийг санаачлан өргөн барих эрх бүхий этгээдэд уламжилж болно.
26.4. Сонгуульд санал өгөх эрх бүхий арван мянгаас доошгүй иргэн гарын үсэг зурсан хуулийн төслийг Улсын Бага Хуралдай заавал авч хэлэлцэнэ.
26.5. Улсын Бага Хуралдайд хуулийн төслийг гагцхүү албан бичгээр өргөн барина. Өргөн барьсан хуулийн төслийг Улсын Бага Хуралдайн ээлжит чуулган хуралдаж байгаа нөхцөлд 30 хоногт багтаан хэлэлцэж эхлэнэ, Улсын Бага Хуралдайн ээлжит чуулган завсарласан нөхцөлд өргөн барьсан хуулийн төслийг дараагийн ээлжит чуулган хуралдаж эхэлсэн өдрөөс хойш 30 хоногт багтаан хэлэлцэж эхлэнэ.
26.6. Өргөн барьсан хуулийн төслийг Улсын Бага Хуралдай хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 3 хоногт багтаан Хүний Эрхийн Үндэсний Хороонд хүргүүлнэ. Хүний Эрхийн Үндэсний Хороо уг хуулийн төсөл хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, эрх зүйн байдлыг дордуулсан эсэх тухай дүгнэлтийг хуулийн төслийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлт гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор Улсын Бага Хуралдайд хүргүүлнэ. Улсын Бага Хуралдай уг хуулийн төслийг хэлэлцэхдээ Хүний Эрхийн Үндэсний Хорооноос ирүүлсэн дүгнэлтийг харгалзана. Хүний Эрхийн Үндэсний Хорооноос дүгнэлт ирүүлээгүй нь Улсын Бага Хуралдай уг хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэхэд саад болохгүй.
26.7. Улсын Бага Хуралдай өөрийн баталсан хууль, хууль тогтоомжийг соёрхон батлуулахаар Үндэсний Их Хуралдайд ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ. Үндэсний Их Хуралдай нь Улсын Бага Хуралдайн баталсан хууль, хууль тогтоомжийг хүлээн авч хэлэлцэн соёрхон баталсан тохиолдолд ёсчлуулахаар ажлын 3 хоногт багтаан Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
26.8. Улсын Бага Хуралдайн баталсан хууль, хууль тогтоомжийг Үндэсний Их Хуралдай соёрхон батлахгүйгээр бүхлээр нь, эсхүл хэсэгчилэн хориг тавин буцааж болно. Хориг тавьсан хууль, хууль тогтоомжийг ажлын 3 хоногт багтаан Улсын Бага Хуралдайд хүргүүлэх бөгөөд Үндэсний Их Хуралдай болон Улсын Бага Хуралдай уг асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулна. Тухайн ажлын хэсэг байр сууриа нэгтгэсэн бол түүнийг үндэслэн Улсын Бага Хуралдайгаар уг хууль, хууль тогтоомжийг ердийн журмаар дахин хэлэлцэн баталж Үндэсний Их Хуралдайд соёрхон батлуулахаар өргөн мэдүүлнэ.
26.9. Үндэсний Их Хуралдайн хориг тавьсан асуудлаар ажлын хэсэг байр сууриа нэгтгээгүй бол Улсын Бага Хуралдай хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж, Улсын Бага Хуралдайн нийт гишүүний 2/3-оос доошгүй нь хүлээж аваагүй бол уг хууль, хууль тогтоомж соёрхон батлагдсанд тооцогдоно. Улсын Бага Хуралдай уг хууль, хууль тогтоомжийг ёсчлуулахаар Ерөнхийлөгчид ажлын 3 хоногт багтаан өргөн мэдүүлнэ.
26.10. Улсын Бага Хуралдайн баталсан, Үндэсний Их Хуралдайн соёрхон баталсан хууль, хууль тогтоомжийг ажлын 5 хоногт багтаан ёсчлох эсэхийг Ерөнхийлөгч эцэслэн шийдвэрлэнэ. Ерөнхийлөгч ёсчлоогүй хууль, хууль тогтоомж хүчин төгөлдөр болохгүй.
26.11. Аливаа хууль, хууль тогтоомж нь өөрөөр заагаагүй бол “Төр засгийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор хэвлэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
26.12. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Хориндолоодугаар зүйл.
БНМУ-ын Үндэсний Их Хуралдай
27.1. Үндэсний Их Хуралдай нь нийт ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох (соёрхон батлах) эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэх байгууллага мөн.
27.2. Үндэсний Их Хуралдай нийт иргэдийг төлөөлөн сонгогдсон болон томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
27.3. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч нь Засгийн Газрын гишүүний, төрийн улс төрийн, болон төрийн жинхэнэ албыг давхар хашиж үл болно.
27.4. Үндэсний Их Хуралдайн тухайн бүрэлдэхүүнийг бүрдүүлж буй төлөөлөгчдийг насаар эрэмбэлж хамгийн ахмад төлөөлөгчийг Үндэсний Их Хуралдайн даргаар, хамгийн залуу төлөөлөгчийг Үндэсний Их Хуралдайн дэд даргаар тус тус 1 жилийн хугацаагаар томилно. Үндэсний Их Хуралдайн дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа Үндэсний Их Хуралдайн дараагийн дарга, дэд дарга шинээр томилогдсоноор тус тус дуусгавар болно.
27.5. Үндэсний Их Хуралдайд БНМУ-ын 10.000 иргэн тутмаас нэг төлөөлөгч сонгогдоно. Үндэсний Их хуралдайн төлөөлөгчийг тухайн тойргийн сонгуульд санал өгөх эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.
27.6. Үндэсний Их Хуралдайд сонгогдвол зохих нийт төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй нь Үндэсний Их Хуралдайн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн тохиолдолд Үндэсний Их Хуралдай бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай болно.
27.7. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчөөр 35 нас хүрсэн БНМУ-ын уугуул иргэнийг сонгоно.
27.8. Сонгуульд санал өгөх эрх бүхий 100-аас доошгүй иргэний гарын үсэг цуглуулсан БНМУ-ын уугуул иргэн Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчид нэр дэвшихийг хориглоно.
27.9. Тухайн тойргийн Үндэсний Их Хуралдайн сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн дийлэнхи олонхи оролцсоноор уг сонгууль хүчин төгөлдөр гэж тооцогдоно.
27.10. Тухайн тойргийн сонгуульд оролцсон сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдоно.
