/2022.11.25/ Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас ирэх сарын сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах талаар танилцуулжээ.
Үүнтэй холбоотойгоор Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт албан бичиг хүргүүлсэн байна.
Тодруулбал, цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаа тул дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.
Үүнд:
1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
3. Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ талаарх ажлын биелэлт, үр дүнгийн мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар тусгажээ.