
Цаг үеийн болоод улс төрчийн үйл ажиллагаа, үзэл баримтлалыг таниулах зорилготой "Шийдвэр гаргагч" булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай уригдлаа.
Бид хөдөө аж ахуйн салбарыг 18 жил нялх хүүхэд шиг угжлаа
- Таны ахалж байгаа БОХХАА-ны байнгын хорооны ажлын талаар ярилцъя. Энэ хугацаанд байнгын хорооны ажлын арга барил, бодлогын чиглэлийг ямар зарчмаар авч явж байна вэ?
- Байнгын хороо маань БОХХАА-ны салбарт Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна, өргөн мэдүүлж буй хууль тогтоомжуудыг гишүүдээр хэлэлцүүлдэг. Намрын чуулганы хамгийн чухал асуудал бол төсөв. Тиймээс төсөвтэй холбоотой, ялангуяа БОХХАА-ны салбарт зарцуулах төсвийг нарийвчлан хэлэлцэнэ. Үүнээс гадна цаг үеийн асуудлууд орж ирдэг. Тухайлбал, сая Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр, баавгайн асуудал, өвөлжилтийн бэлтгэл гэх мэт. Эдгээр асуудлаар Засгийн газар хэрхэн арга хэмжээ авч ажиллаж байгааг хэлэлцдэг.
Парламентын үндсэн үүргийн нэг нь Засгийн газрын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад хяналт тавих. Салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн ажил бодит ажил болж чадаж байна уу, төсвийн зарцуулалт зөв явж байна уу, бодлогын асуудлууд дорвитой шийдэгдэж байна уу гэдгийг хянаж, шаардлагатай үүрэг чиглэл өгдөг. Зарим тохиолдолд Засгийн газрыг дуудаж, салбартай холбоотой асуудлаар асуулга тавина. Эсвэл байнгын хороон дээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, сонсголоос гарсан гишүүдийн санал, үүрэг чиглэлийг УИХ-ын тогтоолоор баталгаажуулж ажилладаг.
Миний хувьд намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудаа урьдчилан төлөвлөж, аль болох орхигдуулахгүйгээр төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Ер нь хянан шалгах чиг үүргээ илүү идэвхтэй хэрэгжүүлэх нь энэ үед их чухал юм байна гэж харж байгаа. Манай байнгын хорооноос Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой сонсгол зохион байгуулсан. Сонсголоор хуулийн хэрэгжилт маш сул байгааг харсан. Мөн Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа асуудлаар асуулга явуулахаар ажиллаж байна. Түүнчлэн ХАА-н салбарт зарцуулсан төрийн дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаас бодитой ямар үр дүн өгсөн бэ гэдгийг хэлэлцэх ерөнхий хяналтын сонсгол хийсэн. Үр дүн нь хангалтгүй, эргэлзээ төрүүлэхүйц сул байсан учраас цаашид илүү нарийвчлан шалгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс хянан шалгах түр хороо байгуулж, асуудлыг нарийвчлан шалгах чиглэл рүү явж байна. Ер нь тухайн салбартай холбоотой асуудлаар УИХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилт болон төсвийн зарцуулалтад тавих хяналтаа өргөжүүлэх хэрэгтэй байна. Эцсийн үр дүн сайн харагдахгүй байгаа асуудал цөөнгүй. Мэдээж сайн явж байгаа ажил бий. Гэхдээ салбарын үр дүнг нотолгоонд тулгуурлан үнэлэх ёстой. Нотолгоог тоо баримтаар гаргаж ирнэ. Тоо өөрөө худлаа хэлэхгүй. Харин тоо баримт зөрүүтэй байвал түүнийг нягтлах ёстой. Байнгын хорооны төлөвлөгөөний дагуу ажиллахаас гадна төлөвлөгөөт бус асуудлыг ч идэвхтэй хэлэлцэж, гишүүдийг мэдээллээр хангах хэрэгтэй. Засгийн газар мэдээллээ тэр бүр гишүүдтэй хангалттай хуваалцдаггүй. Тиймээс тухайн салбарын асуудал бүрээр гишүүдийг мэдээлэлтэй байлгах нь чухал. Ингэснээр төсөв хэлэлцэх, тухайн асуудлыг шийдэх, хууль санаачлах үед мэдээлэл бодит ажил хэрэг болох боломжтой. Энэ зарчмаар намрын чуулганы төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
- Та ХАА-н салбарын зээл, татаастай холбоотой 18 жилийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсголоос өмнө энэ салбарын зээл, татаас, авлига, ашиг сонирхлын асуудлаар тодорхой баримт, мэдээлэл сонсож байсан байх. Сонсголын үеэр таны өмнө нь харж байсан тоо баримт батлагдсан уу? Эсвэл зөрүүтэй байсан нь тогтоогдсон тохиолдол бий юу?
- Ерөнхийдөө би байнгын хорооны дарга болохоосоо өмнө энэ ажлыг санаачилсан. Нэгдүгээрт, би өөрөө байнгын хорооны гишүүн байсан. Хоёрдугаарт, энэ салбарт ажиллаж байсан. Бас нийгмийн тодорхой бүлгийг төлөөлж ажиллаж байгаа гишүүн гэж өөрийгөө хардаг. Тийм учраас иргэд, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид энэ салбарын асуудлаар надад ханддаг. Сүүлийн 18 жилийн бодит байдлыг харахад махны үнэ 3,600 төгрөг байснаас 9.2 дахин өсөж, нэг килограмм нь 33 мянган төгрөгт хүрсэн байна. Төмсний үнэ 5.7 дахин, сүүний үнэ тав дахин, гурилын үнэ 4.6 дахин өсжээ. Энэ бол өрхийн дэлгүүрт төлж байгаа мөнгөний бодит өсөлт. Нөгөө талаас өрхийн амьжиргаанд ирж байгаа ачаалал нэмэгдэж байна. Энд нэг зүйлийг шалгах ёстой. Үнийн өсөлт зөвхөн инфляцаас шалтгаалж байна уу, эсвэл өөр ямар хүчин зүйл байна. Тухайлбал, будаа энэ хугацаанд 4.4 дахин өссөн нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт. Будаа төрийн дэмжлэг, урамшуулал, татааст хамрагддаггүй. Харин мах, төмс, сүү, гурил зэрэг бүтээгдэхүүн төрийн дэмжлэг, урамшуулалд хамрагдаж ирсэн. Гэтэл төр дэмжээд байдаг бүтээгдэхүүний үнэ илүү өссөн байна. Яагаад ийм байна вэ гэдгийг шалгах шаардлагатай.
Хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ёстой гэж үздэг. Би “Сүү” компанийн захирлаар ажиллаж, томоохон компанийг удирдаж байсан хүний хувьд олон компани бий болж, олон бүтээгдэхүүн зах зээлд өрсөлдөж байж үнэ буурна, технологи, инновац нэвтэрнэ, бизнесийн таатай орчин бүрдэнэ гэж хардаг. Нөгөө талдаа импортын хамаарлыг бууруулах ёстой. Гэтэл сүүлийн 18 жилийн хугацаанд энэ салбарын импортын хамаарал эсрэгээрээ 5.6 дахин нэмэгдсэн байна. Мөн салбарын ажиллах хүчний тоо 31 мянгаар буурсан гэсэн тоо бий. Өнгөрсөн жилийн статистиктай харьцуулахад 46 мянга гэсэн тоо ч явж байсан. Ерөнхийдөө салбарын ажиллах хүч буурч, хүний нөөцийн хомсдол нэмэгдэж байгаа нь том асуудал. Яагаад энэ салбар өсөхийн оронд том зургаараа ухарч байна вэ гэдгийг шалгах шаардлагатай.
Гуравдугаарт, улс үндэстэн хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гэдэгтэй би санал нийлдэг. Тэгж байж тогтвортой ажлын байр бий болж, иргэд баталгаатай хүнсээр хангагдана. Хүнсний аюулгүй байдал бодитоор хангагдана. Гэхдээ энэ салбарт төрийн дэмжлэг, урамшуулал, татаасыг тасралтгүй олгож ирсэн хэр нь үзүүлэлтүүд нь буурч байгаа бол тогтолцоо өөрөө зөв үү, буруу юу гэдгийг эргэж харах ёстой. Дэмжлэг өгөх тусам үнэ өсөж, өрсөлдөх чадвар суларч, ажлын байр хомсдож байгаа бол төр зах зээлийг нь тэлж, дэмжлэгээ өөрөөр зохион байгуулах шаардлагатай байж болно.
Бизнесийг хүүхэд өсгөхтэй адилтгаж болно. Хүүхэд нярай байхдаа сүүгээр угжуулж өсдөг. Харин хөл дээрээ босоод ирэхээрээ өөрөө бие дааж, цаашдаа өөрийгөө авч явах чадвартай болох ёстой. Гэтэл бид энэ салбарыг 18 жил нялх хүүхэд шиг угжаад байна. Уг нь 18 настай, бие дааж ажиллах түвшинд хүрсэн байх ёстой. Тиймээс асуудлын суурь шалтгаан, хүчин зүйлсийг бүгд мэдэж, ойлгох хэрэгтэй. Энэ бол зөвхөн УИХ-ын гишүүд, парламентын мэдэх асуудал биш. Иргэд татвараа төлж, тэр мөнгөөр ХАА-н салбарт урамшуулал, татаас, дэмжлэг олгож байгаа учраас ард түмэн өөрсдөө мөнгө нь хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх ёстой. Зөв бодлого хэрэгжүүлж, хүнсэндээ болон түрийвчиндээ санаа зовохгүй, эх орондоо ажиллаж, бизнес эрхлэх боломжтой нөхцөл бүрдүүлэхийн тулд энэ сонсголыг эхлүүлсэн. Энэ бол миний хувьд гурван үндсэн шалтгаан байсан.

- Та бизнесийн салбарт ажиллаж байгаад яагаад улс төрд орж ирэхээр болсон бэ?
- Миний хувьд нас 40 хүрч, идэр насандаа явж байна. Хувийн хэвшилд тухайн салбартаа хийж болох карьерын замналаар явж, том компанийн гүйцэтгэх захирал хүртэл ажиллаж үзлээ. Одоо энэ салбарт хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа ашиглаж, салбараа хөгжүүлэхэд дуу хоолой болж, төрд зүтгэх хүсэлтэй байсан. Төрд шууд орох боломжгүй учраас аль нэг намын институцээр дамжих шаардлагатай. Тиймээс 2023 онд намд албан ёсоор элссэн. Намын шугамаар ажиллаж, тодорхой өрсөлдөөн дунд явж байгаад жагсаалтаар УИХ-ын гишүүн болж орж ирсэн. Би энэ салбарыг төлөөлөх чадвартай гэж өөрийгөө үздэг. Жижиг компаниас эхлээд том компани, төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллахдаа салбарыг хөгжүүлэхийн тулд хэрхэн судалгаа хийх, судалгаанд үндэслэн төлөвлөгөө гаргах, нөөц бололцоог зөв хуваарилах, үр дүн гаргах зэрэг ажлыг мэргэжлийн түвшинд хийж үзсэн. Энэ арга барилыг төрд нэвтрүүлэх хүсэлтэй байсан учраас улс төрд орсон. Зорьсныхоо дагуу салбараа орхилгүй, энэ чиглэлээрээ ажиллаж байна.
- Бизнесийн салбараас улс төр рүү шилжихэд амаргүй байсан байх. УИХ бол хууль тогтоож, шийдвэр гаргадаг байгууллага. Өмнө нь мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгарах, эсвэл эргэлзэх тохиолдол гарч байсан уу? Ажиллаж ирсэн арга барилаас тань хэр өөр байсан бэ?
