/2021.10.14/ Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгээс асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтээр дамжсан шинэчлэл бол 2022 оны төсвийн гол цөм гэж ерөнхий сайд хэллээ. Үүнд маш их талархаж байна. Эрүүл мэндийн салбарын ДНБ-нд эзлэх хэмжээ 2,2 байсан бол 2018 оноос хойш өссөөр байгаад 3,6 хувьд хүрсэн.
Өөрөөр хэлбэл энэ хугацаанд Эрүүл мэндийн салбарын санхүүжилт хоёр хувь нэмэгдсэн байна. ЭМД-аас олгож байгаа санхүүжилт мөн 2 дахин нэмэгдсэн. Гэвч эмч, ажилчдын цалин огтхон ч нэмэгдсэнгүй.
Санхүүжилтын мөнгө нь зөвхөн хөнгөлөлттэй эм, тоног төхөөрөмжийн бизнес болоод дууссан байна ерөнхий сайд аа
Бид санхүүжилтыг нь шийдэж, төсвийг нь нэмсэн ч бодит байдал дээр мөнгө хүрэх газартаа тусахгүй байна. Тиймээс энэ тал дээр дунд, доод шатандаа анхаарч санхүүжилт, менежментдээ бодлогын чанартай арга хэмжээ авахгүй бол төсвөөр дамжсан санхүүжилтын шинэчлэл хүндээ хүрэхгүй байна. Тиймээс үүний шалтгааныг тодруулж төсөвтэйгөө уях хэрэгтэй гэж бодож байна.