Нийслэл өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулан хөрөнгө босгож болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулан хөрөнгө босгож болно

/2023.05.02/: НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн төлөө хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ таатай байна. Юуны өмнө хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан талаар онцлох ёстой. Эрх зүйн энэхүү шинэтгэлийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн бие даасан байдал хангагдах болон цаашдын хөгжлийг тодорхойлох шинэлэг зохицуулалтууд бий болсон.

Мөн Улаанбаатар хотын хариуцан гүйцэтгэх чиг үүрэг, хэрэгжүүлэх зарчмыг тогтоосноор аливаа асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх, санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг болж хариуцлагын механизмыг тодорхой болгосон юм. Улаанбаатар хотын хувьд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татвар, төлбөр, хураамжийг нэмэгдүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дарамт учруулахгүй байхыг зорьж, санхүүжилтийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж, эрх зүйн шинэлэг зохицуулалтуудыг санаачлан ажиллаж байна" хэмээлээ.

Нийслэл өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулан хөрөнгө босгож болно

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө хангалтгүй тул эрх зүйн боломждоо тулгуурлан нийслэлийн бонд, үнэт цаас гаргах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг хотын дарга онцолсон.

Тухайлбал, хотын эдийн засгийг нэмэгдүүлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд богино хугацаанд үнэт цаас гаргаж, өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгө босгоно. Харин урт хугацаанд тогтвортой байдлыг хангах үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалтын төслүүдийг тогтвортой санхүүжүүлэх Нийслэлийн хөгжлийн санг байгуулан, тогтмол хөрөнгө татаж байх шаардлагатай байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 12, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гурав, нийт 15 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Нийслэлийн зүгээс хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.