/2024.03.27/: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 15:32 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж 2 га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна.
ШАР ӨВСНИЙ ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ИРГЭН танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийн хүргэж байна.
Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх
Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.