/2022.08.09/: “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Шинэ сэргэлт: Next Gen” төслийн уралдааныг зарлалаа.
Энэхүү уралдаан нь Монгол Улсын иргэдийн аж амьдралд бодитоор тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг залуучуудын оролцоо, бүтээлч санаачилга болон хамтын ажиллагаанд тулгуурлан оновчтой тодорхойлж, шийдлийг хэрэгжүүлэх төслийн уралдаан юм. Шалгарсан төслүүдэд 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоороо онцлог юм.
Төслийн уралдаан нь нийт таван үе шаттай ба шалгарсан 30 төсөлд 20 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгоно. Уралдаанд оролцох хүсэлтэй залуучууд эхний шатны онлайн сургалтад 2022 оны 8-р сарын 31-ний өдрийг хүртэл https://nextgen.mn/ сайтаар бүртгүүлэх боломжтой.
Уралдаанд оролцсон бүх төслөөс 21 аймаг, 9 дүүрэг бүрээс шилдэг нэг, нийтдээ 30 төслийг шалгаруулж төсөл бүр 20 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт авах эрх үүснэ.
Төслийн уралдаантай холбоотой хамгийн түгээмэл асуулт, хариултуудыг хүргэж байна.
ЯМАР ТӨСЛҮҮДИЙГ ХАЙЖ БАЙГАА ВЭ?
Уралдаанд оролцогчид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан зорилт болох Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төсөл боловсруулна.
ТӨСӨЛД ЯМАР ШААРДЛАГА ТАВИХ ВЭ?
Тус уралдааны хүрээнд “Төсөл хэрхэн бичих вэ” сэдэвт хоёр өдрийн цахим сургалтыг орон даяар нээлттэй зарлаж бүртгүүлсэн хүн бүрийг хамруулна. Цахим сургалтад www.nextgen.mn хаягаар бүртгүүлэх бөгөөд сургалтад бүрэн хамрагдсан хүмүүст оролцогчийн сертификатыг олгоно. Олон нийтэд зориулсан онлайн сургалтын дараа өөрсдийн орон нутагт тулгамдаж буй асуудлыг бүтээлч, олон нийтэд хүртээмжтэй байдлаар шийдвэрлэх 2-5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн нэг сарын хугацаанд төслөө бичин илгээж, уралдаанд төслийн сонгон шалгаруулалтад оролцоно.
Төслийг www.nextgen.mn вэбсайтад баг тус бүртгэл хийлгэн илгээх ба 2022 оны 8-р сарын сарын 29-ны өдрөөс 9-р сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авна.
Эхний шатанд оролцогчид өөрсдийн төслөө www.nextgen.mn вэбсайтад баг тус бүртгэл хийлгэн өгөгдсөн загварын дагуу бичсэн төслийн баримт бичиг (pdf), төслийн багийн гишүүдийн танилцуулга видео, төслийн танилцуулга видеог хавсарган илгээнэ.
Төслийн уралдаанд оролцоход тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- 15-34 настай байх
- Олон нийтийн эрх ашигт нийцсэн байх
- Тухайн орон нутаг болон харьяа газартаа хэрэгжих боломжтой байх
- Төслийн үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй байх
- Төслийн хүрэх үр дүн тодорхой, бодитой байх
- Төслийг цаашид үргэлжлүүлэх, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой байх
ТӨСЛҮҮДИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?
Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг тус бүрээс нэг төслийг сонгон шалгаруулна. Уралдаанд оролцогчид багаар ажиллах бөгөөд нэг баг 2-5 хүртэлх хүнтэй байна.
Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, ОУБ, орон нутгийн удирдлагын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн зохион байгуулагчдын баталсан журмын дагуу төслийг үнэлж, сонгон шалгаруулна. Шалгарсан төслийг 2022 оны 9-р сарын 28-ны өдөр зарлаж, шалгарсан багуудад утас болон имэйлээр мэдэгдэнэ.
Уралдаанд шалгарсан төслийн багийн гишүүдийг Улаанбаатар хотод долоо хоногийн хугацаатай чадавхжуулах сургалтад хамруулна. Энэхүү сургалтаар “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”, хөгжлийн асуудлуудад дүн шинжилгээ хийх онол арга зүй болон төсөл боловсруулж хэрэгжүүлэх суурь ойлголт, аргачлалын чиглэлээр оролцогчдын чадавхыг бэхжүүлнэ. Сургалтын үр дүнд оролцогчид төслийн саналаа боловсронгуй болгон хөгжүүлэн, санхүүжилтийг хүлээн аван хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болно.
Шалгарсан 30 төслийн баг чадавхжуулах сургалтад хамрагдсаны дараагаар төслөө хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжилтийн хугацаанд баг тус бүр сургагч багш болон ментортой байна. Сургагч багш нь төслийн багтай байнгын холбоотой байх бөгөөд төслийн агуулгын болон зохион байгуулалтын шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ. Ментор нь багийн төслийн явц байдал, хэрэгжилттэй хоёр долоо хоног тутам танилцан, зөвлөж ажиллана.
ЯМАР ШАГНАЛ, УРАМШУУЛАЛТАЙ ВЭ?
Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан тус бүр нэг, нийт 30 баг 20 сая төгрөг хүртэлх санхүүжилт авч, төслөө хэрэгжүүлэх боломжтой. Нийт 30 төслөөс тухайн зорилтот нийгмийн бүлэг, асуудалд хамгийн их эерэг өөрчлөлтийг авчирсан 3 шилдэг төслийг шалгаруулан мөнгөн шагнал олгоно.