“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
 

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

/2024.05.02/: НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Тус хуралд ШУТИС, МУИС, МУБИС, Оточ манрамба их сургууль, Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, Мэргэн сайд Агданбуугийн Амар сан, нийслэлийн Ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн эрдэмтэн, судлаач багш нар, лам хуврагуудын төлөөлөл оролцож байна.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Тэртээ 1639 онд Халх Монголын ноёд чуулан Түшээт хан Гомбодоржийн Ишдорж хэмээх хүүд Занабазар гэх сахилын нэр хайрлан Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн өдгөөгийн Өвөрхангай аймгийн нутагт орших Ширээт цагаан нуур гэх газарт орд өргөө босгож “Шар бүсийн орд” хэмээх болсноор Улаанбаатар хотын түүх эхэлдэг гэж эрдэмтэн судлаачид үздэг.

Түүхэн цаг хугацааны явцад Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгдэж байгаад 1924 онд бидний мэдэх Улаанбаатар нэртэйгээр Монгол Улсын нийслэл болжээ” гэж тодотгосон юм.

Хуралд олон судлаач, эрдэмтэд илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд “Мэргэн сайд Агданбуугийн Амар сан”-ийн тэргүүн, доктор Ё.Отгонбаяр “Нийслэл Улаанбаатар хотын үүсэл, түүхэн хөгжил” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, нийслэлийн ойн өдөр дээр зөрүүтэй асуудал үүссэн байж болзошгүй гэдэг саналыг дэвшүүлж байв.

Түүнчлэн эрдэм шинжилгээний хурал “Улаанбаатар хотын түүх”, “Улаанбаатар хотын соёл” гэсэн хоёр сэдвээр хүрээнд салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Дээрх хоёр сэдвийн хүрээнд нийт 18 судлаач, эрдэмтэн илтгэл хэлэлцүүллээ. “Улаанбаатар хотын түүх” сэдвийн хүрээнд МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Баярсайхан “Их хүрээний нүүдэл ба суурьшил: нөлөөлөл зүй тогтлын тухайд” илтгэл хэлэлцүүлж, Улаанбаатар хот 22 газар 29 удаа их, бага нүүдэл хийсэн бөгөөд тухайн нүүдлүүд нийгэм, эдийн засгийн бөгөөд шашны нөлөөтэй байсан. Зарим тохиолдолд бэлчээр талхлагдах, хөрс, орчны бохирдол үүсэх болон зарим тохиолдолд Богд хааны лагшин чилээрхэх зэрэгт нүүдэллэж байгаад сүүлд 1747 оноос өдгөөгийн алтан тэвшийн хөндийд ирж суурьшсан тухай онцолсон юм.

Эх сурвалж: НЗДТГ

Манай улс хорт хавдартай хүүхдүүдэд уулгах эмийг ДЭМБ-ийн тусламжаар 2024-2027 онд үнэ төлбөргүй авна
Манай улс хорт хавдартай хүүхдүүдэд уулгах эмийг ДЭМБ-ийн тусламжаар 2024-2027 онд үнэ төлбөргүй авна
 
Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.