Д.Сумъяабазар: Миний нэрийг улс төрийн явцуу тэмцэлдээ ашиглахаа зогсоо!
 

Д.Сумъяабазар: Миний нэрийг улс төрийн явцуу тэмцэлдээ ашиглахаа зогсоо!

Сүүлийн өдрүүдэд үүсээд буй улстөрийн маргаанд хэд хэдэн удаа нэр нь дурдагдаад байсан Хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд миний нэрийг барьж, улс төрийн элдэв хэрүүл, “нүүрсний хэрэг”-тэй холбон ярих явдал хэрээс хэтэрлээ.

Би та нарыг улс төрд хөл тавихад дэмжиж, боломжийн хэрээр тусалж явснаас гай болж, замд чинь саад болж явсан түүх үгүй. Ах хүний хувьд дэм болж явсан болохоос хэн нэгний буруу үйлдлийн хамсаатан болж явсангүй.

Өнөөдөр өөрсдийнхөө улс төрийн зөрчил, асуудлыг шийдэх гэж миний нэрийг барьж, нэр хүндийг минь сэвтээх гэж байгаа бол боль. Намайг дуугүй байлаа гээд хүссэнээрээ гүтгэж, улс төрийнхөө хэрүүлд хутгаж болно гэж бодож болохгүй.

Сайд байхдаа стратегийн том ордуудыг олон улсын бирж дээр гаргаж, хяналттай, олон улсын аудиттай болгох гэж зүтгэж явснаас биш наад заваан авилгын асуудалд чинь огт оролцож явсангүй. Харин ч тэр ажлыг зогсоосны гор нь одоо гарч, бүгдээрээ янз бүрийн нэр хоч, авилгын мөнгөн дүнтэй холбогдоод байгаагаа өөрсдөө сайн бодоорой!

Намайг дэмжиж байхад “ахаа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү.

Улс төрийн ажлаа улс төрийнхөө талбарт хий. Хэрэг, асуудал байгаа бол өөрсдөө хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа буугаад гадаад дотоодгүй өөрсдөө шалгуулах зүйлээ шалгуул! Ах зах, хүн чанар, ёс жудаг гэдэг албан тушаал дагаж өөрчлөгддөг зүйл биш шүү, дүү нар аа! Миний нэрийг улс төрийн явцуу тэмцэлдээ ашиглахаа зогсоо!

ТАНИЛЦ | 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүд
ТАНИЛЦ | 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүд
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.