/2023.8.23/ "Монголын сургуульд транс сурагч байх нь" судалгааг судлаач Г.Доржжанцан хийжээ.
Трансжендэр гэдэг нь "Төрөх үед тэмдэглэгдсэн хүйстэй холбоотой давамгайлагч соёл, нийгмийн
хүлээлтээс өөр хүйсийн баримжаа, илэрхийлэлтэй хүмүүсийг нэрлэдэг толгой нэр томьёо" гэж судалгааны бүтээлийн нэр томъёоны хэсэгт дурьджээ.
Монголын хүн амын залуу үе харьцангуй бага судлагдсан (Даваасамбуу ба бусад, 2019) бөгөөд транс болон жендерийн хэвшмэл байдалд үл багтах өсвөр залуу үе урьд өмнө ямар нэг судалгаанд багтаж байгаагүй юм. Тиймээс энэхүү судалгаанд 16-18 насны залуусыг хамруулсан байна.
Энэхүү судалгаанд олон оролцогчтой кейс цуглуулгын аргыг хэрэглэжээ. Энэ нь транс болон хүйсийн хэвшмэл байдалд үл багтах сурагчдын ердийн амьдралыг гүн гүнзгий таних мэдэх зорилготой, судалгааг ганцаарчилсан ярилцлагын аргаар хийсэн гэж судлаачид өгүүлжээ.
"Дүрэмт хувцас, үс засалттай холбоотой сургуулийн дүрэм журам нь транс сурагчдын сэтгэцийн эрүүл мэнд, өөртөө итгэх итгэлд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг аж. Хувцаслалтаас үүдэн хүйсийн нийцэмжгүй байдлыг биеэрээ туулах бэрхшээлтэйн дээр багш, сургуулийн захиргааны зүгээс байнга загнаж, шийтгэх нь транс сурагчдын хувьд ихээхэн дарамт болдог байна" гэжээ.
Судалгааны нээлт ирэх даваа гарагт болох бөгөөд тухайн үед бид судалгааг дэлгэрэнгүй танилцуулах болно.