/2022.12.27/ 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хууль, шийдвэрүүдийг багцлан хүргэж байна.
“Шүүх шинжилгээний тухай хууль”
Хэрэгжиж эхлэх хугацаа: 2023 оны нэгдүгээр сарын 1.
Хуулийн зорилт: Хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад оршино.
Онцлох зохицуулалт: Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан.
Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.
Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна.
"Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"
Хэрэгжиж эхлэх хугацаа: 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө.
Хуулийн зорилт: Хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Онцлох зохицуулалт: Шинэчилсэн найруулгын өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна. Тухайлбал,
• 10 сая хүртэлх орлоготой иргэд 10%
• 10-15 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэд 15%
• 15-20 сая хүртэлх төгрөгийн орлоготой бол 20% татвар төлнө.
Хуулийн өөрчлөлт нийт цалин орлоготой иргэдийн 0.1 хувьд хамаарна.
"Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль"
Хэрэгжиж эхлэх хугацаа: 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө.
Хуулийн зорилт: Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.
Хуулийн онцлох заалтууд:
- Согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд цахим орчин, холбооны хэрэгсэл, өөртөө үйлчлэх автомат машин ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэхийг хориглоно.
- Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулна.
- Барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно.
- Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх ба танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
- Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгана.
Хэрэгжиж эхлэх хугацаа: 2023 оны нэгдүгээр сарын 1.
Хуулийн зорилт: Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
Онцлох өөрчлөлтүүд: Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд зургаан сарын дотор дахин хүсэлт хүлээн авахгүй байхаар хуульчилсан. Иймд бизнес эрхлэгчид тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа сайтар бэлтгэх шаардлагатай болсон байна.
Эрх бүхий байгууллагуудад зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Харин тусгай эсвэл энгийн зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргана.
Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байна. Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор энэ тоо 363 болж багасах юм. Ингэснээр бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулна гэж үзэж байна.
Мөн энэ хуулиар витамин, хүнсний нэмэлтийг зөвшөөрөл шаардахгүйгээр хилээр нэвтрүүлэх болсон.
Нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно
Монгол Улсын 2023 оны улсын төсвийн тухай хуульд зааснаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгоно. Цаашид хүүхдийн мөнгийг инфляцад өртөх эрсдэлтэй бүлэг рүү хандуулах бөгөөд халамж хэлбэрээр олгох талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм.
2021 оны байдлаар манай улсад 0-18 насны 1,272,520 хүүхэд байна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ
Цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжлэх юм. Тодруулбал, Засгийн газар болон УИХ-ын ажлын хэсэг хэлэлцэн ийнхүү шийдвэрлэсэн байдаг.
Ипотекийн зээлийг хойшлуулах нь дараа дараагийн зээл авах хүсэлтэй иргэдэд боломж олгохгүй байгаа талаар холбогдох хүмүүс байр сууриа илэрхийлж байсан юм. Иймд УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоов.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.