27.11. БНМУ-ын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан иргэн өөрөө зөвшөөрвөл тухайн үеийн Ерөнхийлөгчийн саналаар Үндэсний Их Хуралдайн томилогдсон төлөөлөгч байж болно.
27.12. БНМУ-ын Улсын Бага Хуралдай, эсхүл Үндэсний Их Хуралдайд 3-аас доошгүй удаа сонгогдож байсан, Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, Төрийн албаны Зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан, Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүний албыг хашиж байсан иргэд, Өмгөөлөгчдийн байгууллагуудын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын төлөөлөл, Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын төлөөлөл, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл, Шинжлэх Ухааны Академийн төлөөлөл, Эмэгтэйчүүдийн байгууллагуудын төлөөлөл, Залуучуудын байгууллагуудын төлөөлөл, Хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, Ахмадын байгууллагуудын төлөөлөл, Үндэсний олимпийн хорооны дарга, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын төлөөлөл, Боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, гадаад харилцааны нэрт зүтгэлтэн зэрэг иргэдийн дундаас Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх чадвартай бөгөөд хүсэлтэй гучин гурван иргэнийг Ерөнхийлөгч нэг жилийн хугацаагаар Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчөөр томилно. Төлөөлөгчийг улируулан томилж болно.
27.13. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч нь Үндэсний Их Хуралдайн чуулганы хуралдаанд оролцохдоо нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэн дээдлэнэ.
27.14. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч нь тогтмол цалин авахгүй бөгөөд ээлжит, ээлжит бус чуулганы хуралдаанд оролцохтой холбоотой үйл ажиллагааны зардлыг нь улсын төсвөөс санхүүжүүлнэ.
27.15. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч намын гишүүн бус, эсхүл намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна.
27.16. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн бүрэн эрх Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинээр сонгогдсон төлөөлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
27.17. Үндсэний Их Хуралдайн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаан таслахыг хориглоно.
27.18. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчид гагцхүү чуулганы хуралдаанд оролцохдоо хэлсэн үг, өгсөн саналынх нь төлөө хариуцлага хүлээлгэхгүй.
27.19. Үндэсний Их Хуралдайн сонгогдсон нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгийг жил тутам сонгоно.
27.20. Тухайн тойргийн сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн олонхийн гарын үсэг бүхий шаардлагаар тухайн тойргоос сонгогдсон Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийг эгүүлэн татаж болно.
Хориннаймдугаар зүйл.
БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн бүрэн эрх
Үндэсний Их Хуралдай дараахь бүрэн эрхийг хадгалж хэрэгжүүлнэ:
28.1. Сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн дунд Бүх ард түмний санал асуулгыг зарлах;
28.2. Улсын Бага Хуралдайн баталж ирүүлсэн БНМУ-ын Дээд хуулийн төсөл, Дээд хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Бүх ард түмний санал асуулгыг зарлах;
28.3. БНМУ-ын Дээд хуулийн төсөл, эсхүл Дээд хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн дунд явуулсан Бүх ард түмний санал асуулгын дүнг үндэслэн эцэслэн батлах эсэхийг шийдвэрлэх;
28.4. Ард түмний дундын өмчийг захиран зарцуулах асуудлыг шийдэх тухай Засгийн газраас өргөн барьсан саналын талаар сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн дунд Бүх ард түмний санал асуулгыг зарлах;
28.5. Сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн дийлэнх олонхи нь оролцсон Бүх ард түмний санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцох;
28.6. Улсын Бага Хуралдайн хэлэлцэн баталсан хууль, хууль тогтоомжийг соёрхон батлах, бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн хориг тавих;
28.7. Ерөнхийлөгч Улсын Бага Хуралдайг тараах зарлиг гаргасныг хэлэлцэж олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх;
28.8. Ерөнхийлөгчийг огцруулах тухай Улсын Бага Хуралдайгаас өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцэх, олонхийн саналаар огцруулах шийдвэр гаргасан бол эцэслэн шийдвэрлүүлэхээр Улсын Дээд Шүүхэд хүргүүлэх;
28.9. Улсын хилийг тогтоох;
28.10. Хүний Эрхийн Үндэсний Хорооны өргөн барьсаны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, огцруулах;
28.11. БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн сонгогдсон, томилогдсон төлөөлөгчийг эгүүлэн татах эсэхийг шийдвэрлэх;
Хоринесдүгээр зүйл.
БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн чуулган
29.1. Үндэсний Их хуралдай бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
29.2. Үндэсний Их Хуралдайн ээлжит чуулганыг улирал тутам нэг удаа 30 хоногоос илүүгүй хугацаанд багтаан Төрийн ордонд хийнэ.
29.3. Үндэсний Их Хуралдайн ээлжит чуулганыг улирал тутмын эхний Даваа гарагт эхлэхээр тооцож, ээлжит бус чуулганыг Үндэсний Их Хуралдайн даргын албан ёсоор зарласнаар тус тус хуралдуулна.
29.4. Үндэсний Их Хуралдайн чуулганы хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндэсний Их Хуралдайн гишүүн чуулганы хуралдаанд биечлэн оролцож, тухайн асуудлаар саналаа өөр этгээдэд шилжүүлэхгүйгээр шийдвэрлэх үүрэгтэй.
29.5. Улсын Бага Хуралдайн тогтоолоор Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарсан бол Үндэсний Их Хуралдайн дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна.
29.6. Үндэсний Их Хуралдайн зохион байгуулалт, төлөөлөгчийг сонгох болон үйл ажиллагааны бусад дэг, журмыг хуулиар тогтооно.
Гучдугаар зүйл.
БНМУ-ын Бага хуралдай
30.1. Улсын Бага Хуралдай нь нийт ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох (батлах) эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэх байгууллага мөн.
30.2. Улсын Бага Хуралдайн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
30.3. Улсын Бага Хуралдайн гишүүнийг сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу БНМУ бүхэлдээ сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу намын жагсаалтаар сонгоно. Улсын Бага Хуралдайд нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байна.
30.4. Улсын Бага Хуралдайн гишүүнээр 35 нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэн нэр дэвшиж сонгогдоно.
30.5. Улсын Бага Хуралдайн гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж Улсын Бага Хуралдайн шинээр сонгогдсон гишүүн Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр дуусгавар болно.
30.6. Улсын Бага хуралдай 99 гишүүнтэй байна.
30.7. Улсын Бага Хуралдайд сонгогдвол зохих нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь Улсын Бага Хуралдайн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн тохиолдолд Улсын Бага Хуралдай бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай болно.