- Байлгүй яах вэ. Бизнесийн салбарын шийдвэр гаргах түвшин илүү цомхон. Нэгдүгээрт, шийдвэр гаргах эрх мэдэл тодорхой. Хоёрдугаарт, гүйцэтгэх захирал өөрөө багтаа үүрэг даалгавар өгч, төлөвлөгөөгөө гаргана. Төлөвлөгөө батлагдсан бол түүнийгээ хариуцаж, ажил хэрэг болгохын тулд өөрөө шийдээд явах боломжтой. Төрийн алба харин илүү том, олон шат дамжлагатай процесс ихтэй. Нэг хүн дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Өөрийн санал 100 хувь тусгагдах ч боломжгүй. Тиймээс зөв гэж бодсон саналаа бодлого, шийдвэрт тусгуулахын тулд нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм байна гэж харсан. Төрийн арга барил бас өөр. Илүү бичиг баримт, албан ёсны хууль тогтоомжид суурилдаг. Би хуульч биш учраас анх хууль уншаад ойлгоход төвөгтэй байсан. Хуулийн бичлэг, бүтэц нь өөр. Уншиж судлаад гартаа оруулахад хугацаа орсон. Одоо бол хуулиа уншаад, ямар мэдээллийг хаанаас, хэрхэн хурдан олж авах вэ гэдгийг харьцангуй ойлгодог болсон. Өөрөө хоёр хууль санаачилж, батлуулсан. Тиймээс төрийн албаны арга барилд суралцаад явж байна.
Шинэ гишүүдийн дунд үе үеийн төлөөлөл бий. Гэхдээ бид хоорондоо “би жагсаалтынх”, “чи залуу” гэх мэтээр ангилагддаггүй.
- 2024 оноос хойших улс төрийн процесс нэлээд хүнд байна. Засгийн газар гурван удаа солигдож, хоёр өөр Ерөнхий сайдын дараа гурав дахь Ерөнхий сайдын үеийг үзэж байна. МАН дотроо ч зөрчилтэй, адармаатай байдалтай. Энэ нь УИХ-ын гишүүний хувьд таны ажилд хэр нөлөөлж байна вэ? Засгийн газар солигдох, намын дотоод зөрчил төрийн ажилд саад болж байна уу?
- Улс төрийн үйл явц өрнөх тусам төрийн ажил удаашрах эрсдэлтэй юм байна гэж харсан. Энгийн жишээ авъя. Та хууль санаачиллаа гэж бодъё. Тэр хууль чуулганаар хэлэлцэгдэх гэж байна. Тодорхой бүлэг гишүүдтэйгээ хамтраад олон эксперт ажиллуулж, судалгаа хийлгэнэ. Үүнд цаг хугацаа, төсөв санхүү, олон хүний хүчин чармайлт орно. Гэтэл энэ хууль бол Мандхай гэдэг хувь гишүүний хууль биш. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэх чухал хууль. Батлуулах үед нь улс төржөөд дэмжихгүй байх тохиолдол гарвал төрийн ажил удааширна. Улс төржилт хэт ихсэх тусам төрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Заримдаа Засгийн газар хүртэл улс төржилтөд өртчих вий, буруу зүйлд холбогдчих вий гэсэн болгоомжлолоос болоод дуугарч чадахгүй болох тал бий. Миний хувьд аливаа асуудал нотолгоонд суурилах ёстой. Би нотолгоонд суурилсан зүйлд итгэж, итгэл үнэмшлээ түүнд тулгуурладаг. Судалгаа, тооцоо болон ярьж байгаа тоо баримт хоорондоо зөрж байвал тэр тоог нотлохын төлөө ажиллана. Хэрэв энэ нь талцал, хуваагдал руу хүргэж байсан ч зөв зарчим, зөв гэж бодсон байр суурин дээрээ хатуу зогсоно. Заримдаа энэ нь улс төржиж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ улс төрчид баг, хамт олноороо ажилладаг. Чиний санаачилсан хууль, хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг зөв гэж дэмжиж байгаа багтаа түшиглэж, хамтдаа ажиллах шаардлага бий. Ийм нөхцөл байдал байдаг. Улс төрчид нэг баг болж ажилладаг учраас зарим үйлдэл улс төржилт мэт харагдаж, асуудлыг төвөгтэй болгох талтай.
- МАН-ын гишүүд 30, 38-аараа хуваагдчихсан гэж ярьж байна. Та аль бүлэгт нь хамаарч байна вэ?
- Би сая хэлсэнчлэн тоонд суурилж, баримтаа харж байж зөв гэж бодсон байр сууриа илэрхийлдэг. Тэр байр суурийг минь зөв гэж үзсэн бусад гишүүн нэгдэж, “Чи зөв зүйл ярьж байна, энэ талд чинь дэмжиж ажиллая” гэдэг. Тиймээс нэг талаас харахад би 30-ын талд зогсож байгаа мэт харагдаж болно. Гэхдээ өдөр тутмын төрийн үйл ажиллагаа хэвийн явж байх ёстой учраас миний санаачилсан зарим ажлыг нөгөө талын буюу 38-ын талын гишүүд ч дэмжиж, санал нэгдэж ажилладаг. Ер нь шинээр сонгогдсон гишүүд 30 ч бай, 38 ч бай бие биеэ дэмжиж ажиллаж байгаа. Харин хамгийн их улс төржүүлж, асуудлыг хүндрүүлж байгаа нь олон удаа сонгогдсон, дарга, сайд хийж, албан тушаал хашиж байсан гишүүд гэж хардаг. Анх удаа сонгогдсон гишүүд харьцангуй эрүүл үзэл санаатай, зарчмын асуудал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлээд явж байгаа.
Нэлээд том улс төрчдөөс “Наад сонсголоо боль” гэсэн, болиулах гэж оролдсон тохиолдол ч байсан.

- Би жагсаалтын гишүүдийг хүчтэй, дуу хоолойгоо чөлөөтэй хүргэдэг гэж хардаг. Гэхдээ тэдэнд тодорхой нөлөөлөл, шахалт байдаг юм шиг. МАН дотор үеийн ялгаа, жагсаалтын болон тойргийн гишүүдийг ялгаж хандах байдал байна гэж ярьдаг. Шинэ гишүүдэд “чи шинэ гишүүн” гэж амыг нь таглах, олон жил улс төр хийсэн хүмүүсийн зүгээс дарамтлах тохиолдол танд мэдрэгдсэн үү?
