/2022.10.03/: “ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн намрын Бүх нийтээр мод тарих өдрүүдэд 10 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар төлөвлөсөн.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь сүүлийн 2 жилд тарих модны хэмжээгээ 5-10 дахин нэмэгдүүлсэн учир өөрсдийн мод үржүүлгийн газрын тарьц, суулгацын нөөц тасрахад хүрээд байсан юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд суулгацын дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу түргэн шуурхай, сайн чанарын 10 мянга орчим 14 төрлийн модны суулгацын дэмжлэг үзүүллээ.
Эдгээр голт бор, монос, хүрэн навчит монос, гүйлс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, улиас, гацуур, алимны мод, бургас, хүрэн навчит барбарис, пузыреплодник зэрэг модны суулгацыг аравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд тарилтад гаргах бөгөөд “Тарьсан бүх модоо арчилж, хамгаалж, хайрлаж ургуулах болно” гэдгээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул хэллээ.
Эх сурвалж: БОАЖЯ