30.8. Улсын Бага Хуралдайн даргыг Улсын Бага Хуралдайн гишүүдийн дотроос нам, эвслийн авсан суудлын тоог харгалзсан дарааллаар эрэмбэлж, хамгийн олон суудал авсан нам, эвслээс эхлэн нэр дэвшүүлж ээлжлэн тус бүр нэг жилийн хугацаагаар томилно.
30.9. Улсын Бага Хуралдайн дэд даргыг Улсын Бага Хуралдайн гишүүдийн дотроос авсан суудлын тоогоор хоёрдохоос эхлэн эрэмбэлэгдэх нам, эвслээс эхлэн нэр дэвшүүлж ээлжлэн тус бүр нэг жилийн хугацаагаар томилно.
30.10. Улсын Бага Хуралдайн дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа Улсын Бага Хуралдайн дарга, дэд дарга шинээр томилогдсоноор дуусгавар болно.
30.11. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Гучиннэгдүгээр зүйл.
БНМУ-ын Бага Хуралдайн бүрэн эрх
Улсын Бага Хуралдай төр засгийн дотоод, гадаад бодлогын дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
31.1. Хууль, хууль тогтоомжийг баталж Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлэх;
31.2. Дээд хуулийн шинэчилсэн найруулга, эсхүл Дээд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулан баталж Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлэх;
31.3. Төр засгийн дотоод, гадаад бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн үндсийг тодорхойлох;
31.4. Улсын Бага Хуралдайн бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;
31.5. Засгийн газрын өргөн мэдүүлсэн БНМУ-ын хөгжлийн Урт хугацааны бодлого, Дунд хугацааны бодлого буюу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Богино хугацааны бодлого буюу Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах;
31.6. БНМУ-ын улсын төсвийн гүйцэтгэлийн тайлан, Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн батлах;
31.7. Засгийн газраас боловсруулсан Улсын төсвийг батлахдаа орлого, зарлагын зохистой харьцааг баримтлах;
31.8. Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тухайн жилийн бүх шатны сонгуулийн нийт зардлыг батлах;
31.9. Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол банкны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг томилох;
31.10. БНМУ-ын хөгжлийн Урт хугацааны бодлого, Дунд хугацааны бодлого буюу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Богино хугацааны бодлого буюу Үндсэн чиглэлийн хүрээнд төр засгийн санхүү, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, татвар, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн үндсийг батлах;
31.11. БНМУ-ын хууль, хууль тогтоомжийн биелэлт, Улсын Бага Хуралдайн баталсан бодлогын шинжтэй баримт бичгийн хэрэгжилтийг шалгах зорилгоор Улсын Бага Хуралдайн нээлттэй сонсгол, Засгийн газрын асуулгыг зохион байгуулах, шаардлагатай гэж үзвэл холбогдох шийдвэр гаргах;
31.12. БНМУ-ын Бага Хуралдайн нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй нь Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Дээд хуулийн утга санаа, зарчим, зүйл заалт болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэн түүнийг огцруулах тухай санал гаргаж, дийлэнх олонхи нь уг саналыг дэмжсэн шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэрийг Үндэсний Их Хуралдайд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлэх;
31.13. Засгийн газрын гишүүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар шийдвэр гаргаж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
31.14. Засгийн газрын өргөн мэдүүлснээр засаг захиргааны нэгжийн хуваарийг батлах, өөрчлөх;
31.15. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;
31.16. Өршөөл үзүүлэх;
31.17. Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;
31.18. Засгийн газрын өргөн мэдүүлснээр БНМУ-ын олон улсын гэрээг батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
31.19. Ерөнхийлөгчийн өргөн барьсаны дагуу Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэн шийдвэрлэх;
31.20. Дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцэн шийдвэрлэх;
31.21. Улсын Бага Хуралдай Ерөнхийлөгчийн дайны байдал зарласан зарлиг гарснаас хойш уг зарлигийг цагт багтаан хэлэлцэж эхлэх бөгөөд зарлигийг хэлэлцэж эхэлснээс хойш 24 цагт багтаан батлах, эсхүл хүчингүй болгох;
31.22. Хэрэв Улсын Бага Хуралдай дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш уг зарлигийг 24 цагт багтаан хэлэлцэж эс чадах аваас уг зарлиг хүчин төгөлдөр хэвээр хэрэгжинэ.
31.23. Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцэн шийдвэрлэх;
31.24. Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш Улсын Бага Хуралдай 48 цагт багтаан уг зарлигийг хэлэлцэж эхлэх бөгөөд уг зарлигийг хэлэлцэх эхэлснээс хойш 48 цагт багтаан батлах, эсхүл хүчингүй болгох;
31.25. Хэрэв Улсын Бага Хуралдай Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш уг зарлигийг 48 цагт багтаан хэлэлцэж эс чадах аваас уг зарлиг хүчин төгөлдөр хэвээр хэрэгжинэ.
31.26. Улсын Бага Хуралдайн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Гучинхоёрдугаар зүйл.
БНМУ-ын Бага хуралдайн чуулган
32.1. Улсын Бага Хуралдай бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
32.2. Улсын Бага Хуралдайн анхдугаар чуулганы хуралдааныг тухайн сонгууль болсон жилийн 11 дүгээр сарын 1-ний өдөр хуралдуулахаар Ерөнхийлөгч зарлана.
32.3. Улсын Бага Хуралдайн ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таван хоногоос доошгүй ажлын өдөр чуулна.
32.4. Улсын Бага Хуралдайн хаврын ээлжит чуулган жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр, Улсын Бага Хуралдайн намрын ээлжит чуулган жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр тус тус эхлүүлэхээр Улсын Бага Хуралдайн дарга албан ёсоор зарлан хуралдуулна.
32.5. Улсын Бага Хуралдайн гишүүдийн гуравны нэгээс илүү нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгчийн санаачилгаар, эсхүл Улсын Бага Хуралдайн дарга болон намын бүлгийн дарга нар санал нэгдсэнээр ээлжит бус чуулган хуралдуулахыг Улсын Бага Хуралдайн дарга албан ёсоор зарлана.
32.6. Улсын Бага Хуралдайн чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
32.7. Улсын Бага Хуралдай Байнгын хороод, шаардлагатай үед түр хороодтой байна.
32.8. Байнгын хороо, түр хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Гучингуравдугаар зүйл.
БНМУ-ын Бага Хуралдайн гишүүний бүрэн эрхийн баталгаа
33.1. Улсын Бага Хуралдайн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Төрийн албаны Зөвлөлөөс тогтоосон хэмжээний цалинг улсын төсвөөс авна.