- Би дахиад хэлье. Шинэ гишүүдийн дунд үе үеийн төлөөлөл бий. Гэхдээ бид хоорондоо “би жагсаалтынх”, “чи залуу” гэх мэтээр ангилагддаггүй. Жагсаалт, тойрог гэж хуваахаас гадна үеэр, олон удаа сонгогдсон болон шинээр сонгогдсон гэж ангилах яриа гардаг. Тийм яриаг ихэвчлэн олон удаа сонгогдсон гишүүд өөрсдөө гаргаж байна. Сошиалаас ч харж болно. Жагсаалтаар сонгогдсон гишүүд гараад “тойргийн гишүүд ингэж байна” гэж ярьж байсныг би санахгүй байна. Харин энэ талцал, хуваагдлыг туршлагатай улс төрчид, төрийн түшээд бий болгож байгаа нь харамсалтай.
Залуу гишүүдийн хувьд замын хүзүү урт. Бидэнд дарамт ирдэг. Хуучин улс төрчдөөс “ална шүү, хохино шүү, ингэнэ, тэгнэ” гэх мэт үг сонсож байсан. Гэхдээ энэ дарамтыг даван туулах ёстой. Нэгэнт тангараг өргөж, тодорхой бүлэг нийгмийг төлөөлж байгаа учраас хүмүүс биднээс илүү дуугарахыг, өөрчлөлт авчрахыг хүлээж байгаа. Дарамт ирлээ гээд ухрахгүй. Бид өөрсдөө талцал ярьдаг биш, өөрчлөлт авчрах ёстой. Нотолгоо, тоо баримтад суурилсан, ажил хэрэгч байж чадвал бусад нь ч энэ чиглэл рүү өөрчлөгдөх байх гэж боддог. Албан тушаал, суудал бүхэн хугацаатай. Бид ч гэсэн тодорхой хугацаанд ажиллаж байгаа. Дараагийн үеийнхэн орж ирэхэд эрүүл, зөв систем бий болгосон байвал төрийн ажил илүү албан ёсны, тогтвортой явах боломжтой.
- Танд ХАА-ын салбарын ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахад ямар нэгэн дарамт ирсэн үү?
Ирсэн. Нэлээд том улс төрчдөөс “Наад сонсголоо боль” гэсэн, болиулах гэж оролдсон тохиолдол ч байсан. “Ингэж явуулах юм бол болгоомжтой байгаарай” гэх мэт дарамт ирж байсан. Эхний өдрийн сонсголд ирж суусан мөртөө хоёр дахь өдөр нь ирээгүй гишүүд ч байсан. Хоёр дахь өдөр илүү чухал асуудлыг хэлэлцэх байсан. Мөнгөн дүнгийн хувьд ч бараг гуравны хоёрыг нь хоёр дахь өдөр ярих байлаа. Өмнөх өдөр нь чухал гэж ирчихээд дараагийн өдөр нь ирэхгүй, ирцэд орохгүй байсан гишүүдийн үйлдлийг би хардаж байгаа. Ирц хүрэхгүй байх сонирхол байсан юм болов уу гэж бодсон.
Энэ бол төрийн ой санамж. Тэр ой санамжид үндэслэж байж бид ирээдүйн шийдвэрээ гаргаж, өмнөх алдаа, оноог харж, засаж сайжруулах ёстой
- Энэ асуудлыг цаашид яах вэ? Хянан шалгах түр хороо байгуулж, үргэлжлүүлэн шалгах уу?
- Ингэж дутуу орхиж болохгүй. Бид хянан шалгах түр хороо байгуулж, орхигдсон асуудлуудыг дахин шалгах ёстой. Одоогоор бид мөсөн уулын зөвхөн орой хэсгийг л харж байна. Сонсголын үеэр 6.6 их наяд төгрөгийн асуудлыг ярьсан. Гэтэл цаана нь үлдсэн том хэсэг бий. 18 жилийн хугацааг авч үзэхэд одоогоор бараг 2020 оноос хойших буюу 2026 он хүртэлх мэдээлэл, мөн 2017 оны зарим тоо л байна. Өмнөх үеийн мэдээллийг авах юм бол нэлээд асуудал илэрч магадгүй. Гэхдээ тэр мэдээлэл байгаа эсэхэд ч эргэлзэж байна. Түүхэн мэдээллийн дата, архив маш муу байна. Тухайн үеийн тушаал, шийдвэр, хэрэгжилт, хяналтын тайлан, мэдээлэл, дүгнэлт бүгд байх ёстой. Тэр мэдээллээ гаргаж өгч чадахгүй байна гэдэг нь төрийн албаны архив, мэдээллийн сан, датагаа хадгалах асуудал ямар байгааг харуулж байна. Энэ бол төрийн ой санамж. Тэр ой санамжид үндэслэж байж бид ирээдүйн шийдвэрээ гаргаж, өмнөх алдаа, оноог харж, засаж сайжруулах ёстой. Ерөнхий хяналтын сонсголын нэг чиг үүрэг нь энэ. Нөгөө талаар ХАА-н салбарт өнөөдөр хэдэн компани ажиллаж байгааг харахад нэрлэж болох нь цөөн байна. Би салбарт нь ажиллаж байсан хүний хувьд олон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч орж ирээд, шантраад гарч байгааг мэднэ. Тэд бодитой зээл, тусламжид хамрагдаж чаддаггүй. Шалгуур үзүүлэлт өндөр, их хэмжээний барьцаа хөрөнгө шаарддаг. Гэтэл зарим хүн, аж ахуйн нэгж яаж авсан нь ойлгомжгүй байхад зээл авсан байдаг. Энэ нь салбарын өрсөлдөх чадварыг улам хумиж, цөөн тоглогчтой болгож байна.
