
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд болон Сангийн сайд нарыг дуудан Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд хуваарилах нь зөв гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудалд өөрийн санал бодлыг илэрхийлэх эрхтэй. Харин үүнийг хүлээн авах эсэх нь Ерөнхий сайдын асуудал.
Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй. Гэхдээ бүх асуудлаар биш, зөвхөн өөрийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудлаар чиглэл өгнө. Ингэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, уг төсөлдөө Засгийн газраас санал авч, дэмжсэн тохиолдолд гаргана. Мөн уг зарлигийн төсөлд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар уг зарлиг хүчин төгөлдөр болно. Гэвч Ерөнхийлөгч төсөв болон эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд нөлөөлөх эрхгүй бөгөөд уг эрх зөвхөн Засгийн газарт бий.
Ерөнхийлөгч ногдол ашгийг бэлнээр тараах талаар зарлиг гаргасан бол өөр хэрэг. Гэтэл ердөө санал хэлэх төдий байгаа нь талхны үнэ 10 мянган төгрөгт хүрэх эрсдэлтэй болохыг гадарлаж буйнх. Гэхдээ түүнд зөвхөн салхи эргүүлэх попролт хэрэгтэй. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж нэг үг бий. Тиймээс иргэд ч түүний энэхүү саналыг нэг сайн бодох учиртай.
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, батлуулах шаардлагатай болно. Харин УИХ-ын гишүүд эхнээсээ Ерөнхий сайдаа зангараг зааж, том байхыг шаардаж эхлээд байгаа бөгөөд уг хуулийг батлах эсэх нь УИХ-ын гишүүдийн гарт орж байгаа хэрэг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэд орлогоо нотлохыг, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй хауснууддаа баттай тайлбар хэлэхийг шаардсан. Цаг агаар ширүүсэх магадлалтай болсон учир мань эр салхийг өөр чигт эргүүлэхийг санаархсан нь яг одоо "топ" сэдэв болоод буй ногдол ашиг аж. Үүн дээр нэг сайн "попорч" авах нь түүний гол зорилго. Харин Ерөнхийлөгчийн энэхүү саналд бүдрэх эсэх нь Н.Учралын шийдвэрээс бүрэн хамаарна. Уг нь түүнд уг саналыг хүлээж авахгүй байх бүрэн эрх нь бий. Гэтэл зэргэлдээ суусан Сангийн сайд З.Мэндсайхан нь "Ерөнхийлөгч чиглэл өгсөн тул хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй" хэмээн гүйж явна.
Н.Учрал төдийгүй З.Мэндсайхан нар хэдхэн хоногийн өмнө "Ногдол ашгийг бэлнээр тараах ямар ч хууль эрх зүйн боломж байхгүй. Бэлнээр тараасан тохиолдолд талх 10 мянган төгрөг" болно хэмээн зандрах шахам хэлж байв. Гэтэл одоо толгой гудайлган уг саналыг нь үг дуугүй зөвшөөрч суух...
Бид модныхоо мөчир дээр нь суучхаад үндсээ хөрөөдөөд байж болохгүй. Мөн “Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нь өөрөө компани нь ашиггүй ажиллаж байгаа тул ногдол ашиг өгөх эсэх нь ч тодорхойгүй байгаа талаар дурдсан байх атал Ерөнхийлөгч нь хүртэл энэхүү асуудалд орж ирэн иргэдийн санаа бодлыг өөрчлөхийг зорьж байгаа нь тун ч ичгэвтэр явдал. Тиймээс Б.Жаргалан гишүүний үгийг дахин сануулъя, "том бай Учрал аа!"...
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.