/2022.02.14/: Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулж олон нийтэд танилцуулж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 60 зүйлтэй бөгөөд хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрхзүйн таатай орчин бүрдүүлэхэд оршиж байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг боловсруулахад олон улсын хууль эрх зүйн зохицуулалт, туршлагыг судалж Дэлхийн банк, ОУВС-ын зөвлөхүүдээс санал авч хамтран ажиллалаа. Мөн НҮБ-ийн Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан ТХХТ-ийн жишиг хууль, түүний гарын авлагыг баримтлан хуулийн төслийг боловсруулав.
Энэхүү хуулийн төслийг ирэх хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.