Зээл, тусламжийн нийт дүнг харахад томоохон банк, банк бус санхүүгийн байгууллага, групп, компаниуд хамрагдсан байна. Энэ зөв үү, бодит үр дүн гарсан уу гэдгийг шалгах хэрэгтэй. Тухайлбал, нэг компани нэг тэрбум төгрөгийн зээл авсан бол тэр мөнгөө бүхэлд нь ХАА-н үйл ажиллагаандаа зарцуулсан уу, эсвэл 10-20 хувийг нь салбартаа зарцуулаад, үлдсэн 80 хувийг өөр үйл ажиллагаандаа эргэлдүүлсэн үү гэдгийг мэдэх ёстой. Гол нь үр дүн татварын төлөлтөд харагдаж байна уу гэдгийг шалгана. Тухайн ХАА-н компани татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэгдүүлсэн үү, ажлын байр нэмсэн үү гэдгийг харна. Гэтэл эсрэгээрээ ажлын байрны тоо буурч байгаа.
- Нэг компани зургаан өөр хөтөлбөрөөс зээл авсан гэж та сонсголын үеэр дурдсан. Тэр мэдээллийг олон нийтэд ил болгох боломжтой юу?
- Компаниудын нэрийг гаргах нь миний зорилго биш. Ажлын хэсэг байгуулж ажиллахдаа тогтолцооны асуудлыг илрүүлж, сайжруулах зорилго тавьсан. Нэг аж ахуйн нэгж олон хөтөлбөрөөс зээл авсан байхад яагаад ийм боломж бүрдсэн бэ гэдэг асуудлыг тавьж байгаа.
Сүүлийн таван жилд 4.4 их наяд төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр аж ахуйн нэгж, иргэдийг дэмжихэд зарцуулсан гэж үзье. Хэрэв нэг аж ахуйн нэгжид нэг тэрбум төгрөг олгосон бол 4,400 аж ахуйн нэгжид хүргэх боломжтой мөнгө. Тэдгээр аж ахуйн нэгж тус бүр дунджаар дөрвөөс таван ажилтантай байлаа гэхэд маш олон ажлын байр бий болж, олон бизнес тогтвортой ажиллах боломж бүрдэх байсан. Гэтэл бодит байдал дээр энэ мөнгөний дийлэнхийг цөөн тооны том аж ахуйн нэгж авсан.
Харин олон жижиг бизнес, зорилтот бүлэгт хүрэх хэмжээ маш бага, хүртээмж муутай байна. Үнэхээр хэрэгтэй хүмүүстээ хүрч чадаагүй. Сангийн яам, Монголбанк, ХАА-н асуудал эрхэлсэн байгууллагууд энэ зээл, тусламжид хяналт тавих үүрэгтэй. Зээл зорилтот бүлэгтээ хүрч байна уу, хүртээмжтэй байна уу гэдгийг хянах ёстой. Гэвч энэ чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байгууллагууд хангалтгүй ажилласан харагдаж байна. Тариалан эрхэлдэг, малаа малладаг, ноос, ноолуураа боловсруулдаг олон аж ахуйн нэгж зээл авахад хүндрэлтэй байдаг. Арьс ширний үйлдвэр олон жил ажилласан ч өсөж хөгжиж чаддаггүй. Тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай боловч өндөр өртөгтэй учраас худалдан авч чаддаггүй. Тэд төрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, тоног төхөөрөмжөө сайжруулан, гар ажиллагаагаа бууруулахыг хүсдэг. Зээл авч чадахгүй, санхүүжилт авахад хүндрэлтэй байгаа энэ сегментэд л хөнгөлөлттэй зээл очих ёстой. Гэтэл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгаа учраас хүртээмж бага, бодит үр дүн гарахгүй байна гэж хэлэх гээд байгаа юм.
Ерөнхийлөгч өөрөө санаачилга гаргасан хөтөлбөрүүдийнхээ бодит үр дүнг шалгуулахад дэмжлэг үзүүлэх ёстой. Уг нь Ерөнхийлөгч надтай хамт суугаад энэ ажлын үр дүнг шалгах ёстой байсан гэж бодож байна.
- Эдгээрийн дийлэнх нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүд. Ерөнхийлөгчтэй холбоотой учраас сонсголыг хааж, мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байна гэх яриа хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд гарсан. Зарим хүн телевизээр үзэж байхад дуу нь хаагдсан, цааш түгээхэд хязгаарлалттай байсан гэж ярьж байна. Би сая ногоочид, тариаланчидтай уулзахад энэ талаар мэдэж байгаа хүн цөөн байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж байгаа бол энэ нь байж болохгүй асуудал. Бид төлөөллийн байгууллага. Иргэдэд мэдээлэл өгөх, мэдэх эрхийг нь хангах ёстой. Татвар төлөгчдийн мөнгө хэр бодитой, үр дүнтэй зарцуулагдаж байгааг иргэд асуух, мэдэх эрхтэй. Энэ мэдээллийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд хэн ч хаах эрхгүй. Яг бодитойгоор мэдээлэлд хязгаарлалт тавьж байгаа эсэхийг би мэдэхгүй. Үүнийг хууль, шүүхийн байгууллагууд шалгаж үзэх байх. Гэхдээ тийм нөлөөлөл, хязгаарлалт байна гэсэн мэдээлэл яригдаж байгаа бол энэ бол байж болохгүй асуудал. Иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэсэн үг. Миний бодлоор Ерөнхийлөгч өөрөө санаачилга гаргасан хөтөлбөрүүдийнхээ бодит үр дүнг шалгуулахад дэмжлэг үзүүлэх ёстой. Уг нь Ерөнхийлөгч надтай хамт суугаад энэ ажлын үр дүнг шалгах ёстой байсан гэж бодож байна. Тухайлбал, 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж, импортоос хараат бус болгоно гэсэн зорилт хэр үр дүнтэй хэрэгжсэн бэ гэдгийг хамтдаа шалгаж болно. Хяналтын сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, бодит хариу гаргах хэрэгтэй. Хэрэв мэдээллийг нуун дарагдуулж, гаргаж өгөхгүй байгаа бол хариуцлага тооцох асуудлыг ч ярих ёстой. Уг нь энэ асуудлыг дэмжиж, байр сууриа илэрхийлэх болов уу гэж бодсон ч оролцсонгүй.
