
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж, “Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгнө, үүсээд буй асуудалтай холбоотойгоор үнэн мөнийг шалгуулна” хэмээн мэдэгдлээ. АН импичментийн асуудлыг хөндсөний маргааш ийм мэдэгдэл хийсэн нь цаг хугацааны хувьд анхаарал татаж байна. Тэрбээр, ажлаа өгөөд хэвлэлд дэлгэрэнгүй ярилцана гэдэг нь цаашид улс төрийн идэвхтэй оролцох боломжтойг харуулав.
Ерөнхийлөгч огцрох хүсэлттэй байгаа ч тийм амар огцрохгүй. Учир нь УИХ-ын чуулган Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ. Мөн үндсэн хуулиндаа дөрвөн сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлан явуулах ёстой. Харин энэ хугацаанд УИХ-ын дарга С.Бямбацогт ажлыг үргэлжлүүлэх учиртай.
Ийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр өндөр сэнтийгээс буухаар болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийг хүртэл энэ мэт олон албан тушаалаас өөрийн хүсэлтээр бууж байв. 2021 оны нэгдүгээр сарын 20-нд коронавируст халдвар авсан эхийг нярай хүүхдийнх нь хамт гэрийн нимгэн хувцас, углааштайгаар эмнэлэг хооронд шилжүүлсэн бичлэг олон нийтэд ил болсон. Үүний дараа Сүхбаатарын талбайд иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөж, маргааш нь буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-нд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон байдаг. Харин энэ явдлын дараагаар тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өндөр сэнтийд заларсан билээ. Тухайн үед коронавирус халдвар цар тахлын хэмжээнд хүрч улс орны эгзэгтэй үе байсан. Ийм хэцүү үед Ерөнхий сайд нь Засгаа орхиж явсан нь мэдээж буруу. Иймд гэнэт гарч ирсэн таавчигтай эмэгтэйн шуугианаар далимдуулан Засгаа орхиж, Ерөнхийлөгчийн сонгууль руу явсан зохион байгуулалттай явдал байсан гэж олон хүн харддаг.
Өнөөдөр тэр түүх давтагдаж байна. Ерөнхийлөгч ийн ажлаа өгч байгаа бол түүний дараагийн алхам улс төрийн карьераа үргэлжлүүлэх зорилт байх. Өөрөөр хэлбэл, Н.Учралын удирдаж буй Засгийн газар, МАН ч тэр хүндхэн байдалтай тулгарсан энэ үед У.Хүрэлсүх МАН-ын даргын дүрээр эргэн ирэх боломжтой. Ингэж улстөрийнхөө карьерийг уртасгах түүхийг давтаж буй нь энэ биз. Ардчилсан намын тавьсан импичментээр шившигтэйгээр огцорч байснаас ингээд шулуухан ажлаа өгч, шалгуулна гэсэн нь хувь улстөрчийн хувьд зөв нүүдэл.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.