
Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо 2026 оны арван нэгдүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн ХҮН нам болон Сөүлийн Ардчилсан нам хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Т.Отгонбаатар, Сөүлийн Ардчилсан намын дарга Ким Ён-Бэ нар гарын үсэг зурсан бөгөөд хоёр нам цаашид харилцан туршлага солилцож, олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Хамтын ажиллагааны хүрээнд ардчиллын үнэт зүйл, зарчмыг бэхжүүлэх, Сөүл хотын хот төлөвлөлт, хөгжлийн сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, намын залуу үеийн манлайлагчдыг харилцан солилцож, улс төрийн оролцоо, манлайллыг дэмжих, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд онцгойлон анхаарч ажиллана.
Санамж бичиг байгуулах ёслолд Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Т.Отгонбаатар, дэд дарга Ц.Энхбат, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга Д.Батсайхан, Хан-Уул дүүргийн намын хорооны дарга Ц.Цолмон, Налайх дүүргийн намын хорооны дарга Г.Ананд, Хариуцлагын ерөнхий хорооны гишүүн С.Бямбаасүрэн, нарийн бичиг Х.Нандин-Эрдэнэ нар оролцлоо.
Мөн Сөүлийн Ардчилсан намын дарга Ким Ён-Бэ, Сөүл хотын Иргэдийн хурлын дарга Им Ман-Гюн, тус намын залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн бүлэг, олон соёлт гэр бүлийн төлөөлөл болон дүүргүүдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр намын харилцааг шинэ шатанд гаргахаас гадна Сөүл хотын хөгжлийн дэвшилтэт туршлагыг Улаанбаатар хотын хөгжилд нутагшуулах, нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодит хамтын ажиллагааны эхлэл болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.