33.2. Улсын Бага Хуралдайн гишүүн нь Засгийн газрын гишүүний, төрийн болон төрийн бус аль ч байгууллагын ажил, албан тушаал, сонгуульт ажлыг давхар хашихыг хориглоно.
33.3. Улсын Бага Хуралдайн гишүүн зөвхөн чуулганы хуралдаанд оролцохдоо хэлсэн үг, өгсөн саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй.
33.4. Улсын Бага Хуралдайн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан таслахыг хориглоно.
33.5. Улсын Бага Хуралдайн гишүүн чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд биечлэн оролцож, саналаа өөр этгээдэд шилжүүлэхгүйгээр хуульд өөрөөр заагаагүй бол илээр өгөх үүрэгтэй.
33.6. Улсын Бага Хуралдайн гишүүнээр 2-оос дээш удаа дараалан сонгогдохыг хориглоно.
33.7. Улсын Бага Хуралдайн гишүүнийг дараах үндэслэлээр эгүүлэн татах, эсхүл нөхөн оруулах саналыг Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлнэ. Үүнд:
33.7.1. Нэг жилийн хугацаанд Улсын Бага Хуралдайн чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50-иас илүү цагаар тасалсан;
33.7.2. Гэмт хэрэгт холбогдсон гэж хуулийн байгууллагаас албан ёсоор санал оруулсан;
33.7.3. Сонгуульд санал өгөх эрх бүхий арван мянгаас доошгүй иргэн сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэн гарын үсэг зурж шаардлага хүргүүлсэн;
33.7.4. Тухайн гишүүнийг нэр дэвшүүлсэн нам нь эгүүлэн татах санал гаргасан;
33.7.5. Өөрөө хүсэлт гаргасан;
33.7.6. Хүндээр өвчилсөн;
33.7.7. Нас барсан.
33.8. Үндэсний Их Хуралдайгаас Улсын Бага Хуралдайн гишүүнийг эгүүлэн татах, нөхөн оруулах шийдвэр гарсан тохиолдолд түүний оронд Улсын Бага Хуралдайн тухайн сонгуульд оролцсон намын нэр дэвшигчдийн жагсаалтад бичигдсэн дараагийн хүнийг Улсын Бага Хуралдайн гишүүнээр шинээр сонгогдсонд тооцно.
33.9. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
ГУРАВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ
Гучиндөрөвдүгээр зүйл.
БНМУ-ын Шүүх
34.1. БНМУ-д шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хадгалан хэрэгжүүлнэ. Хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.
34.2. Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын Дээд шүүх, нийслэл, аймаг, улсын чанартай хотын болон Тангарагтны шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүхийг байгуулж болно.
34.3. Шүүхийн шийдвэрийг анхан, давж заалдах болон хяналтын шатны журмаар гаргана.
34.4. Шүүх нь эрүүгийн хүнд, онц хүнд хэргийг Тангарагтны шүүхээр, эрүүгийн хөнгөн, хүндэвтэр болон иргэний, захиргааны зэрэг хэргийг дагнасан шүүхээр шүүн таслах үйл ажиллагаа явуулна.
34.5. Тангарагтны шүүх нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг гагцхүү санал нэгтэйгээр эцэслэн шийдвэрлэнэ. Шүүгч нь гагцхүү шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг санал нэгтэйгээр тогтоосон Тангарагтаны шүүхийн ял оногдуулах, эсхүл цагаатгах талаар эцэслэн гаргасан шийдвэрийг гуйвуулалгүйгээр, өөрчлөлгүйгээр баталгаажуулан албан ёсоор нийтэд мэдэгдэнэ.
34.6. Захиргааны шүүх нь хууль хэрэгжүүлэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр нь хууль, хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэнэ.
34.7. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Гучинтавдугаар зүйл
Шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим
35.1. Бүх шатны шүүх хэрэг, маргааныг эрх тэгш талуудын мэтгэлцээний үндсэн дээр хянан хэлэлцэж, аль нэгэн талын байр суурьт хэт хөтлөгдөлгүйгээр шударгаар шийдвэрлэнэ.
35.2. Анхан шатны шүүх эрүүгийн хөнгөн, хүндэвтэр хэрэг, иргэний болон захиргааны хэргийг эрх тэгш талуудын мэтгэлцээний үндсэн дээр шударгаар шийдвэрлэхдээ иргэний төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах бөгөөд түүнийг иргэдийн дундаас мэтгэлцэж байгаа талуудын оролцоотойгоор санамсаргүй сонголтын аргаар тодруулна.
35.3. Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж эхлэхдээ шүүгдэгч нь гэм буруугүй гэсэн зарчмыг баримтална. Нотлох баримтыг үнэлэх, шийдвэр гаргахдаа шүүгдэгчид ашигтай талыг баримтлана.
35.4. Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.
35.5. Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлэн, эсхүл орчуулан бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаанд эх хэлээрээ үг хэлэх эрх олгоно.
35.6. Зөвхөн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, бага насны хүүхдийн хувийн нууцыг хамгаалахтай холбоотойгоор хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэрэг, маргааныг нээлттэй хэлэлцэж таслан шийдвэрлэнэ.
35.7. Шүүхээр өөртэй нь холбоотой хэрэг, маргаан хэлэлцэгдэж байгаа хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй.
35.8. Хүний эрх, эрх чөлөөг шүүхэд хамгаалах мэргэжлийн чиг үүргийг өмгөөлөгч хэрэгжүүлж болно. Шүүхээр өөртэй нь холбоотой хэрэг, маргаан хэлэлцэгдэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийнхөө, эсхүл түүний өмгөөлөгч, төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг нотлохын тулд өөрсдөө болон хувийн мөрдөх эрх бүхий байгууллага, хүнд хүсэлт гарган, эсхүл төрийн мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагад санал тавин нотлох баримтыг цуглуулах, цуглуулсан нотлох баримтыг шүүхийн аль ч шатны хуралдаанд гаргаж өгөх, хэлэлцүүлэх, үнэлүүлэх эрхтэй.
35.9. Шүүхээр өөртэй нь холбоотой хэрэг, маргаан хэлэлцэгдэж байгаа хүн өөрийнх нь асуудлыг хэлэлцэж байгаа шүүхийн аль ч шатны хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхтэй.
35.10. Өмгөөлөгч, төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах үүрэгтэй.
35.11. Хуулиар хориглоогүй өмгөөлөгч, төлөөлөгчийн бүхий үйл ажиллагаанд хэн ч ямар нэгэн саад бэрхшээл учруулж үл болно.