- Ер нь оролцоогүй, их дуугүй байсан. Тэгэхээр ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгчтэй холбоотой хөтөлбөрүүдийн сонсгол ирц хүрээгүйн улмаас зогссон байж магадгүй гэж харж байна. Ийм байр суурь олон нийтийн дунд үүсээд байгаа.
-Тийм тохиолдол байгаа эсэхэд шууд дүгнэлт хийхэд хэцүү.
Асуудлаас зугтдаг Засгийн газар байж болохгүй.

- Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрыг тэргүүлж байна. Өмнөх хоёр Засгийн газартай харьцуулахад одоогийн Засгийн газар ажлаа хэр хийж байна гэж та дүгнэж байгаа вэ? УИХ-ын гишүүд Засгийн газарт хяналт тавих эрхтэй шүү дээ.
- Ер нь одоогийн Засгийн газарт ажиллах амаргүй байх шиг байна гэж бодсон. Г.Занданшатарын Засгийн газрын үед гарсан зарим шийдвэрийг эргэж засах шаардлагатай болж, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Гэхдээ залуу хүний хувьд давуу талууд бий. Тухайлбал, тэтгэврийн асуудлыг олон жил хөндөж, 2012 оноос хойш тэтгэврийн шинэчлэлийн талаар ярьж ирсэн хүний хувьд үе шаттай шинэчлэл хийх ажлуудаа хэрэгжүүлж байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд ирдэг зөвшөөрлийн дарамтыг багасгах зэрэг давуу талтай ажлууд байна гэж харж байгаа. Гэхдээ зарчмын хувьд санал нийлэхгүй зүйл ч бий. Эдийн засагт дахин өр тавьж, мөнгө тэлж байгаа нь буруу бодлого гэж үзэж байна. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг татаж оруулж ирээд цалин, тэтгэвэр зэрэг зардалд зарцуулах нь буруу. Төсвийн задаргааг харахад хэмнэх боломжтой зардлууд байна. Тэвчиж болох зардлаа танаж, тэр мөнгөө цалин, тэтгэвэрт зарцуулсан бол дахин өр зээл авахгүйгээр эдийн засагт бага ч гэсэн амьсгаа авах боломж бүрдэх байлаа. Харин ногдол ашгийн мөнгийг төсөвт орлого болгож оруулахын оронд хуримтлалын санд төвлөрүүлж, арвижуулах хэрэгтэй. Тэгвэл 2027, 2028, 2029 онд үүсэж болзошгүй хүндрэлээс тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой. Гэтэл дахиад 10 их наяд төгрөг нэмж эдийн засагт оруулж ирж байна. Манай улсын түүхийг харахад мөнгөний нийлүүлэлт, төсвийн хэмжээ тэлэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг байсан. Одоо хүнсний болон үнийн инфляцаа дийлэхгүй байхад төр дахин 10 их наяд төгрөгийг эдийн засагт оруулна гэдэг нь үнэ дахин өсөх эрсдэлтэй гэсэн үг. Мөн төрийн өмчит компаниудыг заавал УИХ-ын түвшинд хяналтад оруулж, парламентыг компанийн ТУЗ шиг ажиллуулах гэж байгаа нь буруу гэж харж байна. Компаниуд Компанийн тухай хууль болон өөрийн хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллах ёстой тусдаа институц. Алдагдалтай ажиллаж байгаа бол чадвартай хүмүүсийг удирдлагад нь тавьж, үр ашиггүй компанийг татан буулгах, үйл ажиллагааг нь хумих хэрэгтэй. Харин нийгмийн асуудал шийдэх чиг үүрэгтэй төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулж, орлого ашгийг нь нэмэгдүүлэн, өөрсдийнх нь хүрээнд хийх ажлыг нь хийлгэх ёстой. УИХ өөрөө хангалттай олон асуудалтай. Чуулганы үеэр гишүүн асуулт асуухад гурван минут өгнө, сайд товчхон хариулна. Дараа нь тодруулахад нэг, хоёрхон минут нэмэгдэнэ. Тавхан минутын дотор улс орны амьдралд нөлөөлөх шийдвэрүүдийг хэлэлцэж байхад төрийн өмчит компаниудын асуудлыг парламентад авчирч, нэмэлт ачаалал үүсгэх нь зохимжгүй. Тухайн компани асуудалтай ажиллаж, үр дүн гарахгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд “Парламент шийдвэр гаргасан” гэдэг хариуцлагыг УИХ-д үүрүүлэх чиглэл рүү явж болохгүй. Засгийн газар өөрөө бие даан хариуцлагаа үүрэх ёстой. Зарим сайд төсвөө оруулж ирээд “болно, бүтнэ, чадна” гэж батлуулчхаад, дараа нь асуудал гарахаар “УИХ өөрөө баталсан” гэдэг. Асуудлаас зугтдаг Засгийн газар байж болохгүй. Өөрөө хариуцах ёстой асуудлаа өөрөө хариуцаж, тусдаа хуулиар зохицуулагддаг байгууллагуудыг өөрсдийнх нь хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Бүх юмыг УИХ-ын хяналтад аваачиж, парламентыг компанийн ТУЗ шиг ажиллуулах гэж байгаа шийдвэрийг би зарчмын хувьд буруу гэж харж байна.
Г.Занданшатарын Засгийн газрын үед гарсан зарим шийдвэрийг эргэж засах шаардлагатай болж, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна.
- Таны санаачилсан хуулийн талаар асууя. Та Т.Мөнхсайхан, Л.Энх-Амгалан зэрэг гишүүнтэй хамтран Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачилсан байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээр сургуулийн орчин, хүүхдийн аюулгүй байдалд ямар өөрчлөлт гарах вэ? Хэрэгжилтийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ?
