“4 тэрбумын аргагүй хамгаалалт“ буюу шинэ Засгийн газрын ЧИМЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“4 тэрбумын аргагүй хамгаалалт“ буюу шинэ Засгийн газрын ЧИМЭЭ

/2021.10.20/: Засгийн бүх эрх мэдэл Монгол Ардын намд төвлөрсөн. Сөрөг хүчин нь дотроо хагарч бутарсан байдалтай.

Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж байгаа энэ чухал үед төсвөө чимээгүйхэн авч гарч, элэг бүтэн үлдэхийн тулд Засгийн газар УИХ-ын гишүүддээ тойрог бүр дээр нь 4 тэрбумын эрх өгч "гарыг нь цайлгасан". Цөөхөн хүнтэй сөрөг хүчинд энэ нь "тэнгэрийн умдаг" атгасан мэт санагдаа биз, таг дуугүй.

Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлээ сайтар бэхжүүлсэн ч сайд нарынх нь мэдлэг, мэргэжил, үйл ажиллагаа илтэд гологдож буй. Нам доторх гишүүдэд ч энэ нь мэдрэгдэх болсон. Сонгуулийн өмнө өөрийн тал болгож эгнээндээ нэгтгэсэн МАХН-даа амласан хоёр сайдын суудлаа зайчилж өгч чадахгүй байгаагаас гадна шинээр байгуулах 2 яамны сайдыг хэнээр тавих вэ гэдэг хоёр том ХӨДӨЛГӨӨН хүлээгдэж байна. Нэг л хөдөлвөл асуудал хөвөрч мэдэх тул ээлж дараалсан хамгаалалтуудыг хийхээс аргагүйд хүрчээ.

Эхний хамгаалалтыг УИХ-ын гишүүдтэй хийсэн. Төлбөр нь 4 тэрбум. Сайд нараасаа мэдлэг боловсролоор тохой илүү гишүүд тэдний хувьд айдас хүйдэс. Тиймдээ ч халуун намраар УИХ-ын гишүүдэд тойрог бүрт нь дөрвөн тэрбумын эрхийг өгөхөөр тохиролцож Тэрэлжийн уулзалтаар баталгаажуулснаар Засгийн газар эхний “урьдчилсан хамгаалалт”-аа хийж чаджээ.

Үүний дараахан АН-ынхан гэхээсээ илүү МАН-тай хамтарсан “тоглолт” хийж явсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгад Ерөнхий сайд зөвлөхөөр ажиллах санал тавьсан нь дараагийн “улстөрийн хамгаалалт” байв. Улс төрийн энэ нүүдэл ах нараа байранд нь тавих өөрийн хүчээ зузаатгах, хуучин холбоотонтойгоо хэвээр байгаагаа харуулах гэсэн оролдлого гэж улс төрийн хүрээнийхэн хараалсан.

Гэвч ахин хамгаалалт хийхээс өөр аргагүйд хүргэсэн дараагийн шалтгаан нь олон нийтийн дургүйцэл, Засгийн газрын нэр хүнд. Цар тахал, унхиагүй албат, урагш муутай сайд нарынх нь ээлж дараалсан шударга бус үйлдлүүд жагсаал цуглаанд тулгаж байгаа. Энэ бүхнийг олонхийн хүчээр давж гарахад төвөгтэй байдал үүссэн.

Иймээс Засгийн газар “аргагүй хамгаалалт” хийхээр Эв нэгдлийн Засгийн газар байгуулж магадгүй байна. АН доторх зодоон илт ширүүссэн нь үүнийг хангалттай нотолж байгаа. Тэд МАН-тай хамтарсан засаг байгуулахаас гадна сайдын тоогоо хүртэл хэлчихээд ил далд зодолдож эхэлжээ. Хүчээ барчихгүй бол тэдэнд лавтай 3 сайдын суудал байгаа гэх бор шувуу нисч байна. Гэхдээ мэдээж засаг төр барилцахаасаа өмнө АН гэрээ "шатаачихгүй" бол шүү дээ.

Ватикан Улстай хамтын ажиллагаа эрчимжүүлнэ
Ватикан Улстай хамтын ажиллагаа эрчимжүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.