35.12. Шүүхээр өөртэй нь холбоотой хэрэг, маргаан хэлэлцэгдэж байгаа хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхэд аливаа этгээд ямар нэгэн саад бэрхшээл учруулахыг хориглоно.
35.13. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Гучинзургаадугаар зүйл.
Шүүхийн бие даасан байдал, бүрэн эрхийн баталгаа
36.1. Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн найдвартай баталгааг төр засаг хариуцан хангана.
36.2. Шүүгч хэнээс ч хараат бус байж, гагцхүү Дээд хууль, түүний утга агуулга, зарчимд захирагдаж, Дээд хуулийн зүйл заалт бүрийг яг зааснаар нь хөдөлбөргүй баримтлан даган мөрдөж, үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулна.
36.3. Ерөнхийлөгч, Улсын Бага Хуралдайн гишүүн, Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч болон Засгийн газрын гишүүн, төр засаг, нам, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ шударгаар хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцож аливаа саад бэрхшээл учруулахыг хориглоно.
36.4. Дээд хууль, хуульд заасан үндэслэл бүхий шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсоноор огцорсон, эсхүл хүндээр өвдөж үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон, өөрөө хүсэлт гаргасны дагуу чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг хугацаанаас нь өмнө огцруулах, чөлөөлөхийг хориглоно.
Гучиндолоодугаар зүйл.
Шүүгчийг сонгох, чөлөөлөх
37.1. Бүх шатны шүүхийн шүүгч 6 жилийн хугацаагаар сонгогдоно.
37.2. Улсын Дээд Шүүхийн шүүгчийг сонгуульд санал өгөх эрх бүхий иргэд БНМУ нь сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
37.3. Дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчийг тухайн шатны шүүхийн харьяалах засаг захиргааны нэгжийг сонгуулийн нэг тойрог хэмээн үзэж, тэнд оршин сууж байгаа сонгуульд санал өгөх эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
37.4. Бүх шатны шүүхийн шүүгчийн сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд сонгуулийн нийт зардлыг нэр дэвшигч өөрөө, хувь хүн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын аливаа хандиваар бүрдүүлэхийг хориглоно.
37.5. Улсын Дээд Шүүхийн шүүгч нь 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, хуульч мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.6. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь 40 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.7. Сум, сум дундын, орон нутгийн чанартай хот, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 35 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, хуульч мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан, ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.8. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүх, сум, сум дундын, орон нутгийн чанартай хот, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоог харгалзан хуулиар тогтооно. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь хамгийн олон жил шүүгчээр ажилласан нь байна.
37.9. Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнийг БНМУ-ын иргэдээс бүрдүүлэх бөгөөд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний тоо, Тангарагтны шүүгчийг тухайн шүүн таслах ажиллагаанд санамсаргүй сонголтын аргаар тодруулан оролцуулах бөгөөд энэхүү журмыг хуулиар тогтооно.
37.10. Тангарагтны шүүгч нь 40 нас хүрсэн, ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.11. Улс төрийн намын дарга, Ерөнхийлөгч, Улсын Бага Хуралдайн дарга, Үндэсний Их Хуралдайн даргаар ажиллаж байсан хүн Улсын Дээд Шүүхийн шүүгчээр сонгогдохыг хориглоно.
37.12. Бүх шатны шүүхийн шүүгч намын гишүүн бус, эсхүл намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна.
37.13. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Гучиннаймдугаар зүйл
Улсын Дээд шүүх ба түүний бүрэн эрх
38.1. Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Улсын Дээд шүүх нь 21 шүүгчтэй байна. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг хамгийн олон жил шүүгчээр ажилласнаар нь эрэмбэлж жил бүр ээлжлэн сонгоно.
38.2. БНМУ-ын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
38.2.1. Тангарагтны шүүхийн шийдвэрийг гагцхүү эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр хянах.
38.2.2. Улсын Дээд шүүх нь Дээд хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний утга агуулга, зарчим, зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлаар өөрийн санаачлагаар, эсхүл албан тушаалтан, байгууллага, иргэнээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх;
38.2.3. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Захирагчийн захирамж, аймаг, улсын чанартай хот, орон нутгийн чанартай хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, шат шатны Засаг дарга, Захирагчийн захирамж Дээд хуульд үл нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх;
38.2.4 БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн нийт гишүүдийн олонхи нь Ерөнхийлөгч тангараагаасаа няцаж Дээд хуулийн утга агуулга, зарчим, зүйл заалт болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэн түүнийг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд Улсын Дээд шүүхийн нийт гишүүдийн хуралдаанаар Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг 30 хоногт багтаан авч хэлэлцэж олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх;
38.2.5. Үндэсний Хяналтын Хорооны хариуцлага тооцсон шийдвэр хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, эсхүл илтэд нийтийн эрх ашгийг хохироосон гэсэн үндэслэлээр хянах,
38.2.6. Хүний Эрхийн Үндэсний Хорооны хариуцлага тооцсон шийдвэр хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, эсхүл илтэд нийтийн эрх ашгийг хохироосон гэсэн үндэслэлээр хянах,
38.2.7. Хуулиар эрх олгогдсон бусад асуудлыг шийдвэрлэх;
38.3. Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Улсын Дээд шүүхийн шийдвэр Дээд хууль, бусад хууль харшилсан эсэх асуудлыг Улсын Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцэж хүчингүй болгох, эсхүл өөрчлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
38.4. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
ДӨРӨВ. ХЯНАН ШАЛГАХ ЭРХ МЭДЭЛ
Гучинесдүгээр зүйл.
БНМУ-ын Үндэсний Хяналтын хороо
39.1. БНМУ-ын Үндэсний Хяналтын Хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ.
39.2. Үндэсний Хяналтын Хорооны гишүүнийг сонгуульд санал өгөх эрх бүхий иргэд БНМУ сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
39.3. Үндэсний Хяналтын Хорооны гишүүн нь 45 нас хүрсэн, дээд боловсролтой, төрийн жинхэнэ албан хаагчаар 10-аас доошгүй жил ажилласан, ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
39.4. Үндэсний Хяналтын Хорооны гишүүний сонгуульд сонгуульд санал өгөх эрх бүхий нэг зуугаас доошгүй иргэний гарын үсэг цуглуулсан БНМУ-ын уугуул иргэн нэр дэвшин өрсөлдөж болно.
