ААН-ийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах хуулийн төслийг өргөн барилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ААН-ийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах хуулийн төслийг өргөн барилаа

/2022.12.14/: Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн нэр бүхий 12 гишүүний хамт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өчигдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Үндэсний Статистикийн газрын мэдээлснээр Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хзмжээ 120.00 ам.доллар байгаа нь олон улсын дунджаас 3.5 дахин бага. Сүүлийн хоёр жил үргэлжипсэн цар тахлын улмаас бараа материалын хомсдлоос шалтгаалсан үнийн өсөлт үргэлжилсээр байна. Энэ нь нийгмийн дундаж давхрага, аж ахуйн нэгжүүдэд улам их дарамт үзүүлэхээр байна. Иймд хувийн хэвшлийн байгууллагуудад цалингаа өсгөх шаардлага тавих бус боломж бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзэн энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.

Тэрбээр хуульд нэмэлт оруулснаар аж ахуйн нэгж байгууллагыг цалин нэмэгдүүлсэн хувиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөвчлөх, чөлөөлөх боломж бүрдэнэ гэж үзжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд цалингаа нэмэгдүүлэх сэдэл бий болж, энэ нь эргээд ажилтан, иргэдийн орлогод бодитой дэмжлэг үзүүлнэ гэв.

Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Монгол Улсын Их Хурлаас баталсан "Шинэ Сэргэлтийн бодлого батлах тухай' тогтоолын нэгдүгээр хавсралтын 6.4.-д “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна.” гэж, уг баримт бичгийн хоёрдугаар хавсралтын 6.4.5.-д “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбар дангаараа эрхлэх боломжгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэр нь улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх" гэж заасан.

Гэвч эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын дэргэд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг олноор үүсгэн байгуулах явдал хавтгайрлаа. Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тоо 2013 онд 4,532 байсан бол 2021 онд 5,407 болж өссөн.

Тодруулбал, 2013 оны байдлаар ТӨҮГ, ОНӨҮГ-ийн тоо 261 байсан бол 2021 онд 406 болж, төсвийн байгууллага 3,929 байсан нь 4,789 болсон байна.

Ингэж хувийн хэвшлийн гүйцэтгэх бүрэн боломжтой ажил, үйлчилгээг явуулахаар төрийн зүгээс аж ахуйн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг үүсгэн байгуулж буй нь өөртөө илт давуу байдлыг бий болгон дангаар гүйцэтгэх, өрсөлдөөний тэгш байдлыг үүсгэх зүй бус үр дагавруудтай. Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын дийлэнх олонх нь алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ нь эргээд улсын төсөвт дарамт үзүүлж байна. Эдгээр үндэслэл, шаардлагын улмаас аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай тогтоолын төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагч танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах явдал хумигдана гэж үзжээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;” гэж нарийвчлан зааж өгсөн. Улмаар 1994 онд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаас баталсан. Мөн 2005 онд уг хуульд өөрчлөлт оруулж, жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байсныг мэдэгдэл болгон өөрчилсөн боловч өнөөг хүртэл хуулийн хэрэглээнд мэдэгдэл бус зөвшөөрөл утгаар ойлгогдсоор ирсэн. Хүний эрхий түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан. Иймд иргэдээ Үндсэн хуулиар баталгаажуулан өгсөн эрхийг нь уг хуулиар улам ойртуулан өгөх шаадлага үүсэж байна гэж хууль санаачлагч танилцуулав.

Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар жагсаал, цуглаан зохион байгуулахдаа зөвшөөрөл авах бус мэдэгддэг болгож, мэдэгдснээр тухайн арга хэмжээг эхлүүлэх бололмжийг бүрдүүлж өгснөөр иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар зааж өгсөн эрхийг баталгаажуулж өгнө. Мөн технологийн олон, цахим хэрэглээний өсөлттэй холбоотойгоор тодорхой шийдвэрийг хэлэлцэх үед эсэргүүцэл, түүнийг даган бий болдог аяндаа үүссэн цуглааныг хуульчлан зааснаар Үндсэн хуульд зааж өгсөн дээрх эрхийн баталгааг хангаж өгнө гэж үзжээ.

Эх сурвалж: УИХ

Аргентин Хорватыг 3-0 харьцаатайгаар буулган авлаа
Аргентин Хорватыг 3-0 харьцаатайгаар буулган авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.