
Нийгэмд ид шуугиан болж буй “Бодь” групптэй холбоотой төмөр замын санхүүжилт хэрхэн боссон талаар хуулийн байгууллага огт амаа хөдөлгөсөнгүй. Уг нь хамгийн түрүүнд олон нийтэд мэдээлэл хийж, холбогдох этгээдүүдээс тайлбар мэдүүлэг авах ёстой газар. Гэтэл “Бодь” групп Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, түүнтэй холбоотой санхүүжилтын схемийг дэлгэсэн Х.Нямбаатарын мэдэгдлийн дараа хуулийн байгууллага өдий хүртэл таг чиг байна.
Хуулийнхан хамгийн түрүүнд уг төмөр замын бүтээн байгуулалтыг “Бодь” групп Эрдэнэс Тавантолгой компанитай байгуулахдаа ямар учраас шууд гэрээ буюу Төрийн нууцад оруулж, Тагнуулын Ерөнхий газраас баталгааны гэрчилгээ зэргийг гаргуулж ажил гүйцэтгэсэн тухай олж тогтоох шаардлагатай. Үүний дараа, уг бүтээн байгуулалт ямар замаар 1 тэрбум 600 сая ам.долларын төсөвт өртөгтэй болсон талаар ч шалгах нь зүй. Уг нь гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр 400 сая ам.доллараар уг төслийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн ч төсөвт өртөг анхны гэрээний үеийнхээс хэд дахин нэмэгдсэн явдал юм.
Улстөрчдийг авилгадаж, хахууль өгөх гэмт хэргийн замаар нөлөөлсөн үү?
Х.Нямбаатарын хэлснээр “Бодь” группийн тухайн үеийн захирал А.Амундра нь уг төмөр замын ажлыг бүтээхийн тулд нэр бүхий сауны гараажид хоёр автомашинаар цүнх дүүрэн мөнгө зөөж, тодорхой улстөрчдийг авилгадсан гэж мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалд нэр холбогдсон төрийн өндөр алба хаагчдыг дуудаж, тодруулга мэдээлэл авах сураг үгүй хэвээрээ л байна.
Нүүрс урьдчилан борлуулах оффтейк гэрээ байгуулж татвар төлөгчдийн мөнгийг угаасан эсэх?
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ зурагдсаны дараа “Эрдэнэс Тавантолгой” компаниас “Бодь Интернэшнл”-д 286 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 110 сая ам.долларын урьдчилгаа төлбөр шилжүүлжээ.
Мөн нүүрс худалдан авагч БНХАУ-ын компаниудаас урьдчилгаа төлбөр татан төвлөрүүлсэн санхүүжилтийн урсгалын талаар хотын экс дарга “шүгэл үлээсэн” юм. Энэ мэтчилэн асуудлуудаар дүүрэн Х.Нямбаатарын лайв өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийг уйдаасангүй. Тэрээр цаашид ч улс төрд өрнөсөн бохир авилга, хээл хахуулийн асуудлаар өөрийн мэдэж буй бүхнээр баримттай лайв хийхээ зарлаад байгаа.
Тэгвэл хуулийн байгууллага буюу Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар гэх газрууд яагаад өдий хүртэл чимээгүй байна вэ? Татвар төлөгчдийн мөнгөөр маш их хэмжээний авилгын схем босгосон гэх уг асуудалд эцэслэж, мухарлах олон зүйл байгаа нь харагддаг. Гэхдээ энгийн иргэний үзэл бодлоор бус, сэтгүүлчийн таамаг эрэн сурвалжлах чиглэлээр ч бус гагцхүү хууль хяналтын байгууллагын хөдлөшгүй мөрдөн шалгалт, хуулийн дагуу хийгдэх нарийн ажиллагаа дутагдаж байна. Сөрөг хүчин болон хуулийн байгууллага амьд уу?
Т.Батсугар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.