
Ерөнхий сайд Н.Учралын толгойлсон Засгийн газар цаашид энэ бүтцээрээ ажиллахад тун хүндрэлтэй болж ирлээ. Кабинетын гол “гал тогоо”-г атгах ёстой Б.Энхбаяр сайд улс төрийн хэрүүл маргаанд татагдан оролцож, улс орны асуудалд анхаарах манатай байна. Үүнтэй зэрэгцээд Н.Учралыг Ерөнхий сайд болоход хамгийн том дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Канадаас лайв хийж буй хотын экс дарга Х.Нямбаатарын гаргасан баримтад нэр холбогдох болов. Цаашлаад сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийг огцруулах хүртэл арга хэмжээ авахаа зарласан. “Бодь” групптэй холбоотой төмөр замын санхүүжилтыг тойрсон энэ асуудал улс төрийн бүр ч том сэдэв болохоос урьтаж Засгийн газрын тэргүүний зүгээс “Бодь” групптэй нэр холбогдсон зарим сайдаа чөлөөлж явуулахгүй бол олон нийтийн дунд улам л таагүй уур амьсгал нэмэгдэж байна. Хүйтэн өвөл ойртож, иргэд бүсээ чангалахын хэрээр тог цахилгаан, өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх тухай дээр дооргүй яригдсаар. Гэтэл амьдрал ахуйд анхаарах ёстой Засгийн газар нь том группийн оролцоотой хэдэн сая ам.долларын авилга, хээл хахуулийн асуудлаар өдөр болгон хэрүүлийн алим шидэлцэж байгаа нь энэ Засгийн газарт итгэхэд нэн бэрх буй гэлтэй.
Бензиний хомсдол, мах, өргөн хэрэглээний үнэ дарамт нэмлээ
Н.Учралын Засгийн газар энэ чигээрээ ажиллахад нэн төвөгтэй байгаа өөр нэг шалтгаан бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн тасралтгүй өсөлт. Үүнтэй зэрэгцээд хойд хөршөөс нийлүүлж буй бензин, шатахууны асуудал тогтворжихгүй удсан хэвээр байгаа юм. Иргэд олон нийтийн зүгээс Н.Учрал Ерөнхий сайдыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямыг огцруулахыг удаа дараа шаардсан ч тэрээр кабинетын бүрэн бүтэн байдлаа бодож нэг удаа хэлээ хазаад өнгөрсөн. Харин энэ удаа Канадаас лайв хийж буй Х.Нямбаатарын ярьж буй асуудлууд дунд Н.Учралын Засгийн газарт ажиллаж буй олон хүний нэр баримттай дурьдагдаж байгаа нь цаашид түүний кабинет аль нэг сайдаа огцруулах бүр цаашлаад бүрэлдэхүүнээрээ огцрохгүй л бол ажиллахад тун хүндрэлтэй болж буйг харж болно.
Оюутолгойн ногдол ашиг ба дүлэгнэсэн эрх баригчид
Оюутолгой компани 17 жилийн дараа төслийн үр өгөөжийг монголчуудад ижил тэгш хүртээх анхны ногдол ашиг өгөх болсноо зарлав. Гэтэл иргэд өөрсдийн дансандаа авна гэсэн ойлголттой байх үед Үндэсний Баялгийн санд хуваарилж, үлдсэн хэсгийг том төслүүдэд зарцуулна гэж Засгийн газар мэдэгдсэн нь олон нийтийг жинхэнэ утгаар нь бухимдуулсан. Удаа ч үгүй Ерөнхийлөгч гарч ирээд “Оюутолгойн баялгаас орж ирсэн ногдол ашгийг иргэдэд тараа” гэж үүрэгдсэн нь Засгийн газрыг улам л бөөрөнхий, дүлэгнэсэн байдалд оруулав. Хууль баталж ногдол ашиг тараах нь зарчмын хувьд хэцүү биш. Ажил болгоход ч төвөгтэй бус. Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирэхэд УИХ дургүйцээд байхгүй. Энэ мэтчилэн хариуцсан том төсөл, амласан үг, зарласан ажил хэрэг болгон нь бүтэлгүйтэж, дээрээс нь “Канад лайв”-ын баримтууд “ороод” байгаа энэ үед Н.Учралын Засгийн Газарт итгэх итгэл улам бүдгэрэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.