/2022.09.07/: БОАЖЯ-ны “Нэг цэг”-т өдөрт дунджаар 120, давхардсан тоогоор 200 гаруй хүн үйлчилгээ авахаар ханддаг байна.
Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн албан хүсэлтүүдийг холбогдох газарт нь шилжүүлэн шийдвэрлэх, яамнаас олгогдож буй 22 төрлийн зөвшөөрлийг албажуулан олгох, тайлан, дүгнэлт албан бичгийн хариуг өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах гээд төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхэд илүү анхаарч ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117 болон албаны 261966 дугаарт өдөрт 190 гаруй дуудлага хүлээн авч, иргэд аж ахуй, нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол, саналд хариу өгч ажилладаг.
Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн аливаа хүсэлт, саналаа холбогдох баримттай нь хавсарган албажуулан өгснөөр цахимд бүртгэгдэж шийдвэрлэх, тодорхой хариу авах боломжтой. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ яамны бүх газар, хэлтсийн дарга нарт үүрэг өгч, 7 хоног бүр тогтмол хуваариар иргэдтэй зайнаас бус биечлэн уулзаж, тэднийг сонсож, асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг даалгажээ.
Эх сурвалж: БОАЖЯ