
Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь интернэшнл"-ийн оффтейк гэрээ, нүүрсний хулгайн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргасан талаараа мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон "Бодь Интернэшнл" ХХК-тай холбоотой асуудлуудыг хянан шалгах түр хороог байгуулж, өмнөх түр хорооны ажилласан байдлыг дахин хянах зорилгоор түр хороо байгуулах санал гаргасан. Одоогийн байдлаар нийт 27 гишүүн гарын үсэг зурсан байна. Одоо 5 гишүүний гарын үсэг хэрэгтэй байна.Үүнийг ТББХ-нд хөндөж ярина.
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга УИХ-ын гишүүнийхээ ажлаа өгөөд шалгуулах ёстой. 2020 онд төрийн дансанд байгаа 3.9 тэрбум төгрөгийг завшиж үрэгдүүлсэн мэт намайг гүтгэсэн. Улмаар миний бүрэн эрхийг УИХ-д оруулж ирж байсан. Тэгэхэд УИХ миний бүрэн эрхийг хамгаалаад авч үлдсэн. Гэхдээ би сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөөд шалгуулсан.
Харамсалтай нь гэнэдээд хууль хоёр нүүртэй, хүний царай хардаг гэдгийг мэдээгүй. Надад анх 7.7 жилийн хорих ялыг өнөөдрийн АТГ-ын З.Дашдаваа, Нийслэлийн Ерөнхий прокурор байсан Ш.Нямдорж болон бусад прокурор, шүүгчид төлөвлөсөн. Тэгээд 5 жилийн ял өгсөн, би 1 жил хилс хэргээр ял эдэлсэн. Эцэст нь Дээд шүүхээс зүйлчлэл нь буруу байна гээд цагаатгасан.
Одоо Х.Баттулгад адилхан зарчим үйлчлэх ёстой. Адилхан ажлаа өгөөд шалгуул. Тухайн үед ҮАБЗ-ийн гишүүд хэн хэн байсан юм? Үүнд хэн хэн хамааралтай юм. Тухайлбал, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гээд бүгд л адилхан шалгуул. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Үнэ цэнд нь шалан дээр очсон шударга ёс гэдэг үгээ амь оруулмаар байна.
Хамгийн ноцтой нь авлига, хулгайд идэгдсэн Монгол төрийн аюулгүй байдлын асуудал яригдаж байна. Үнэн мөнийг нь олж, аль нь цагаадаж, аль нь шорондоо хатаж үхэхийг зааглах цаг нь болсон" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.