Сургуулийн орчин гэдэгт гадаад, дотоод орчны олон асуудал багтана. Ажлын хэсэг нэлээд өргөн хүрээнд ажиллаж байгаа. Хуулийг сайжруулах шаардлагатай. Сургуулийн дотоод орчны аюулгүй байдлыг ч авч үзэж байна. Сургуулийн ойр орчимд архи, тамхи худалдаалахыг хориглох, хүртээмж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал бий. Өнөөдөр CU зэрэг дэлгүүр хаа сайгүй байна. Тэнд вейп, тамхи, согтууруулах ундаа зарж байгаа ч хяналт хангалтгүй. Уг нь энэ талаар хууль, зохицуулалт бий. Мөн хүүхдийн орц, гарц, сургуулийн эргэн тойрны аюулгүй байдал маш чухал. Сургуулийн орчны аюулгүй байдлыг журам гаргах, эсвэл сургуулиудад хариуцлага үүрүүлэх зэргээр дангаар нь зохицуулахад учир дутагдалтай. Тиймээс сургуулийн орчны аюулгүй байдлыг бүхэлд нь хангах тусгай хууль зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс гадна сургуулийн дотоод орчны асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Хүүхдүүдийн сурч байгаа анги танхимын засварт ашиглаж буй барилгын материалын асуудал бий. Намар сургууль эхлэхийн өмнө засвар хийгээд, хүүхдүүдийг ороход будаг, бусад материалын үнэр арилаагүй байх тохиолдол гардаг. Засварыг хичээл эхлэхээс дор хаяж нэг сарын өмнө дуусгаж, үнэр, ууршилт нь арилсан байх шаардлагатай. Мөн барилгын материалд агуулагддаг химийн бодисын асуудал байна. Эхэд “хромалтикит” гэж буусан нэр томьёо бий; яг ямар бодис болох нь бичвэрээс тодорхойгүй байна. Манайд орж ирж байгаа зарим барилгын материалын найрлага, аюулгүй байдалд хяналт хангалтгүй байдаг юм байна. Тэр материалаар хүүхдийн сурч байгаа орчныг засаж тохижуулдаг. Үүний улмаас хүүхдүүд шууд мэдэгдэхгүй ч харшил, амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлд өртөж байгааг судалгаагаар харуулсан. НҮБ-ын Хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар хүүхдийн дотоод орчны барилгын материалтай холбоотой эрсдэл илэрсэн. Ширээ, сандлаас эхлээд анги танхимд байгаа олон зүйл энэ асуудалд хамаарна. Тиймээс эдгээр шаардлагыг хуульд тусгахаар ажиллаж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх зардал нэлээд өндөр гарах байх. Гэхдээ юуны өмнө хяналтын механизмыг сайн сайжруулах ёстой. Нийслэл болон орон нутгийн засаг захиргаатай уялдаж ажиллах шаардлагатай. Ямар ч байсан энэ хууль өндөр ач холбогдолтой гэж бодож байна.
- Хүүхдүүдэд чиглэсэн, анги танхимын нөхцөлийг сайжруулах зохицуулалт туссан уу? Нэг ангид 50-60 хүүхэд сууж байгаа тохиолдол ч бий.
- Тийм. Нэг ангид 50-60 хүүхэд сууж байна. Тэгээд хүүхдүүд агаар булаацалдана. Дотоод орчны агаарын чанар сайн биш. Гадаад орчиндоо анхаараад байдаг ч хүүхэд ангидаа өглөө найман цагаас өдрийн гурван цаг хүртэл олон цаг агааржуулалт муутай орчинд суудаг. Дотоод орчны агаар эрүүл биш байгаагаас хүүхдүүд өвчлөх эрсдэл нэмэгдэж байна. Энэ асуудлыг уг үндсээр нь шийдэх хэрэгтэй.
- 18 жилийн турш хөнгөлөлттэй зээл олгосон ч зээл нь зорилтот бүлэгтээ хүрээгүй. Хэрэв хянан шалгах түр хороо байгуулагдаж, энэ асуудал тодорхой болбол өмнөх шийдвэр гаргасан хүмүүс хариуцлага хүлээх үү? Хариуцлага тооцох хүн бий юу?
Хянан шалгах түр хороогоор тухайн үед тушаал, шийдвэр гаргаж байсан дарга, сайд нарыг гэрчээр дуудаж, асуултад хариулах боломжтой. Гэхдээ тухайн үеийн дарга, сайд нараас гадна дунд шатны удирдлагуудын хариуцлагыг бас ярих ёстой. Сайд нар хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, төсвийг батлуулдаг. Харин бодит хэрэгжилт, хяналтыг дунд шатны удирдлагууд хариуцдаг. Тухайлбал, зээлийн гэрээний дагуу яам, Сангийн яам, Монголбанк хамтран хяналт тавих боломжтой. Гэтэл сайд өдөр тутмын хяналтыг өөрөө хийхгүй, ирсэн материал, мэдээллийг авдаг. Харин дунд шатны удирдлагууд зээлд хэнийг хамруулах, урамшууллыг хэрхэн олгох зэрэг шийдвэрт оролцож байна. ХАА-н корпорацын хувьцаа эзэмшигчдийн дунд төрийн төлөөлөл, тухайлбал төрийн нарийн бичгийн дарга, газрын болон бодлогын хэлтсийн дарга, сайд зэрэг хүмүүс өөрсдөө оролцдог. Өөрөөр хэлбэл, хяналт тавих ёстой субъект нь өөрөө шийдвэр гаргах үйл явцад оролцож байна. Энэ хэр зохимжтой вэ? Миний хардах эрхийн хүрээнд танил талдаа зээл олгох магадлал өндөр байна гэж харж байгаа. Тиймээс тухайн үед хэн шийдвэр гаргасан, санхүүжилт хаана төвлөрсөн, үр дүн нь яагаад гараагүйг шалгах хэрэгтэй. Үр дүн гаргаагүй атлаа өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Шинэ сайд ч үр дүнгүй ажилласан, ийм арга барилаар цаашид ажиллаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Хянан шалгах түр хороо энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгана. Шийдвэр гаргалтад олон жил сууж ирсэн хүмүүсийн хариуцлагыг ч ярих хэрэгтэй. Манай нэг гишүүн “Төрснөөсөө хойш л энэ албан тушаалд байгаа хүн байна” гэж хэлж байсан. Тийм хүмүүс шийдвэр гаргасаар байгаа хэр нь салбар нь эрсдэлд орж болохгүй. Энэ бол улсын хэмжээнд бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй яам. Зөвхөн төвийн бүс, хангайн бүсийн хэмжээнд ажиллах бүсийн яам биш. ХАА болон хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ёстой. Хэрэв улсын яам бүс нутгийн түвшинд ажиллаж, шийдвэрээ тийм байдлаар гаргасан бол хариуцлага тооцох ёстой.
