Н.Учрал ДНБ-ий 36 хувьтай тэнцсэн төсвийг баталж, зарлага бууруулах амлалтаа биелүүлсэнгүй
 

Н.Учрал ДНБ-ий 36 хувьтай тэнцсэн төсвийг баталж, зарлага бууруулах амлалтаа биелүүлсэнгүй

Н.Учрал ДНБ-ий 36 хувьтай тэнцсэн төсвийг баталж, зарлага бууруулах амлалтаа биелүүлсэнгүй

Мөрийн хөтөлбөртөө улсын төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувьд хүргэхээр амласан МАН 2026, 2027 оны төсвөөр энэ зорилтоос улам холдлоо. 2026 онд төсвийн нийт зарлагыг ДНБ-ий 33.2 хувьтай тэнцэхээр тооцсон бол 2027 онд батлагдсан төсвийн зарлага 41.5 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 36 орчим хувьтай тэнцлээ.
2024 оны УИХ-ын сонгуулиар МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө танилцуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын хүрээнд төсвийн сахилга батыг сайжруулна хэмээн амласан.
Тус мөрийн хөтөлбөрийн 2.1.1-д “Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна” гэж яг таг тусгажээ. Энэхүү зорилт нь төсвийн зарлагыг эдийн засгийн багтаамжтай уялдуулж, төрийн зардлыг зохистой хэмжээнд барих, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын амлалт байв. Гэвч эрх баригч намын хэрэгжүүлж буй төсвийн бодлого уг амлалтаас тэс хөндлөн зүгт оршиж байгааг илтгэж байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 33.978 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 33.2 хувиар тооцсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын амласан 25 хувийн зорилтоос 8.2 нэгж хувиар өндөр үзүүлэлт гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй 2026 оны аравдугаар сард төсвийн тодотгол хийхдээ Засгийн газар нийт зарлагын 34.0 их наяд төгрөг байхаар тусгажээ. Тодотголын хүрээнд сайд нарын зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, төрийн байгууллагын зардлаас танасан гэсэн боловч дахин хуваарилах замаар бага зэрэг бууруулсан. Гэсэн хэдий ч мөрийн хөтөлбөрт заасан 25 хувьд дөхөж ч очоогүй.
Харин 2027 оны төсвийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцож, ДНБ-ийн 37.8 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн байв. УИХ хэлэлцүүлгийн явцад төсвийн зарлагыг ойролцоогоор 2.1 их наяд төгрөгөөр бууруулж, эцэст нь 41.5 их наяд төгрөгөөр баталсан. Гэвч энэ бууралт МАН-ын 25 хувийн амлалтад дахиад л хүрсэнгүй. Ингэснээр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан 25 хувийн зорилтоос 11 нэгж хувиар өндөр түвшинд төсөв батлагдлаа.
Төсөв тэлсэн ч иргэдийн амьдрал доройтсоор шатахуун, үнийн өсөлтөд иргэд нуруугаа авхуулж буй. Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга, эрх баригч намын Засгийн газрын тэргүүн Н.Учрал төсвийг улам тэлж, ирэх сонгууль угтах амлалт өгсөөр л байна. Сонгуулийн өмнө төсвийн зарлагыг бууруулна гэж амласан ч эрх барьсан хугацаандаа зарлагын хэмжээг 25 хувьд хүргэж чадсангүй.

Б.АМИ

Д.Сумъяабазар: “Дарга аа“ гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү
Д.Сумъяабазар: “Дарга аа“ гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.