Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
 

Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ

ОХУ-ын пуужин, нисгэгчгүй онгоцны хүчтэй цохилтод Украины нийслэл Киев болон бусад арав гаруй муж өртөж, 12 хүн амиа алдан, 40 гаруй хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байсан талаар Украины албаныхан мэдээлэв.

Украины тал халдлага болохыг урьдчилан таамаглаж байжээ. Ерөнхийлөгч Володимир Зеленский халдлага болохын өмнөх өдөр тус улсын тагнуулын байгууллагууд ОХУ их хэмжээний цохилтод бэлтгэж байгааг тогтоосон хэмээн анхааруулсан байна.

Украины тал халдлагыг урьдчилан мэдэж байсан ч Оросын цохилтыг бүрэн зогсоож чадаагүй бөгөөд уг халдлага ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 74 насны төрсөн өдөртэй давхацжээ.

Цохилтын улмаас хүний амь нас эрсдэж, барилга байгууламж сүйдсэн нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системд Оросын баллистик пуужин болон сүүлийн үед ашиглаж эхэлсэн тийрэлтэт хөдөлгүүртэй дронуудыг саатуулахад ямар хүндрэл тулгарч байгааг харууллаа.

Украины АНУ-д үйлдвэрлэсэн Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн нөөц хомс байгаа тул Оросын баллистик пуужинг бүрэн саатуулах боломж хязгаарлагдмал байна. Үүний зэрэгцээ Киев өндөр хурдтай нисдэг, тийрэлтэт хөдөлгүүрт дронуудыг сөнөөх чадвартай шинэ үеийн сөнөөгч пуужин боловсруулах ажлыг эрчимжүүлж байгаа аж.

Орос, Украины арми хуурай замын фронтод үндсэндээ гацсан хэвээр байгаа ч хоёр тал алсын тусгалт агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байна. ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоогоо эхлүүлснээс хойш дөрвөн жил хагасын хугацаа өнгөрчээ.

Үргэлжилж буй агаарын цохилтууд ОХУ-д ч тодорхой хэмжээний хохирол учруулж байгаа ч цэрэг, эдийн засгийн нөөцийн хувьд харьцангуй бага Украинд илүү хүнд үр дагавартай байж болзошгүйг шинжээчид онцолж байна.

АНУ тэргүүтэй энхийн зуучлалын хүчин чармайлт ойрын хугацаанд гал зогсоох нөхцөл бүрдүүлэхэд төдийлөн үр дүн өгөхгүй бололтой. Талуудын хооронд техникийн түвшний уулзалт хийх боломжийг одоогоор хэлэлцсээр байна.

Барууны шинжээчдийн үзэж буйгаар, Путин Украины ард иргэдийг тасралтгүй дарамтад оруулж, улмаар Киевийг буулт хийхэд хүргэхийн зэрэгцээ Украины барууны холбоотнуудын дэмжлэгийг сулруулах тооцоотойгоор довтолгоогоо үргэлжлүүлж байна.

Прилуки хотод есөн хүн амиа алджээ

Украины хойд нутгийн Чернигов мужийн Прилуки хотод Оросын цохилтын улмаас орон сууцны барилга сүйрч, есөн хүн амиа алдан, 34 хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн гурав нь хүүхэд байсан талаар Дотоод хэргийн сайд Игорь Выгивский мэдээлэв.

Ерөнхийлөгч Зеленскийн мэдээлснээр, Украины өөр гурван хотод, тэр дундаа нийслэл Киевт мөн хүний амь эрсэдсэн байна.

“Оросууд аль болох хүнд, бас олны анхаарлыг татахуйц цохилт өгөхийг зорьсон” хэмээн Зеленский цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Украин улс Ираны дайнтай холбоотойгоор нөөц нь багассан Patriot системийн пуужинг дэлхийн улс орнуудаас хайж байна.

“Оросын баллистик пуужингууд бидний өмнө тулгарч буй хамгийн том сорилт хэвээр байна. Тиймээс агаарын довтолгооноос хамгаалах систем, хэрэгсэл бидэнд яг одоо нэн шаардлагатай байна” гэж Зеленский хэлжээ.

Кременчук хотод хоёр хүн амиа алдав

Полтава мужийн Кременчук хотод мөн цохилт болж, хоёр хүн амиа алдан, долоон хүн шархаджээ. Тус мужийн цэргийн захиргааны тэргүүн Виталий Дякивнич аврах ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлсэн байна.

“Дайсан яг үүнийг л хүсэж байна. Биднийг унтахаас айлгах, хүүхдүүдээ хараа хяналтгүй гаргахаас эмээхэд хүргэх, аливаа зүйл төлөвлөхөд хүртэл айдаг болгох. Дараагийн удаа энэ нь миний гэрийн хаяг байж магадгүй гэж хүн бүр бодоосой гэж тэд хүсэж байна” хэмээн тэрбээр ярьжээ.

ОХУ Украины аж үйлдвэрийн байгууламжуудыг онилсон гэв

ОХУ-ын Батлан хамгаалах яам шөнийн цагаар Украины нутаг дэвсгэр даяар пуужин, дрон үйлдвэрлэх болон хадгалах зориулалттай аж үйлдвэрийн байгууламжуудыг онилон өргөн хүрээний цохилт өгсөн гэж мэдэгдэв.

Мөн Украины өмнөд хэсгийн Одесса муж дахь боомт, усан онгоц засварын байгууламжууд, түүнчлэн Украины армид зориулсан ачаа тээвэрлэж явсан хөлөг онгоцнуудыг мөн цохилтын бай болгосон гэж Оросын тал мэдээлжээ.

Украин ч ОХУ-ын нутаг дэвсгэрт алсын тусгалт дрон, пуужингаар хариу цохилт өгч, газрын тос боловсруулах үйлдвэр болон агуулахуудыг онилж байна.

Зеленский лхагва гарагт Украины цэргүүд ОХУ-ын Пермь, Самара, Астрахань мужуудын газрын тосны хоёр байгууламж болон нэг сургуулилтын талбайг онилсон гэж мэдээлэв.

ОХУ-ын албаныхан энэ мэдэгдэлд нэн даруй тайлбар хийгээгүй байна.

Хар тэнгист танкер шатсан гэх мэдээлэл

Зеленский мөн Украины тал Хар тэнгист цохилт өгсөн байж болзошгүйг илэрхийлэв. Тэрбээр ОХУ-ын Сочи хотын ойролцоох усанд газрын тосны танкер шатаж буйг харуулсан гэрэл зургуудыг нийтэлсэн байна.

Гэвч уг зураг болон мэдээллийг бие даасан эх сурвалж баталгаажуулж чадаагүй байна.

Оросын зарим цахим хэвлэл мягмар гарагийн орой дээрх зургуудыг нийтэлжээ. Мөн баталгаажаагүй мэдээллүүдэд уг танкер Новороссийскоос Энэтхэг рүү газрын тос тээвэрлэж явсан бөгөөд Украины тэнгисийн дроны халдлагад өртсөн гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: FRANCE 24

Зарим боомтоор орж ирэх автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварыг ТЭГЛЭЛЭЭ
Зарим боомтоор орж ирэх автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварыг ТЭГЛЭЛЭЭ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.