Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацаа энэ онд дуусгавар болох билээ. Гэвч энэ долоо хоногт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж магадгүй талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амараас зарим зүйлийг тодрууллаа.
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин хойшлуулж магадгүй талаар яригдаж байгаа шүү дээ. Банкуудын холбооны зүгээс үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай төр засаг хэцүү боловч зөв бодлогыг хэрэгжүүлэхдээ хойрго, чадваргүй гэдгээ харуулж байна. Энэ бол гаргахад хэцүү шийдвэр. Тиймээс түр зуур аргацаасан байдлаар шийдэх гээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээл авсан 400 мянган иргэн буюу 106 мянга орчим айл өрх бий. Эрх баригчид зөвхөн эдгээр өрхийн шахалтаар л эргэн төлөлтийн хугацааг сунгах гэж байна. Гэтэл цаана нь энэ зээлийг авах гээд оочерлож байгаа 3 сая иргэн байна шүү дээ. Тэдний боломжийг хулгайлж байна л гэсэн үг. Ипотекийн зээл бол өмнөх зээлийн эргэн төлөлтөөр дараагийн хүнд зээл олгох байдлаар санхүүждэг. Гэвч сүүлийн 2 жилд энэ мөнгөн урсгал тасарчихлаа. Тэгсэн мөртлөө Монголбанкыг зээл гарга гэж маш их шахсан шүү дээ. Тиймээс Төв банкнаас мөнгө хэвлэж гаргахаас өөр аргагүй болсон. Гэтэл одоо хэвлэсэн мөнгө нь инфляц, валютын ханшинд дарамт үүсгэхээр болчихлоо. Тиймээс үүнийг хязгаарлахаас өөр арга байхгүй.
Хэрэв цаашид ипотекийн зээлийг 6 хувь хэвээр нь байлгаж, иргэдээ хямд зардлаар орон сууцжуулна гэвэл эргэн төлөлтийг эхлүүлэхээс өөр арга байхгүй. Ингэхгүйгээр энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ гэдэг боломжгүй. Монгол Улсын валютын нөөц бага, инфляц маш их өсөлттэй байна. Уг нь бодлогын хүүг 12 хувь болгоод зах зээлээс мөнгө татах гэж оролдоод байдаг. Гэтэл нөгөө талаар зээлийн эргэн төлөлтийг хумих боломж олгохгүй бол энэ нь өөрөө эдийн засгийн хувьд маш хор уршигтай.
-Одоо арилжааны банкууд ипотекийн зээл олгож байгаа юу?
-Ипотекийн зээл нь өөрөө хоёр хэлбэрээр олгогдож байгаа. Тодруулбал, хөтөлбөрийн буюу 8, 6 хувийн зээл гэж бий. Энэ төрлийн зээлийн тухайд нэлээд хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа. Харин хоёр дахь нь энгийн үүсвэртэй буюу арилжааны банкуудын өөрсдийн эх үүсвэрээс олгодог зээл байдаг. Энэ зээл хэвийн олгогдоод явж байна.
-Хэрэв эргэн төлөлтийн хугацааг сунгавал банкуудад ямар эрсдэл бий болох вэ?
-Сүүлийн 4,5 жилийн хугацаанд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг арилжааны банкууд гаргаж байсан. Сая 80 хувь болголоо. Гэхдээ үүнээс хойш бодлогын хүүг дахин 10-12 хувь болгож нэмэгдүүлсэн байдаг. Тиймээс 80:20 харьцаатайгаар санхүүжүүлсэн ч гэсэн цаашид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэцүү болоод байна.
Макро эдийн засгийн асуудал нэлээд хүнд байна. Төлбөрийн тэнцлийн хувьд ч гэсэн нэлээд дарамттай, валютын нөөц хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа. Мөн манай улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан импортын барааны инфляц их байна. Ер нь дэлхий дахинд инфляц хоёр оронтой тоонд орчихсон байгаа. Үүнд хил гаалийн хязгаарлалт мөн нөлөөлж байна. Энэ нөхцөл байдалд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Бодлогын хүүг нэмж байгаа нь зах зээлд нийлүүлэгдсэн байгаа мөнгөний хэмжээг бууруул гэдэг дохио. Тэгэхээр банкуудын зүгээс энэ дохионы дагуу л ажиллаж байна.
-Монголын ипотекийн корпорацын хувьд мөн эрсдэл үүсэх үү?
-Дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг Монголын ипотекийн корпорац зээлийн хүсэлтүүдийг шалгуур хангаж байгаа эсэхийг хариуцаж ажилладаг. Улмаар үнэт цаасжуулах ажлыг хийдэг. Гэсэн ч үүнд нэлээд дарамт үүсэж байна. Мөн банкууд дээр ч гэсэн тодорхой хэмжээнд дарамт бий болж байгаа.
Уг нь хөтөлбөрийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа ажил. Тиймээс цаашид ч гэсэн ипотекийн зээлийг олгох ёстой. Ингэхдээ аль болох сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдэж буй ногоон байшингийн төсөл юм уу, түгжрэлийг бууруулж Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжиж буй иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг санхүүжүүлмээр байна. Энэ мэт нийгмийн шинж чанартай хөтөлбөр учраас илүү зорилтот бүлэг рүү нь чиглүүлэх ажлыг хийх хэрэгтэй.
Саяхан нэлээд боломжтой болж ирсэн. Бодлогын хүү 6 хувь, макро эдийн засаг тогтвортой байлаа. Гэтэл одоо бодлогын хүү 12 хувь болчихсон, бүр ипотекийн 6 хувийн хүүг төсвөөс санхүүжүүлж улам бууруулна гэж ярьж байна.
Өрхүүдийн дийлэнх хэсэг нь ипотекийн зээлийг авчихсан учир үүн дээр тоглолт хийх, попрох хүсэл сонирхол улс төрчдөд байх шиг байна. Сүүлийн 3,4 жил маш их попорлоо шүү дээ. Арай гайгүй үйл ажиллагаа нь жигдрээд явж байгаа ажил руу улс төрчид ороод эхлэхээр л цаашид хэвийн үргэлжлэх нөхцөлгүй болж байна. Үүний оронд улс төрийн оролцоог багасгаж, зах зээлийн зарчим руу нь ойртуулах хэрэгтэй.
-Баярлалаа.