39.5. Үндэсний Хяналтын Хороо нь 25 гишүүнээс бүрдэнэ. Үндэсний Хяналтын Хорооны нийт гишүүдийн 1/5-ийг жил бүр сонгоно. Үндэсний Хяналтын Хорооны даргыг гишүүдийн насаар хамгийн ахмадаас нь эхлэн эрэмбэлж жил бүр ээлжлэн сонгоно.
39.6. Үндэсний Хяналтын Хорооны гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт ажлаас өөр ажил, албан тушаал давхар хашихыг хориглоно.
39.7. Үндэсний Хяналтын Хорооны гишүүн нь нам бус, эсхүл намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна.
39.8. Үндэсний Хяналтын Хорооны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төсвийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
39.9. Эдгээр харилцааг хуулиартогтооно.
Дөчдүгээр зүйл.
БНМУ-ын Үндэсний Хяналтын хорооны бүрэн эрх
40.1. БНМУ-ын Үндэсний Хяналтын Хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
40.1.1. Төр засгийн байгууллагын төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг хянах;
40.1.2. Төр засгийн байгууллагын хөрөнгө, мөнгөний зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийг хянах;
40.1.3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн хөрөнгө, мөнгөний зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийг хянах;
40.1.4. Төсвөөс санхүүждэг, төрийн өмчийг ашиглаж байгаа байгууллага, аж ахуй нэгжийн хөрөнгө, мөнгөний зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийг хянах;
40.1.5. Зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл хангагдаж байгаа эсэхийг хянах;
40.1.6. Төрийн өмч, нийтийн өмч, ард түмний дундын өмчийг зөв зохистой захиран зарцуулж байгаа эсэхийг хянах;
40.1.7. Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй нь тухайн ажлын байранд тохирч байгаа эсэхийг хянах;
40.1.8. Хяналт шалгалтын үр дүнд тухайн байгууллага, албан тушаалтанд зөвлөмж өгөх, шаардлага хүргүүлэх, хариуцлага тооцох.
40.2. Үндэсний Хяналтынын Хороо нь хамтын удирдлагын байгууллага байх бөгөөд шийдвэрээ гишүүдийн олонхийн саналаар гаргана. Үндэсний Хяналтынын Хорооны шийдвэрийн хэлбэр нь тогтоол, зөвлөмж, шаардлага байна.
40.3. Үндэсний Хяналтын Хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар орон гарсан нөхцөлд үр дүн нь 45 хоногт багтан гарахаар тооцож нөхөн сонгууль явуулна.
40.4. Үндэсний Хяналтын Хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Дөчиннэгдүгээр зүйл.
БНМУ-ын Хүний Эрхийн Үндэсний Хороо
41.1. БНМУ-ын Хүний Эрхийн Үндэсний Хороо нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхийг хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ.
41.2. Хүний Эрхийн Үндэсний Хороо нь БНМУ-ын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, хэлэлцээр, Дээд хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөөг баттай хамгаалах, гарсан зөрчлийг илрүүлэн арилгуулах, хариуцлага тооцох эрх, үүрэгтэй.
41.3. Хүн төр засгийн байгууллага, албан хаагчийн үйлдлийн улмаас зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулан сэргээлгэхээр Хүний Эрхийн Үндэсний Хороонд хандан хүсэлт гаргана.
41.4. Хүний Эрхийн Үндэсний Хороо нь хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, шүүх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай дүгнэлт хүргүүлэх бол хорооны хамтын шийдвэрээр, төр засгийн байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай зөвлөмж хүргүүлэх бол Хорооны нэг гишүүний шийдвэрээр тус тус гаргана.
41.5. Хүний Эрхийн Үндэсний Хороо нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан уг зөрчлийг арилгуулахаар дүгнэлт, эсхүл зөвлөмж гаргана. Дээд байгууллага, албан тушаалтан Хүний Эрхийн Үндэсний Хорооны дүгнэлт, эсхүл зөвлөмжийг харгалзвал зохино.
41.6. Хүний Эрхийн Үндэсний Хороо нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзээд тухайн байгууллага, албан тушаалтны харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан уг зөрчлийг арилгуулахаар дүгнэлт, эсхүл зөвлөмж хүргүүлснийг дээд байгууллага, албан тушаалтан үл харгалзаж, хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг арилгаагүй бол тухайн дээд шатны байгууллагын холбогдох албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж хариуцлага тооцно.
41.7. Хүний Эрхийн Үндэсний Хороо төр засгийн бүх шатны байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтанд, эсхүл харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан уг зөрчлийг арилгуулахаар дүгнэлт, эсхүл зөвлөмж гаргана. Тухайн байгууллага, албан тушаалтан Хүний Эрхийн Үндэсний Хорооны гаргасан дүгнэлт, эсхүл зөвлөмжийг харгалзвал зохино. Хүний Эрхийн Үндэсний Хорооны гаргасан дүгнэлт, эсхүл зөвлөмжийг авч хэлэлцэн шийдвэрлэх хүртэл уг шийдвэрийн үйлчлэл түдгэлзэнэ.
41.8. Хүний Эрхийн Үндэсний Хороо төр засгийн бүх шатны байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзээд тухайн байгууллага, албан тушаалтанд, эсхүл харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан уг зөрчлийг арилгуулахаар дүгнэлт, эсхүл зөвлөмж гаргасан байхад тухайн байгууллага, албан тушаалтан дүгнэлт, эсхүл зөвлөмжийг үл харгалзан зөрчлийг арилгаагүй тохиолдолд Хүний Эрхийн Үндэсний Хороо тухайн шатны дээд байгууллагын албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж хариуцлага тооцно.
41.9. Хүний Эрхийн Үндэсний Хороо нь шүүх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл тухайн шүүхэд хандан дүгнэлт гаргана. Тухайн шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Хүний Эрхийн Үндэсний Хорооны гаргасан дүгнэлтийг заавал авч хэлэлцэнэ.
41.10. Төр засаг, хууль, шүүхийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэхээр тухайн иргэний өмнөөс Хүний Эрхийн Үндэсний Хороо холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шаардлага хүргүүлнэ. Тухайн байгууллага, албан тушаалтан Хүний Эрхийн Үндэсний Хорооны шаардлагыг заавал авч хэлэлцэх бөгөөд шийдвэр гаргахдаа харгалзвал зохино.
41.11. Хүний Эрхийн Үндэсний Хороо нь хамтын шийдвэрээр уучлал үзүүлнэ.
41.12. Хүний Эрхийн Үндэсний Хороо нь Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг нэр дэвшүүлэн Үндэсний Их Хуралдайд өргөн барьж шийдвэрлүүлнэ.
