Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийснээр үр дүн гарч эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийснээр үр дүн гарч эхэлжээ

/2022.09.27/: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ.

Тус газар нь 40 албан хаагчтай. 2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэс тус байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс ажлын цагт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан байна. Энэ дагуу есдүгээр сарын 15-ны өдрөөс тус байгууллага ажлын уян хатан цагт шилжээд байгаа юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

-Байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс гаргасан саналыг удирдлагын багийнхан хүлээн авч, ярилцаад ажлын цагийг уян хатан болгох, ингэхдээ найман цагийн ажлыг ягштал баримтлах шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар манай байгууллагын ажиллагсдын 15 хувь нь ажлын цагтаа өөрчлөлт оруулсан. Өглөөний ачаалал, түгжрэлийн үеэс ажлын цагаа зөрүүлэх, мөн бага насны хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэх зэрэг шалтгаанаар ажлын цагт нь өөрчлөлт оруулах тушаал гаргаад байна.

Хотын ид түгжрэлийн цагаас зөрүүлэх байдлаар өглөө 08:30, 09:00 цагт ажилдаа ирж, 17:30, 18:00 цагт тарах саналыг ажиллагсад гаргасан. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах үлгэрчилсэн зааврыг эрх зүйн үндэслэл болгосон. Энэхүү тушаал шийдвэр гарснаас хойш эерэг үр дүн ажиглагдаж байна. Тухайлбал, бүх албан хаагч нэгэн зэрэг түгжрэлд орохгүйн дээр хүүхдийн хичээл сургуулийн цагт уялдуулсан нь зөв гэж ажиглагдсан.

-Ажлын цагт өөрчлөлт оруулснаар ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Тухайн албан хаагч ажил эхлэх, тарах цагаа сонгож, ар гэр, үр хүүхдэдээ цаг заваа зориулах боломжтой болж байгаа нь ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын бүтээмжид сайн нөлөө үзүүлж байгаа гэлээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн:

-Миний хувьд ажлын цагийг уян хатан байдлаар зохицуулж байгаад баяртай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогч ажилтныхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах тухай заалт болоод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зааварт хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх бололцоогоор хангах тухай заасан байдаг. Энэ дагуу манай байгууллага зохицуулалт хийсэн. Ажлын цагийг Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулж байгаа.

Ажлын цагт зохицуулалт хийгээгүй үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд ажлаасаа хоцрох, эсвэл хүүхдээ хүргэж амжихгүй өөр хүнээр хүргүүлэх зэргээр хүндрэлтэй байсан. Харин өглөө 09:00 цагаас ажилдаа ирдэг болсноор хүүхдээ сэтгэл тайван хүргэж өгч байгаа. Мөн замын түгжрэл ч харьцангуй багассан байдаг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болоод бусад төрийн албан хаагчид нэгэн зэрэг 08:00 цагаас ажилдаа ирж, очих гэж түгжрэлд ордог бол ажлын уян хатан цагт шилжсэнээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Ажилтан, албан хаагчдадаа боломж олгож буй удирдлагууддаа талархаж байна. Өглөөдөө хүүхдээ хүргэж өгөхдөө ажлаасаа хоцорч, хамт олноосоо санаа зовох, эсвэл хүүхдээ хүргээгүйдээ түгшихгүй, сэтгэл тайван ажлаа хийснээр ажлын бүтээмж ч нэмэгдэж байгаа гэсэн юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу ажиллагсдынхаа ажилдаа ирэх, тарах цагт зохицуулалт хийсэн байна. Үр дүн эерэг байгааг тус байгууллагын удирдлагууд болон ажиллагсад хэлж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ

ЦЕГ: Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгдэв
ЦЕГ: Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.