
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны удирдлагын арга барилтай холбоотой шүүмжлэл үргэлжилж байна.
Энэ удаад Батболдын Баттүшиг өөрийн байр суурийг илэрхийлж, С.Мөнхчулуунтай Дундговь нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж, хийж буй ажлыг нь дэмжиж ирсэн ч цаашид түүний удирдлагын арга барилыг дэмжих боломжгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр өөрийн зөвлөх, СДЗХ болон YES байгууллагын Удирдах зөвлөлд ажиллаж байсан Халиунааг Дундговь аймгийн YES төрийн бус байгууллагын дэд даргаар сонгогдоход “Түшигийн зөвлөх” гэдэг шалтгаанаар эсэргүүцсэн гэх мэдээлэл авснаа дурдсан байна.
Б.Баттүшиг энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог бодит үйлдлээр дэмжих ёстойг онцолжээ.
Мөн тэрбээр Дундговь аймгийн төсвийн нөхцөл байдалд анхаарал хандуулсан байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг эшилсэн Lemon Press-ийн нийтэлсэн үзүүлэлтээр, долоодугаар сарын байдлаар тус аймгийн төсөв 16.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, 21 аймгаас хамгийн өндөр алдагдалтай байсныг дурджээ. Ийм нөхцөлд аймгийн удирдлага төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлага, иргэдэд чиглэсэн бодит үр дүнд төвлөрөх шаардлагатай гэж үзсэн байна.
Түүнчлэн Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар “Баттүшиг Цэлмүүн” сангаараа дамжуулан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний өрөө, хүлээлгийн хэсгийг засаж тохижуулсан бөгөөд саяхан “Энх-Мэнд” хөтөлбөрт 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээ мэдээлжээ.
Тэд цаашид ч Дундговь аймгийн иргэдийн эрүүл мэндийн төлөөх ажлаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.
Б.Баттүшигийн хувьд Дундговьд санаачилга гаргаж, хөдөлмөрлөж буй хүмүүсийг дэмждэг, эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор хангадаг, нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг удирдлага хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.