Ерөнхийлөгч өө, тайлангаа тавиад бууна уу!
 

Ерөнхийлөгч өө, тайлангаа тавиад бууна уу!

Ажлаа өгөхөө олон нийтэд мэдэгдсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өчигдрийн мэдэгдэл үндэсний хэмжээний “шок” байлаа. Урьд нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч Ерөнхийлөгч төрийн өндөр сэнтийгээ хугацаанаас нь өмнө суллаж өгсөн түүх үгүй. Түүний ажлаа өгч байгаа шалтгаан цэвэр улс төрийн сэдэвтэй байв. Тусгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр сэнтий, халдашгүй нэр хүндэд хүний ой тоймд оромгүйгээр гүтгэсэн гэмт бүлэглэл, хүмүүстэй ажлаа өгч байгаад “тэмцэх”-ээ илэрхийлсэн У.Хүрэлсүхийг “сэлмээ” эргүүлж эхлэхээс өмнө асуух чухал асуулт бий.

Монголчуудын дунд “Явах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй гэж үг бий”. Юу гэвээс, улс төрийн тэмцэл хийж болно, гэвч ажлаа орхиод явж байгаа хүний эхлүүлсэн ардаа олон “тэг”-тэй тоо бүхий үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр, сүр дуулиан болж зарласан ажлууд цаашид хэрхэх вэ?

Түүхэндээ хамгийн өндөр буюу жилд 30 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй Ерөнхийлөгчийн институци төрийн мөнгөөр зүгээр тоглоод өнгөрч байгаа юм биш биз, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, төрт ёсны бэлгэдэл болсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд зарлагдсан төсөл хөтөлбөрүүд цаашид хэрхэх вэ? Энэ мэтчилэн олон хариултгүй асуулт улс төрийн тэмцлийн тоосонд дарагдаад хоцрох вий гэх санаа зовнил байна.

ТЭРБУМ МОД ТӨСӨЛ 157 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛААД БАЙНА

Цөлжилтөөс сэргийлэх зорилгоор үндэсний хэмжээнд мод тарих санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсон жилдээ буюу 2021 онд олон нийтэд зарлаж байв. Нийт төсөвт өртөг нь одоогоор 157 тэрбум төгрөг болоод байгаа бөгөөд төрийн өмчийн бараг бүх байгууллагаас буюу нийт татвар төлөгчдийн мөнгөнөөс татан төвлөрүүлж байв. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүний ажлын албаны хамт олноос асууя.

Өнөөдрийн байдлаар эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүн, явц зэргийн яг одоогийн үр дүн ямар байгаа вэ? Цаашид ямар үр дүн гаргах вэ? Зарсан хөрөнгө мөнгө бодит хөрсөн дээр тэрбум модны хэдэн үндэс болж төлжөөд байгаа вэ?

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛЫН ҮР ДҮНДЭЭ ХҮРСЭН ҮҮ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ээлжит нэгэн санаачилга бол “Хүнсний хувьсгал” байлаа. Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах амбицлаг санаачилгын үр дүнг харахын тулд тодорхой цаг хугацаа орно. Гэвч бүтэн 4 жилийн турш ямар нэгэн саад бэрхшээлгүй хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”-ын судалгааны ажлууд дууссан уу? Үйлдвэр, цех, ноу-хау, олон зуун удаагийн сургалт, сонсголууд яг одоогоор ямар үр дүнд хүрсэн бэ? Хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих цогц бодлого эдүгээ ямар шатанд явна? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” бодлогодоо хамгийн их буюу 1,7 их наяд төгрөг шаардлагатай хэмээсэн. Тэгвэл энэхүү зорилтот төсөл одоогоор хэдэн төгрөг хуримтлуулсан бэ, уулзалт, судалгаа, форум, томилолтын зардлуудыг тайлагнасан уу гэх асуултууд хөвөрнө.

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН - ГАНЦ ЭМНЭЛЭГТ 2,1 ТЭРБУМ ТӨГРӨГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс “Эрүүл монгол хүн” хөтөлбөр зарлав. Энэ хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс 2,1 тэрбум төгрөг төсөвлөж, одоогоор зарцуулж дуусчээ. Эрүүл мэндийн сайдын бодлоготой зэрэгцээ шахам хэрэгжсэн энэ төсөлд улсын томоохон эмнэлгүүдэд дор хаяж 2-8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байдаг. Тэгвэл “Эрүүл монгол хүн” танд энэхүү санаачилгаас юу наалдав? Төсөвт өртөг бүрт хэдэн төгрөгийн санхүүжилтыг хэрхэн төвлөрүүлж, яаж зарцуулсан талаар тодорхой тайлбар хийх нэн шаардлагатай байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, Цагаан алт, Цэнхэр алт, Нэг-Нуур Нэг Сум, усны нөөц нуур цөөрмийг хамгаалах “333 нуур”, Мөстөл мөсөн гол санаачлага, Монголын нэр, түүх, соёлын өвийг олон улсад сурталчлах гэх зэрэг нийт 10 гаруй Үндэсний хэмжээний бодлого, санаачилга, төсөл хөтөлбөр зарлаж, хэрэгжүүлсэн. Энэхүү төслүүд одоогоор зарцуулаад байгаа 1,6 их наяд, зарцуулахаар төлөвлөж буй 3,6 их наяд төгрөгийн дүнтэй байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ төслүүдэд зарцуулагдсан хөрөнгө мөнгө, ажлын үр дүн, явцын талаар нэн тодорхой дэлгэрэнгүй тайлбар, тайлангаа тавих биз ээ. Ард түмэн хийсэн ажлын тань тайланг хүлээж байна.

БНСУ-ын “Kакао” банк “M banк”-ийн 15%-ыг авлаа
БНСУ-ын “Kакао” банк “M banк”-ийн 15%-ыг авлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.