
ОХУ, Украин болон АНУ-ын төлөөлөгчид дайн дуусгах асуудлаар хоёрдугаар сараас хойш анх удаа гурван талт хэлэлцээ хийхээр болжээ. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод арваннэгдүгээр сарын 10-наас эхлэх хоёр өдрийн хэлэлцээний гол сэдэв нь дайны дараах аюулгүй байдлын баталгаа байх юм.
Дэлхийн II дайнаас хойших Европын хамгийн их хохирол дагуулсан зөрчил мөргөлдөөн тав дахь жилдээ үргэлжилж байна.
Өнгөрсөн сард АНУ-ын тэргүүн хатагтай Мелина Трампын дэмжлэгтэйгээр Украины өмнөд хэсэгт орших ОХУ-ын эзэлсэн Олешки хотын орчимд долоо хоногийн хугацаатай орон нутгийн гал зогсоох тохиролцоо байгуулсан. Үүний үр дүнд зарим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж бүрджээ.
Гэвч энэ тохиролцоог эерэг жишээ хэмээн хоёр тал сайшаасан ч фронтын 1,200 км орчим урт шугам дагуу ширүүн тулаан үргэлжилж, талууд алсын тусгалтай дрон болон пуужингийн довтолгоогоо нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн цохилтоо эрчимжүүлжээ. Москва баллистик пуужин болон шинэ төрлийн, тийрэлтэт хөдөлгүүртэй дрон ашиглан Украины агаарын хамгаалалтад дарамт учруулж байгаа бөгөөд Киевийн талд АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” пуужин эсэргүүцэх системийн нөөц хүрэлцэхгүй байгаа аж.
ОХУ, Украины шаардлагууд эрс зөрүүтэй хэвээр байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины армиас Москвагийн 2022 онд өөртөө нэгтгэсэн боловч бүрэн хяналтаа тогтоож чадаагүй дөрвөн бүс нутгаас цэргээ гаргахыг шаардаж байгаа юм.
Мөн Украин НАТО-д элсэх зорилгоосоо татгалзах, зэвсэгт хүчнийхээ хүчин чадалд хатуу хязгаарлалт тогтоох, орос хэл болон Москвагийн нөлөө бүхий үнэн алдартны шашны байгууллагад тавьсан хязгаарлалтыг цуцлах ёстой гэж үзэж байна.
Путин эдгээр нөхцөлийг багтаасан иж бүрэн энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа бөгөөд зөвхөн гал зогсоох ерөнхий тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар түр гал зогсоох нь Украины армид амсхийж, зэвсгийн нөөцөө нөхөн бүрдүүлэх боломж олгоно.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийй Оросын армийн тулааны талбарт эзэлж чадаагүй газар нутгийг сайн дураар шилжүүлэх, Украины зэвсэгт хүчнийг хязгаарлах шаардлагыг няцааж байна.
Киевийн байр сууринаас үзвэл, ОХУ дахин довтлохоос сэргийлэх бодит баталгаа нь барууны орнуудтай байгуулах аюулгүй байдлын тогтвортой зохицуулалт юм. Украин эхлээд нэн даруй гал зогсоож, дараа нь өргөн хүрээний энхийн хэлэлцээрт хүрэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд газар нутгийн асуудлыг шийдэх цорын ганц зам нь Путин, Зеленский нарын шууд уулзалт хэмээн мэдэгджээ.
Аюулгүй байдлын баталгаа хэлэлцээний гол сэдэв болно
Орос, Украины талууд хэлэлцээний үеэр аюулгүй байдлын баталгаанд гол анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн байна.
Зеленскийй Украины аюулгүй байдлын баталгааг НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлтэй төстэй байлгах асуудлыг холбоотнуудтайгаа хэлэлцэж байгаагаа онцолжээ. НАТО-гийн тавдугаар зүйлд гишүүн орнуудын аль нэгнийх нь эсрэг хийсэн зэвсэгт халдлагыг бүх гишүүний эсрэг хийсэн халдлага гэж үзэх зарчим туссан байдаг.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 5-нд өгсөн ярилцлагадаа “Орос дахин довтолбол юу болох вэ? Хэн, ямар арга хэрэгслээр, хэзээ хариу арга хэмжээ авах вэ?” гэсэн асуултад тодорхой хариулт хэрэгтэйг онцолсон байна.
Европын зарим улс энхийн гэрээ байгуулагдсан тохиолдолд Украинд цэрэг байрлуулах боломжийг хэлэлцэж байгаа ч ОХУ үүнийг эрс эсэргүүцэж байна. Москва Украины нутаг дэвсгэрт байрласан Европын цэргүүдийг хууль ёсны бай гэж үзнэ гэдгээ анхааруулжээ.
