СУДАЛГАА: Иргэд ӨӨРЧЛӨЛТИЙГ хүсэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Иргэд ӨӨРЧЛӨЛТИЙГ хүсэж байна

/2022.12.14/ Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлах, шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал 11 дэх хоногтоо үргэлжилж байна. Тэдний жагсаал энэ сарын 4-ний өдөр эхэлсэн билээ.

Тэгвэл "МЕК" ХХК-иас энэхүү жагсаалтай холбоотойгоор Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс түүврийн аргачлалаар судалгаа авчээ. Энэхүү "Засаглалын хямрал: Парламент иргэдийг төлөөлөх чадвар алдагдсан байдал" нэртэй судалгааны үр дүнг та бүхэнд хүргэе.

Судалгаанд оролцсон хүмүүсээс талбай дээр болж буй жагсаалтай холбоотойгоор байр суурийг нь тодруулахад 65 хувь нь "Бүрэн дэмжиж байна" гэдгээ илэрхийлжээ. Харин үлдсэн хувь нь "Дэмжиж байна, дэмжихгүй, үнэлж байна" зэрэг хариултыг өгсөн байна.

Үүний дараагаар УИХ-д сонгогдсон гишүүд сонгогч буюу иргэдийг бүрэн төлөөлж чадаж буй эсэхийг асуухад 38 хувь нь "Төлөөлж чадахгүй байна" гэж хариулжээ.

УИХ-ын гишүүд бол бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, судлан шийдвэрлэх үүрэгтэй. Нэг ёсондоо иргэд, улс орны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж тэдний дуу хоолой болох үүрэг бүхий хүмүүс юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нүүрсний хулгайтай тэмцэж буй ажлын талаар судалгаанд оролцсон иргэдийн 52 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин түүний хийж буй ажил хэр үр дүнтэй байгааг лавлахад 30 хувь нь л үр дүнтэй байгаа гэсэн хариултыг өгчээ.

Үзэл бодлоо илэрхийлж буй зарим иргэдийн хувьд Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байгаа билээ. Учир нь нүүрсний хулгайн хэргийг өнөөдрийн түвшинд хүргэсэн нь Засгийн газар ажлаа хийж чадаагүйн илрэл хэмээн ард иргэд дүгнэж байгаа юм. Судалгаанд оролцсон иргэдээс энэ талаар асуухад,

  • Огцруулахыг бүрэн дэмжиж байна- 8 хувь
  • Огцруулахыг дэмжиж байна- 15 хувь
  • Огцруулахыг дэмжихгүй- 23 хувь
  • Огцруулахыг огт дэмжихгүй- 29 хувь
  • Үнэлж мэдэхгүй- 25 хувь гэсэн үр дүн гарчээ. Үүнээс үзэхэд иргэд Засгийн газрыг огцруулах тал дээр эсрэг байр суурьтай байгааг харж болохоор байгаа юм. Харин үүний оронд нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг жагсагчид шаардаж байгаа билээ.

"Нүүрсний хулгай" гэх тодотголтой энэхүү хэрэг олон нийтийн анхаарлын төвд орсноос хойш нэр бүхий УИХ-ын гишүүд болон Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулийг наашлуулах талаар ам нээж эхэлсэн билээ. Тухайлбал, Ерөнхий сайдын хувьд иргэдийн зүгээс одоо байгаа парламентыг хангалттай хэмжээнд ажиллахгүй байна гэж үзвэл сонгуулийг наашлуулахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэгвэл судалгаанд оролцогсдоос энэ талаар асуухад 45 хувь нь "Сонгууль хийх шаардлагатай" гэдэг хариултыг өгчээ.

Украины нийслэлд гурван удаа дэлбэрэлт боллоо
Украины нийслэлд гурван удаа дэлбэрэлт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.