- Та 2028 оны сонгуульд нэр дэвших үү?
- Боломж гарч, мандатаа авбал нэр дэвшинэ.
- Улс төрийн карьераа үргэлжлүүлнэ гэсэн үг үү?
- Үргэлжлүүлнэ. Дуусгаагүй ажлаа дуустал нь ямар ч байсан хийж явна гэж бодож байгаа.

- МАН-ын дотоод зөрчил намрын улс төрийн үйл явдлаар олон нийтэд ил тод харагдлаа. Танай нам дараагийн сонгуульд дахин олонх болж чадах болов уу?
Одоохондоо мэдэхгүй. Судалгаагаар л харагдах байх. Ер нь аливаа асуудалд судалгаа их чухал. Намын рейтинг ямар байна, мөрийн хөтөлбөр нь хэр дорвитой хэрэгжиж байна, ард иргэдийн хүлээлт ямар байна гэдгийг харах хэрэгтэй. Миний нэр дэвших эсэхээс илүүтэйгээр МАН-аас ямар хүмүүс нэр дэвшээсэй гэж иргэд хүсэж байгааг судалгаагаар харах нь чухал. Аль салбарыг төлөөлсөн хүн хэрэгтэй байна, насны ямар ангиллын төлөөлөл, шинэ нүүр царай хэрэгтэй юу, эсвэл тодорхой асуудлыг шийдэх хүн хэрэгтэй юу гэдгийг судална. Үүний үндсэн дээр нам ямар хүмүүсийг нэр дэвшүүлбэл ялалт байгуулах боломжтойг шийдэх байх. Судалгаа чухал. Харин цөөнх болох уу, олонх болох уу гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй байна.
Бүх улс орон хөгжлийнхөө тодорхой үе шатанд унаж, бүдэрч үздэг юм байна
- МАН дотроо хагарсан, популизм ихтэй, хуучинсаг, хараат бүтэцтэй нам гэсэн яриа гаднын хүмүүсийн дунд байдаг. Танд ийм байдал мэдрэгдэж байсан уу? Намын дотоод уур амьсгал ямар байна вэ?
- Анх намд орж байхад надад намын орчин, уур амьсгал нь бага зэрэг хуучинсаг санагдаж байсан. Гэхдээ намайг намд элсэж байх үеийн удирдлага, аппаратын бүрэлдэхүүнд залуу хүмүүс олон байсан. Үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Өөрөө санаачилга гаргаж ажиллавал дэмждэг. Тэр үед намын дотоод ардчилал нэлээд сайн байсан. Одоо УИХ-д орж ирснээс хойш намын удирдлага солигдсон. Н.Учрал дарга өөрөө залуу хүн учраас өөрчлөх, шинэчлэхийг зорьж байгаа юм шиг харагддаг. Залуусаар цус сэлбэх ажил нэлээд идэвхтэй явагдаж байна. Тиймээс нам арай илүү ардчилсан, либерал үзэл баримтлалтай болж, ардчилсан чиглэлээр явах байх гэж бодож байна. Угаасаа тэгж өөрчлөгдөх ёстой. Гэхдээ бид өөрсдөө, гишүүдийн хувьд ч ардчилсан байх хэрэгтэй. Бүлэг дээрээ энэ талаар ярьдаг. Бие биеэ хүндэтгэж, өөрийн үзэл бодолтой бол түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх ёстой. Тухайн асуудлаар цөөнх болсон ч олонхын гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ. Манай намын дүрмийн дагуу бүлгийн шийдвэр олонхын саналаар гарсан бол чуулган дээр тухайн шийдвэрийг дэмжих байр суурьтай оролцоно гэдэг зарчим бий. Гэхдээ “дарга ганцхан үг хэлнэ, бусад нь сонсоно” гэсэн коммунист арга барил биш. Ер нь дотоод ардчилал сайтай гэж би хэлнэ.
- Миний асууж амжаагүй, эсвэл өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүссэн зүйл танд үлдсэн үү?
- Одоохондоо нэмж хэлэх зүйл санаанд орж ирэхгүй байна. Эцэст нь хэлэхэд, бид гишүүд болохгүй байгаа асуудлыг их ярьдаг. Угаасаа асуудлыг дэлгэж, асууж байгаа учраас сөрөг зүйл их сонсогддог байх. Гэхдээ бүх улс орон хөгжлийнхөө тодорхой үе шатанд унаж, бүдэрч үздэг юм байна. Нэг хэсэгтээ авлига, хээл хахуульд идэгдэж, түүнийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөдөг. Эцсийн дүндээ ард түмэн л олонх, хамгийн том хүч нь ард түмэн. Тухайн хүн гурав, дөрөв, таван удаа сонгогдсон байлаа ч ард түмний өмнө цөөнх шүү дээ. Ард түмэн өөрсдөө сонголтоо хийж, засаглалыг өөрчилдөг. Нийгэмд шилжилт хөдөлгөөн явагдаж байдаг учраас өнөөдрийн нөхцөл байдлыг хараад Монгол Улс уруудах гэж байна гэж боддоггүй. Монголын заяа их. Энэ бол хөгжлийн замналын нэг хэсэг. Гол нь бид асуудлаа зөв харж, зөв оношлоод, цаашид хэрхэн засаж залруулах, хөгжүүлэхээ тодорхойлох ёстой. Өнөөдрийн ярилцлагаар би олон асуудал ярьсан учраас сөрөг зүйл их хэлсэн мэт сонсогдож магадгүй. Гэхдээ эдгээр асуудлыг ярьж, шийдвэрлэснээрээ эцэстээ эерэг үр дүн авчрах чиглэл рүү явж байна гэж харж байгаа. Сүүлийн үед би их өөдрөг бодолтой болсон.
- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
ЯРИЛЦСАН Б.АМИРДАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.