/2022.12.27/: Энэ оны есдүгээр сард Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж шинэчлэн байгуулагдсаны дараа Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хороо, зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний асуудлыг судлан холбогдох шийдвэр гаргасан.
Энэ хүрээнд Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолын 15 дугаар хавсралтаар Усны үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан.
Уг зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргалж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга дэд даргаар, нарийн бичгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам, тээврийн хөгжлийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Цахим хөгжил, харилцаа холбооны, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайд нар, Нийслэлийн Засаг дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, Усны газрын дарга, ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч нар орсон.
Өнөөдөр уг зөвлөлийн анхдугаар хуралдаан болж зөвлөлийн ажиллах журам, 2023 оны ажлын төлөвлөгөө батлах, Хөх морь төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
“Хөх морь” төсөл нь Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод туссан өмнө нь олон удаа танилцуулга хийж байсан. Харин энэ удаа төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гарц, шийдлийн талаар тодорхой санал дэвшүүлж хэлэлцүүлсэн байна.
Эх сурвалж: БОАЖЯ