41.13. Хүний Эрхийн Үндэсний Хороо нь Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэр, үйл ажиллагаа БНМУ-ын иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзвэл Сонгуулийн Ерөнхий Хороог бүхэлд нь, эсхүл Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг огцруулах шийдвэр гаргана.
41.14. Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүн 45 нас хүрсэн, ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна. Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүнийг сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдээс БНМУ нэг тойрог гэсэн зарчмын дагуу 5 жилийн хугацаагаар сонгоно.
41.15. Хүний Эрхийн Үндэсний Хороо 25 гишүүнтэй байна. Хүний Эрхийн Үндэсний Хорооны нийт гишүүдийн 1/5-ийг жил бүр сонгоно. Хүний Эрхийн Үндэсний Хорооны даргыг гишүүдийн насаар хамгийн ахмадаас нь эхлэн эрэмбэлж жил бүр ээлжлэн сонгоно.
41.16. Хүний Эрхийн Үндэсний Хороо хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхийг нийт орон даяар хянах, шалгах, сэргээх, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төсвийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
41.17. Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүн нам бус, намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна.
41.18. Хүний Эрхийн Үндэсний Хороо, түүний гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа, ажиллах журмыг хуулиар тогтооно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: БНМУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ,
ТҮҮНИЙ УДИРДЛАГА
Дөчинхоёрдугаар зүйл.
Засаг захиргааны тогтолцоо
42.1. БНМУ-ын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд нийслэл, улсын чанартай хот, аймагт, нийслэл, улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, аймаг нь орон нутгийн чанартай хот, сум, тосгонд тус тус хуваарилагдана.
42.2. Нийслэл, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хот, сум, тосгон, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон эрх, үүрэг бүхий удирдлагатай засаг захиргааны нэгж мөн.
42.3. БНМУ-ын Засаг, захиргааны нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. Засаг захиргааны нэгж, түүний хилийн цэсийг тогтоох, өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын тоо, төвлөрөл, байршил, дэд бүтэц болон эдийн засаг, нийгмийн тэнцвэртэй, тогтвортой, хурдтай хөгжлийн шаардлагыг харгалзан Засгийн газраас боловсруулан өргөн мэдүүлснээр Улсын Бага Хуралдай шийдвэрлэн тогтооно.
42.4. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Дөчингуравдугаар зүйл.
Засаг захиргааны нэгжийн өөрөө удирдах ёсны байгууллага
43.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол нийслэл, улсын чанартай хот, дүүрэг, аймаг, орон нутгийн чанартай хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн хурлын хуралдааны бус цагт түүний тэргүүлэгчид мөн бөгөөд дүүрэг, сум, тосгон, хороонд иргэдийн нийтийн хурал мөн.
43.2. Нийслэл, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 3 жилийн хугацаагаар сонгож байгуулна.
43.3. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тухайн нутаг дэвсгэрийг сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмаар сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгоно.
43.4. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 30 нас хүрсэн, тухайн засаг захиргааны нэгжид нэгээс доошгүй жил байнга оршин сууж байгаа бүртгэлтэй БНМУ-ын уугуул иргэн нэр дэвшин сонгогдоно.
43.5. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Дөчиндөрөвдүгээр зүйл.
Засаг захиргааны нэгжийн хууль хэрэгжүүлэх удирдлага
44.1. Нийслэл, улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот, дүүрэг, хороо, тосгоны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн нийслэл, хот, дүүрэг, хороо, тосгоны Захирагч хэрэгжүүлнэ.
44.2. Аймаг, сумын нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, сумын Засаг дарга хэрэгжүүлнэ.
44.3. Улсын чанартай хотын Захирагч, аймгийн Засаг даргыг Ерөнхийлөгч, орон нутгийн чанартай хот, тосгоны Захирагчийг тухайн аймгийн Засаг дарга, дүүргийн Захирагчийг тухайн улсын болон орон нутгийн чанартай хотын, эсхүл нийслэлийн Захирагч тус тус томилно.
44.4. Ерөнхийлөгч, тухайн шатны Засаг дарга, эсхүл Захирагч доод шатны Засаг дарга, эсхүл Захирагчийг өөрийнх нь хүсэлтээр, итгэл алдсан болон хүндэтгэн үзэх бусад үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж болно.
44.5. Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг, дүүргийн Захирагч хорооны Захирагчийг тус тус томилохдоо тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн нийтийн хуралд оролцогсдын саналыг харгалзан үзэж болно.
44.6. Нийслэлийн Захирагчийг нийслэлд оршин сууж байгаа сонгуульд санал өгөх эрх бүхий иргэд нийслэл нь сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган 5 жилийн хугацаагаар шууд сонгоно.
44.7. Нийслэлийн Захирагч нь 40 нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэн байна.
44.8. Нийслэлийн Захирагч нь Засгийн газрын гишүүний эрх зүйн байдалтай байна.
44.9. Улсын чанартай хотын Захирагч, аймгийн Засаг дарга 35 нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэн байна.
44.10. Орон нутгийн чанартай хотын Захирагч, дүүргийн Захирагч, сумын Засаг дарга, тосгоны Захирагч, хорооны Захирагч нь 30 нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэн байна.
44.11. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Дөчинтавдугаар зүйл.
Засаг захиргааны нэгжийн хууль хэрэгжүүлэх удирдлагын эрх хэмжээ
45.1. Засаг дарга, Захирагч нь харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг дарга, Захирагчийн өмнө биечлэн хариуцна.
45.2. Засаг дарга, Захирагч нь бүрэн эрхийнхээ хэмжээнд тухайн засаг захиргааны нэгжийн төсвийг хуулийн дагуу захиран зарцуулна.
45.3. Засаг дарга, Захирагч нь тухайн улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй.
45.4. Тавьсан хоригийг нь тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал дийлэнх олонхийн саналаар хүлээн авахаас татгалзсан нөхцөлд Засаг дарга, Захирагч уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ Ерөнхийлөгч, эсхүл харьяалах дээд шатны Засаг дарга, Захирагчид гаргаж болно.
45.5. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрт нийслэлийн Захирагчийн тавьсан хоригийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дийлэнхи олонхийн саналаар хүлээн авахаас татгалзсан нөхцөлд Нийслэлийн Захирагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тараах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа гаргах эрхтэй.
45.6. Нийслэлийн Захирагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулагдсан эхний нэг жилд тараах шийдвэр гаргахыг хориглоно.
