Ерөнхий сайд Н.Учралын анхны сорилт
 

Ерөнхий сайд Н.Учралын анхны сорилт

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ард иргэдийн амьдрал хүнд байгаа учраас Оюутолгойн 3 их наядыг бэлнээр тараах саналтай байна” гэж Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрыг урдаа суулгаж байгаад камерын өмнө орон даяар мэдэгдэв. Ингээд Ерөнхийлөгч, Засгийн газрын институцийн хоёр өөр байр суурь өнөөдөр олон нийтийн дунд хүлээлт үүсгэж орхив. Угтаа бол Ерөнхий сайд шийдвэрээ хамгаалж, Ерөнхийлөгч саналаа баталгаажуулах хүсэлтэй байгаа мэт харагдуулах улс төрийн энэ уур амьсгал ажлаа аваад хэдхэн сар болж буй Ерөнхий сайд Н.Учралын анхны сорилт болж мэдэх нь ээ.

Учир нь, Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газар, УИХ-ын шийдвэр, үйл ажиллагаанд хориг тавьж, эсэргүүцсэн тохиолдол Н.Учрал, С.Бямбацогт нар “Аюулгүй байдлын зөвлөл”-д суух болсноос хойш нэг ч гараагүй. Харин Оюутолгойн ногдол ашиг 17 жилийн дараа ард түмний гар дээр ирэх эсэх чухал шийдвэрийн өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хоёр бүтэц бараг л анх удаа өөр байр суурьтай байна. “Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талх 10 мянган төгрөгт хүрнэ” гэж хэлсэн Ерөнхий сайд Н.Учрал өчигдрийн Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа байр сууриа өөрчилбөл түүнийг улс төрд сул дорой, дэфакто засаглал нь Ерөнхийлөгчийн институциэс шууд хараат юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөх нь мэдээж. Ямартаа ч өнөөдрийн шинэ мэдээллээр Сангийн сайд З.Мэндсайхан “Манай Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй” гэсэн утгатай ярилцлага өгчээ. Эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргаж, Засгийн газар хэрэгжүүлнэ. Ядаж Оюутолгой гэх сэдэв үеийн үед л улс төрд халуухан өрнөлтэй байдаг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг үнэхээр жинхнээсээ санал зөрөлдөхөд хүргэх үү эсвэл зүгээр л цаг үеийн шийдвэр болж Ерөнхийлөгчийн санал буцаагдах уу гэдэг нь бас л нэг сонирхолтой асуулт юм.

Хоёр институцийн холын зовлон

Олон нийт мэдээж Оюутолгойн ногдол ашгаа бүтнээр нь авахыг хүснэ. Талх 10 мянган төгрөг хүрнэ үү, инфляци хорин хэдэн хувь давна уу хамаагүй. Ард түмний хүсэл бол үүрд ард түмний л хүсэл байдаг. Төр, засгийн хулгай, авилга, засаглалын олон жилийн бүтэлгүйтэлд үл итгэж, нуруугаа авахуулсан олон нийт “Оюутолгойн ашгийг тэртэй тэргүй дээгүүрээ хувааж идэхээс хойш ядаж гар дээрээ аваад зээлээ төлөхөд нэмэрлэнэ” гэсэн хатуу байр суурьтай. Энэ нь ч буруу биш. Олон нийт дандаа л төрийг бэлэн мөнгөний АТМ гэж хардаг, аль ч нийгэмд.

Оюутолгойн сэдвээс багахан хазайхад ер нь Ерөнхийлөгч, Засгийн газар гэх хоёр институци бодлогын хувьд, мөрийн хөтөлбөр, төсөв энэ тэр нь давхардаад, заримдаа пиар, популизмын ил цагаан тулалдаанд ороод байдаг жишээ дандаа давтагддаг зовлон бий. Хамгийн гол нь ард түмэнд таалагдах хүсэлтэй улсын Нэгдүгээр дипломатын хувьд урд, хойдохоо яаая гэж толгой гашилган улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн олон асуудлаар дүүрэн хэдэн мянган цаасанд дарагдаж суугаа Засгийн газартайгаа барьцаад байдаг нь энэ удаад ч давхацлаа.

Ерөнхий сайд, Засгийн газар олон нийтэд таалагдахгүйгээр одоогийн эдийн засаг, нийгмээ бодсон шийдвэр гаргах гэж байна хэмээн баргар царайлан тайлбарлаж дуусаагүй байхад араас нь Ерөнхийлөгч үсэрч гарч ирээд “Ард түмэн зовж байна мөнгө тараая” гэдэг бол шууд утгаараа хорлон сүйтгэл. Засгийн газар нь ахуй амьдрал, олон нийтийн санаа бодолд нийцүүлэн ажиллах гэж зовж байхад бараг ямар ч шийдвэр гаргалтанд тодорхой үр дүнтэй оролцдоггүй Ерөнхийлөгчийн институци шууд утгаараа ийм байр суурьтай байх нь хэр зөв бэ.

Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг эс тооцвол төрснөөс ялгаагүй явсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил анхандаа тун дажгүй хослол мэт байснаа яваандаа улс төрийн шийдвэрүүдээс болж эвлэрэх зайгүй болтлоо хагаралдсан түүх саяхан. Өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудад ч ийм жишээ бий. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ж.Эрдэнэбат гээд өөр хоорондоо улс төрийн шийдвэр, хууль хүчний байгууллагын томилгооноос эхлээд олон түмэнд таалагдах хүслээс үүдсэн зөрчил, гомдлууд дандаа эдгээр хоёр бүтцээс илүү ноцтой, хортой харагддагийг саяхны 20 жилийн улс төр тодорхой харуулсан түүхтэй.

Т.Бат

Ерөнхийлөгчийн эргүүлсэн салхинд Н.Учрал өртөв
Ерөнхийлөгчийн эргүүлсэн салхинд Н.Учрал өртөв
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.