Нөгөө талаас Кремль энхийн гэрээ нь ОХУ-ын аюулгүй байдлын баталгааг мөн тусгах ёстой гэж үзэж байна. Москва 2022 онд Украины эсрэг өргөн хэмжээний довтолгоо эхлүүлэхээс өмнө НАТО-гийн зүүн болон төв Европ дахь цэргийн байрлалыг бууруулахыг шаардсан. Ийм шаардлагууд энхийн гэрээний хүрээнд дахин тавигдах магадлалтай байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт CBS телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Москва, Киев хоёр тохиролцоонд хүрэхэд “маш ойрхон” байгаа гэж мэдэгдсэн ч Украины газар нутгийн байдал өөрчлөгдөнө гэдгийг дурджээ.
Мөн арваннэгдүгээр сарын 4-нд Кремлийн төлөөлөгч Кирилл Дмитриевтэй Цагаан ордонд уулзсаныхаа дараа Европын аюулгүй байдлыг хамарсан томоохон тохиролцоо боловсруулагдаж буйг хэлсэн байна. Түүний хэлснээр уг хэлэлцээр зөвхөн Украины асуудлаар хязгаарлагдахгүй, Европын бусад улсыг ч хамарч магадгүй аж.
Украин Европыг хэлэлцээний ширээнд суулгахыг хүсэж байгаа ч ОХУ эсэргүүцэв
Украин Европын холбоотнуудыг энхийн хэлэлцээнд заавал оролцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол ОХУ одоогийн шатанд Европын орнуудыг оролцуулахыг эсэргүүцэж байна.
Кремлийн Гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков “Тэднийг хэлэлцээний ширээнд хэн ч урихгүй” хэмээн мэдэгджээ.
Украины хэлэлцээний багийн ахлагч Рустем Умеров Абу Даби хотод Европын төлөөлөгчидтэй тусад нь уулзана гэж мэдэгдсэн байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Европын орнууд илүү өргөн хүрээний хэлэлцээнд оролцох шаардлагатай ч энэ нь хожмын шатанд хэрэгжинэ гэж тайлбарлажээ. Түүний үзэж байгаагаар Европын ирээдүйн аюулгүй байдлын бүтэц болон Орос, Украины харилцан аюулгүй байдлыг хэлэлцэхэд Европын оролцоо зайлшгүй хэрэгтэй.
Арваннэгдүгээр сарын 4-нд Зеленскийй АНУ-ын хэлэлцээний төлөөлөгч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нартай ярилцсан бөгөөд дайныг аль болох хурдан дуусгахын тулд хэлэлцээг эрчимжүүлэх ёстой гэж мэдэгджээ.
Кушнер даваа гарагт X хуудсандаа Уиткоффын хамт Украин, Европын холбоо, НАТО, Герман, Франц, Их Британи, Италийн төлөөлөгчидтэй гурван талт хэлэлцээний өмнө уулзана гэж бичсэн байна.
Тэрбээр дайны дараах аюулгүй байдал, эдийн засгийн сэргээн босголт болон ирээдүйд зөрчил мөргөлдөөн дахин гарахаас сэргийлэх механизмыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа дурджээ.
Хэлэлцээний багууд туршлагатай төлөөлөгчдөөс бүрджээ
ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Путиний зөвлөх Владимир Мединский ахална. Тэрбээр 2022 оны гуравдугаар сард Истанбул хотод болсон Орос, Украины шууд хэлэлцээ болон дараагийн уулзалтуудад Москвагийн төлөөлөгчдийг тэргүүлж байсан юм.
Мединский өмнө нь Соёлын сайдаар ажиллаж байсан бөгөөд Оросын эсрэг өрнөдийн улс орнуудын явуулж ирсэн гэх хуйвалдааны тухай ном бичиж байжээ. Түүнийг хатуу байр суурьтай, хурц мэдэгдэл хийдгээр нь мэддэг.
ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Михаил Галузин, цэргийн тагнуулын газрын дарга Игорь Костюков болон Жанжин штабын шуурхай удирдлагын газрын орлогч дарга Юрий Жигарловский нар багтжээ.
Украины төлөөлөгчдийг тус улсын Гадаад тагнуулын албаны дарга Рустем Умеров ахална. Мөн Ерөнхийлөгч Зеленскиййн Тамгын газрын дарга Кирилл Буданов, түүний орлогч Сергий Кислица болон парламент дахь “Ард түмний үйлчлэгч” намын бүлгийн дарга Давид Арахамия нар багтах төлөвтэй байна.
Эх сурвалж: Associated Press.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.