45.7. Нийслэлийн Захирагчийн шийдвэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тараасан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо үр дүн нь 45 хоногийн хугацаанд багтан гарахаар тооцоолон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус сонгуулийг зарлан зохион байгуулна.
45.8. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Захирагч үүргээ хангалттай биелүүлэхгүй байна хэмээн үзэж гуравны хоёрын саналаар огцруулах санал гаргасан тохиолдолд уг саналыг Ерөнхийлөгч хянаж, огцруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
45.9. Нийслэл, хот, тосгон, дүүргийн Захирагчийн болон аймаг, сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэгбүрчлэн, эсхүл нэг маягаар тогтооно.
45.10. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Дөчинзургаадугаар зүйл.
Засаг захиргааны нэгжийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх, хэмжээ
46.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нийслэл, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хотын Засаг захиргааны нэгжийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхийн хамт улсын чанартай асуудал болон дээд шатны нэгжийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.
46.2. Нийслэл, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хотын нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн Засаг захиргааны нэгжийн Захирагч, Засаг даргын саналыг үндэслэн орон нутгийн татвар, хураамж, түүний хувь хэмжээг тогтоох, орон нутгийн өмчийг захиран зарцуулах, төр засгаас БНМУ-ын иргэдэд өмчлүүлснээс бусад газар болон түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамлыг ашиглуулах эрхийг тухайн орон нутагт шилжүүлснийг үндэслэн, тэдгээрийг зүй зохистойгоор эдийн засгийн эргэлтэнд оруулж төсвийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх шийдвэр гаргаж болно.
46.3. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Дөчиндолоодугаар зүйл.
Засаг захиргааны нэгжийн өөрөө удирдах байгууллага,
Засаг дарга, Захирагчийн шийдвэр
47.1. Нийслэл, улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана.
47.2. Бүх шатны Засаг дарга, Захирагч эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргана.
47.3. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг дарга, Захирагчийн захирамж нь Дээд хууль, бусад хууль, хууль тогтоомжид нийцсэн ёстой байх бөгөөд тус тусын засаг захиргааны нэгжид хүчин төгөлдөр үйлчилнэ.
47.4. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол Дээд хуульд үл нийцсэн байвал тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө, эсхүл Дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.
47.5. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол Дээд хуулиас бусад хууль, хууль тогтоомжид үл нийцсэн байвал тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө, эсхүл тухайн шатны захиргааны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.
47.6. Тухайн шатны Засаг дарга, Захирагчийн захирамж нь Дээд хуульд үл нийцсэн байвал тухайн шатны Засаг дарга, Захирагч өөрөө, эсхүл Дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.
47.7. Тухайн шатны Засаг дарга, Захирагчийн захирамж нь Дээд хуулиас бусад хууль, хууль тогтоомжид үл нийцсэн байвал тухайн шатны Засаг дарга, Захирагч өөрөө, эсхүл тухайн шатны захиргааны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.
47.8. Нийслэлийн Захирагчийн захирамж нь Дээд хуульд үл нийцсэн байвал Нийслэлийн Захирагч өөрөө, эсхүл Дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.
47.9. Нийслэлийн Захирагчийн захирамж нь Дээд хуулиас бусад хууль, хууль тогтоомжид үл нийцсэн байвал Нийслэлийн Захирагч өөрөө, эсхүл Нийслэлийн захиргааны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.
47.10. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
ТАВДУГААР БҮЛЭГ. БНМУ-ЫН ДЭЭД ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Дөчиннаймдугаар зүйл.
Дээд хууль шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
48.1. БНМУ-ын Дээд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг сонгуульд санал өгөх эрх бүхий нийт иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсгээ зурж гаргасан тохиолдолд уг саналыг Улсын Бага Хуралдай авч хэлэлцэнэ.
48.2. Хүний эрх, эрх чөлөөг дордуулсан, төр засгийн бүрэн эрхийн хуваарилалтын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулсан, улс төрийн сонгуульт албан тушаалын бүрэн эрхийн хугацаа, сонгогдох давтамжийг нэмэгдүүлэх заалт бүхий Дээд хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, батлахыг хориглоно.
48.3. Энэхүү Дээд хуульд зааснаас өөр арга замаар Дээд хуулийг шинээр батлах, Дээд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
48.4. Энэхүү Дээд хууль батлагдан хүчин төгөлдөр болсноос хойш хорин таван жилийн дараа Дээд хуулийг шинээр батлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
48.5. Эдгээр харилцааг хуулиар тогтооно.
Дөчинесдүгээр зүйл.
Дээд хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах журам
49.1. Улсын Бага Хуралдайн нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь Дээд хуулийн шинэчилсэн найруулга, эсхүл Дээд хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан тохиолдолд Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлнэ.
49.2. Улсын Бага Хуралдайн нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь Дээд хуулийн шинэчилсэн найруулга, эсхүл Дээд хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаагүй тохиолдолд уг төслийг тухайн Улсын Бага Хуралдайн бүрэн эрхийн хугацаанд дахин хэлэлцэхийг хориглоно.
49.3. Улсын Бага Хуралдайгаас батлан өргөн мэдүүлсэн Дээд хуулийн шинэчилсэн найруулга, эсхүл Дээд хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндэсний Их Хуралдай авч хэлэлцэн нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар соёрхон баталсан тохиолдолд Дээд хуулийн шинэчилсэн найруулга, эсхүл Дээд хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн шийдвэрлүүлэхээр Бүх ард түмний санал асуулга зарлана.
49.4. Бүх ард түмний санал асуулгад сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн дийлэнх олонхи нь оролцож, оролцогчдын олонхи нь Дээд хуулийн шинэчилсэн найруулга, эсхүл Дээд хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжин шийдвэрлэвэл Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн хамтарсан хуралдаанаар эцэслэн батлана.
49.5. Бүх ард түмний санал асуулгад оролцсон сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн олонхи нь Дээд хуулийн шинэчилсэн найруулга, эсхүл Дээд хуулийн нэмэлт өөрчлөлтийг эс дэмжвэл уг төслийг тухайн Улсын Бага Хуралдайн бүрэн эрхийн хугацаанд дахин хэлэлцэхийг хориглоно.
Тавьдугаар зүйл.
Дээд хуулийг дагаж мөрдөх
50.1. БНМУ-ын энэхүү Дээд хуулийг … оны … дугаар/дүгээр сарын …-ны/ний өдрийн … цаг буюу Арван долдугаар жарны … жилийн … сарын шинийн … өдрийн … цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.