
Х.Нямбаатар 110 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэй холбоотойгоор улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэр, мөнгөн дүн дурдсан мэдэгдлийг өчигдөр хийсэн. Түүний ярьсан мэдээллээс тооцож үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая, Я.Содбаатарт 22 сая, Б.Энхбаярт 10 сая орчим ам.доллар ногдсон гэж мэдээлсэн. Нэр дурдсан хүмүүсийн мөнгөн дүнг нийлүүлбэл ойролцоогоор 57 сая ам.доллар болно. Харин нийт 110 сая ам.долларын тал буюу 53 сая ам.долларын зарцуулалт, хүлээн авагчдын талаар мэдээллийг дурдаагүй.
Төмөр замын бүтээн байгуулалтын гэрээний нийт санхүүжилт 1.0056 тэрбум ам.доллар байжээ. Үүнээс 110 сая ам.долларыг урьдчилгаа төлбөр болгон нийт санхүүжилтийн 10.9 орчим хувьтай тэнцэх мөнгийг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлжээ.
Энэ асуудлын бас нэг чухал зангилаа нь тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, зөвлөмж болон төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нууцад авсан гэх асуудал юм.
Б.Энхбаярын дэлгэсэн баримтууд болон энэ талаар гарсан мэдээллүүдэд ҮАБЗ-ийн зөвлөмжийг нууцын зэрэглэлд оруулсан гэх. Харин тухайн үеийн улс төрийн удирдлага Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар байсан. Тухайлбал, төслийн материалыг нууцад авч, зөвшөөрөл олгоход тухайн үеийн эрх мэдэлтнүүд оролцож, үлдэгдэл 53 сая ам.долларыг хуваан авсан байх хардлага үүсэж байна. Угтаа улсын хэмжээний томоохон төсөлд төрийн нууцын халхавч ашигласан мэт.
Энэ хэрэг зөвхөн 110 сая ам.долларын асуудлаар хязгаарлагдахгүй бололтой. Монголын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг тойрсон улс төр, бизнесийн ашиг сонирхлын тогтолцоог бүхэлд нь сөхөх шаардлагатайг харуулав. Ердөө нэгхэн бүтээн байгуулалтад ийм хэмжээний мөнгөн дүн яригдаж байна. Бүр цаашилбал Монголын томоохон групп компаниуд энэ мэт төслийг 10 хувиар тохиролцон авдаг байх боломжтой аж.
110 сая ам.долларын талаас илүү хэсэг нь тайлбаргүй үлдсэн байхад зөвхөн нэр дурдагдсан хүмүүсийн хоорондын улс төрийн маргаанаар энэ хэргийг хааж болохгүй. Улс төр, бизнесийн томоохон групп компаниудын холилдсон сүлжээ Монголд нүүрэлсэн байх вий.
Н.АРИУН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.