Их Британид нойр булчирхайн хорт хавдар британичуудын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болдог.
Жилд 10500 хүн энэ өвчнөөр оношлогддог боловч нойр булчирхайн хорт хавдар нь илтэд зовуурилах зүйлгүй тул ихэнх нь оройтсон хойноо эмнэлэгт ханддаг байна. Улмаар ийнхүү оношлогдсоноосоо хойш гурван сарын дараа гэхэд нас бардаг ажээ.
Тиймээс Их Британийн Нойр булчирхайн хорт хавдрын төвөөс нойр булчирхайн хорт хавдрын үед илэрч болох 14 шинж тэмдгийг гаргажээ. Нойр булчирхайн хорт хавдрын төвийн сувилагч Жэни Жонс "Хүмүүс ихэнхдээ шинж тэмдгүүдийг анзаардаггүй учир оройтож эмнэлэгт ханддаг. Тийм учир дараах шинж тэмдгүүдээс өөрт байгаа эсэхийг анзаарч, хэрэв байгаа бол эмнэлэгт хандвал, эрт илрүүлэх боломжтой" гэжээ. Ингээд шинж тэмдгүүдийг орчуулан хүргэж байна.
1.Ходоод гэдэсний хямрал
Ходоодны хямрал нь нойр булчирхайн хорт хавдрын нэг шинж тэмдэг байж болох юм. Нэг хоёр удаа бол байж болох юм. Гэвч ойр ойрхон, тогтмол нуруу орчим, эсвэл гэдэс чинь хямарч өвдөж байвал асуудалтай.
2.Гэдэс эсвэл нуруугаар өвдөх
Гэдэс ороож, нуруу руу өвддөг. Хэрэв та эмэгтэй хүн бол энэ яг таны хөхөвчний тойргийг дагаж өвдөж байгааг мэдрэх болно. Заримдаа хоол идсэний дараа яг нуруу биш бас мөр, дал руу өвдөж болох юм. Ер нь гэдэс хавь, нуруу ороосон өвдөлт ихэнхдээ нойр булчирхайн өвдөлт байдаг.
3.Шалтгаангүйгээр жин хаях
Жингээ хасах ямар ч зорилго тавиагүй, хоолоо хэвийн идсээр байтал ямар ч шалтгаангүйгээр турж эцээд байна уу? Гэнэт хэвийн байсан хувцас чинь томдож эхэлснээс үүнийг анзаарч болно.
4.Хоолны дуршил буурах
Мэдээж хоолны дуршил буурах нь турахтай шууд холбоотой. Гэхдээ зарим хүн маш бага хоол идсэн ч цадсан мэт мэдрэмж төрөх, ерөөсөө хоол идмээргүй санагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэвийн хүнд ийм шинж тэмдэг илэрч байвал бас л анзаарахгүй өнгөрч болохгүй.
5.Нүд, арьс шарлах
"Нойр булчирхайн өвчтөн бүхэн шарладаггүй. Энэ нь хүнээсээ хамаарна" гэж Жэни Жонс ярьж байна. Гэхдээ л хүний арьс, нүдний цагаан шарлах нь нойр булчирхайн хүнд өвчтэй холбогддог байна. Хүний арьс шарлаж эхлэхээс өмнө нүдний цагаан шарладаг тул нүдээ сайн хянаж, анзаарч байгаарай.
6.Арьс загатнах
Арьс шарлалт болохоос өмнө хүний арьс загатнадаг. Гэхдээ зүгээр нэг загатнах биш бүр галзуурмаар санагдтал загатнадаг байх нь.
7.Ялгадсаа анзаар
Энэ хамгийн чухал нь. Хэрэв таны баас тослог, шар өнгөтэй гарсан байвал түүнийг урсгахаасаа өмнө сайтар анзаарч хар. Тод шар өнгөтэй бол яаралтай эмнэлэгт очоод, шинжилгээ өгөөд үзэхэд гэмгүй. Энэ нь ихэнхдээ хожуу үед илэрдэг шинж тэмдэг гэнэ.
8.Чихрийн шижинтэй гэх онош тавиулаад удаагүй бол
Нойр булчирхайн хавдар нь инсулин ялгарлыг бууруулдаг тул нойр булчирхайн хавдартай хүмүүс чихрийн шижинтэй гэж оношлогдох нь түгээмэл. Жэни Жонс "Хэрэв танд нойр булчирхайн хавдрын шинж тэмдгүүдээс илэрдэг, дээрээс нь чихрийн шижинтэй гэж оношлогдсон бол энэ нь яаралтай арга хэмжээ авахыг анхааруулсны илрэл гэж хэлж болно" гэжээ.
9.Дотор муухайрах
Ихэнх хүмүүст дотор муухайрах, огиулах шинж тэмдэг илэрдэг.
10.Цус өтгөрөх
Залуу, тамхи татдаггүй атлаа цус өтгөрөлттэй болсон бол мөн нойр булчирхайгаа үзүүлэхэд гэмгүй. Мөн амьсгал давчдах, хөл хавагнах шинж ч илэрч болох юм.
11.Ядарч, тамирдах
Мэдээж олон шалтгааны улмаас ядарч болох ч эдгээр 14 шинж тэмдгээс хавсарч мэдэгдэж байвал үзүүлээрэй. Хэчнээн амарсан ч амарсан мэт санагдахгүй, нэг л тамирдсан шинж тэмдэг илрээд байвал ер нь эмнэлэгт хандах хэрэгтэй.
12.Халуурах, бие арзайх
Халуурах, тавгүйрхэх, бие арзайх шинж тэмдэг нь дээр өгүүлсэн шарлалттай хамт илэрч байвал эмнэлэгт хандана.
13.Хоол залгихад эвгүйрхэх мэдрэмж төрөх
Зарим хүн хоолоо залгиж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрдөг. Хэрэв шарлалттай хамт илэрч байвал мөн эмнэлэгт хандана.
14.Сэтгэлийн хямрал, түгшүүр
Цаанаасаа ямар нэгэн зүйлд түгших, сэтгэл хямрах нь дээрх шинж тэмдгүүдтэй хамтдаа илэрч байвал үзүүлээрэй.
Эх сурвалж: independent.ko