2023 оны ҮГ: Монгол Улс сонгодог парламенттай болох нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023 оны ҮГ: Монгол Улс сонгодог парламенттай болох нь

/2023.1.2/ Шинэ он гарлаа. Шинэ он гарах торгон мөчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын ард түмэндээ хандсан мэндчилгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжин олон нийтэд хүрлээ.

ТЭД ЮУ ХЭЛЭВ?

Өнгөрөн одсон 2022 оныг заншил ёсоор дүгнэн хэлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч оныг эдийн засгийн хувьд амаргүй байсныг дурьдаад, энэ бүхнийг даван туулахад тус болсон хэмээн хувийн хэвшлийнхэнд талархаж буйгаа дурьдсан юм.

Тэрээр өнгөрөгч онд болсон жагсаал цуглааныг дурьдахаа мартсангүй. Ардчиллын 30 жилийг энх тайвнаар өнгөрүүлсэн шигээ, ирэх өдрүүдэд ч эв нэгдэлтэй байхыг уриалав.

Мөн улиг болсон “байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх” талаар дурьдлаа.

Ерөнхий сайд өнгөрөгч онд эдийн засгийн хувьд бүх түвшинд сэргэсэн жил болсныг салбар бүрийн төлөөллөөр дамжуулан илэрхийлэв. Тэдэн дунд харин хувийн хэвшлийн төлөөлөл байсангүй. Төрийн өмчит компаниуд болон төрийн байгууллагынхан өнгөрөгч 2022 онд хийж бүтээсэн зүйлсээ дурьдсан нь өмнөх мэндчилгээнүүдээс илүү сайн болсон байв.

Харин тэрээр үгийнхээ төгсгөлд дараах тун анхаарууштай зүйлийг хэлэв. Л.Оюун-Эрдэнэ:

-Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах жил байх болно.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар:

-2023 онд Монгол Улс нийгмийн зөвшилцлийг хангаж, бугшмал асуудлуудаа даван туулж, тогтолцооны шинэчлэл хийх зэрэг томоохон сорилтуудыг шийдэх жил болно. Өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг засан залруулж, засаглалын реформ хийх эрхзүйн шинэчлэлийн хөтөлбөрийг УИХ-аас дэвшүүлж ажиллана гэв.

Төрийн томоохон өөрчлөлт болох талаар Ерөнхийлөгчийн үгэнд ч багтсан юм. Тэрээр:

-Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Дээрх хоёр эшлэлүүдээс харвал 2023 онд томоохон өөрчлөлт хийх нь. Мөн Ерөнхий сайд 2022 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, сонгуулийн тогтолцоог өөрчилнө. УИХ-ын сонгуулийг 2023 онд зохион байгуулна” хэмээн ярьсныг эргэн дурсах нь зүй. Л.Оюун-Эрдэнэ:

-Томоохон шинэчлэл хийсэн тохиолдолд дахин сонгууль хийх боломжийг ард түмэндээ Ерөнхий сайдын хувьд олгох ёстой гэж бодож байна. Үндсэн хуультай холбоотой шинэчлэлийг хийж, өнгөрсөн хугацаанд явж ирсэн тэмцэл, бодлогууд цаашаа үргэлжлээсэй гэж хүсч байвал ард түмэн сонголтоо хийж, дүнгээ тавиач гэж хүсч байна. Үүнийг л сонгодог парламент гэдэг. Сонгодог парламент гэдэг бол асуудлаа шийдэх чадамжтай байх хэмжээний Засгийн газар, Ерөнхий сайд гэдэг. Үүнийг улстөрийн намууд, парламентын гишүүд дэмжих байх хэмээж байв.

Л.Оюун-Эрдэнэ энэ саналаа өнөөдөр гаргаж байгаа юм биш. Тэрээр 2018 оны наймдугаар сард өөрийн твиттер хуудаснаа дараах байдлаар жиргэж байв.

Мөн 2022 оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганы танхимд “Монгол Улс сонгодог парламенттай болох ёстой” хэмээж байлаа.

Ерөнхий сайдын энэ томоохон өөрчлөлтийн саналыг шинэ он гарахын өмнөхөн буюу 31-нд болсон МАН-ын Бага хурлаар хэлэлцэж, “зөвшөөрөл” олгосон хэмээн мэдээлсэн.

Зарим эх сурвалжийн мэдээллээр дээд, доод хоёр парламенттай байх хуулийн төслийн санаачлагч нь Намбарын Энхбаяр гэх. Тэрээр 2019 онд дараах ярилцлагыг itoim.mn сайтад өгч байсан юм.

-Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байх. Харин намууд өрсөлдөж парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх. Ингэснээр Засгийн газар, парламент хоёр хоорондоо огт холбоогүй болно. Засгийн газрыг Ерөнхийлөгч толгойлсноор Засгийн газрын нэг ч гишүүн парламентад байхгүй тус тусдаа болсноор хяналтын систем нэмэгдэнэ. Өнөөдөр олонх болсон намын дарга Засгийн газраа толгойлсноор Засгийн газар, парламент хоёр бие биеэ хянаж чадахгүй байна. Мөн шүүхийг ч ард түмэн сонгодог болох ёстой. Ерөнхийлөгч төсөлдөө парламентын гишүүдийн тоог 108 болгох гэсэн нь хэт олон. Манай намын зүгээс 55 болговол зохистой гэж үзэж байна. Ингэхдээ хоёр танхимтай парламент байх нь зөв гэж бодож байна. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй байхад хангалттай.

Тухайн үед Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Х.Баттулга “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” төсөл, саналаа илэрхийлж байсан юм.

СОНГОДОГ ПАРЛАМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

Ерөнхий сайдын дурьдсан “Сонгодог парламент” гэж юу вэ? Юун түрүүнд, сонгодог парламентыг дээд, доод хоёр танхимтайгаар бүрдүүлдэг. Гол төлөөлөгч нь Их Британи. Энэ улсад Ерөнхий сайд нь Нийтийн буюу доод танхимаа тараах санал гаргадаг. Гэхдээ ямар ч хууль сонгодог парламент гэдэг нэр томъёо байхгүй гэсэн санааг “Парламентын засаглалтай улс орнуудын төрийн эрх мэдлийн хуваарилалт, онцлог мэдээлэлд дурьдсан байгааг дэлгэрэнгүйгээр ЭНД ДАРЖ унших боломжтой.

“Мөнгөн үдэш“-т оролцсон иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх автобусны МАРШРУТ
“Мөнгөн үдэш“-т оролцсон иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх автобусны МАРШРУТ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.